sonin.mn

БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 12 /DW/. Д.Трамп, В.Путин нарын уулзалт Аляскт болох гэж буй энэ үед Европын Холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар болон Украины Гадаад харилцааны сайд А.Сибига даваа гарагт болсон Украины асуудлаарх цахим бага хуралд оролцжээ.


“Оросын тал нөхцөл болзолгүйгээр бүрэн гал зогсоохыг зөвшөөрөхгүй байгаа учраас бид ямар нэгэн буулт хийх тухай асуудлыг хэлэлцэх ёсгүй, бид Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг авахаар бэлтгэж байна” хэмээн Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Каяа Каллас мэдэгдээд “цаашдаа цэргийн болон санхүүгийн салбарт Украиныг дэмжинэ” гэдгээ илэрхийлсэн байна.


Үүний зэрэгцээ Германы Канцлер Ф.Мерц Украины асуудлаарх цахим бага хурлыг Барууны орнуудын удирдагчид болон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нарын оролцоотойгоор лхагва гарагт явуулах санал дэвшүүлжээ. Энэ хуралд дээрх удирдагчдаас гадна Их Британи, Итали, Польш, Финланд, Францын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, ЕХ-ны зөвлөлийн дарга Антониу Кошта, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жэй ди Вэнс нар оролцох төлөвтэй байна.


“Цаашид ямар хувилбараар Орост шахалт үзүүлэх вэ гэдгийг, мөн энхийн хэлэлцээг явуулахтай холбоотойгоор үүсэх нутаг дэвсгэрийн ба аюулгүй байдлын асуудлуудыг цахим хурлын үеэр хэлэлцэнэ” гэж Германы засгийн газрын мэдээлэлд дурджээ.  


Ташрамд дурдахад, Аляскт Путинтэй уулзсаныхаа дараа Украины Ерөнхийлөгч болон Европын орнуудын удирдагчидтай утсаар ярина хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп амласан билээ. Мөн Путин, Зеленский нарын уулзалтыг зохион байгуулж чадна хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн юм.  



Б.Адъяахүү