sonin.mn

Ялалтын баярын мэнд дэвшүүлэхийн хамт ялалтад хүрэх хүнд ачааг эрчүүдтэй хамт үүрэлцсэн зөвлөлтийн эмэгтэйчүүдийн талаар зарим тоо баримт өгүүлье.  Эх орны дайнд зөвлөлтийн эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг хосгүй юм. Дайны эхэн үеийн хүн хүчний асар их хохирол эмэгтэйчүүдийг армийн албанд авахыг нөхцөлдүүлжээ.  


Улсыг Батлан Хамгаалах Хорооны 1942.03.25-ны тогтоолоор 100.000 хүүхнийг цэрэгт татаж, тэднийг телефонист, радист, агаарын ажиглагч-тагнуул болон бусад мэргэжлээр агаараас эсэргүүцэн хамгаалах ангиудад хуваарилжээ.   


Үүний дараа 1942.04.15-нд байлдаж буй ангиудын холбооны албанд ажиллуулах 30.000 хүүхнийг цэрэгт татжээ. Энэ хүүхнүүд радист, хээрийн шуудангийн ажилтан, телефон утасны техник, бичиг хэрэг, газрын зурагч, бичээч, илгээмж хүлээн авагч, асрагчаар ажиллах болжээ. Үүний дараа 1942.04.18-нд 3 дахь дайчилгаа болж 40.000 эмэгтэйг захиргаа-аж ахуйн албанд агуулахын эрхлэгч, жолооч, тракторч, тогооч, тоо бүртгэгчээр ажиллуулснаас гадна холбооны ангид нэмж оруулжээ. 


1943 оны 10 сард Их бууны Төв Бааз, агуулахуудад 18-45 насны 4200 эмэгтэйг цэрэгт татжээ. 1944.05.16-нд тогооч, угаагч, холбоочин, асрагчаар ажиллуулах 20-35 насны 25.000 хүүхнийг сайн дурын үндсэн дээр армид татан ажиллуулжээ.


1941-1945 онд 490.235 эмэгтэй цэргийн албанд татагдан ажиллажээ. Үүнээс 177.065 хүн агаараас эсэргүүцэн хамгаалахад, 41.886 хүн холбооны ангид, 40.209 хүн Агаарын цэргийн хүчинд, 14.460 хүн эмэгтэйчүүдийн нэгтгэл, сургуульд, 18.785 хүн автомашины ангид, 28.500 хүн гал тогоонд, 41,224 хүн цэргийн ариун цэврийн ангиудад, 20.669 хүн агаарын цэргийн ангиудад, 7500 хүн төмөр замд, 70.458 хүн хот, тойргийн агаараас эсэргүүцэн хамгаалахад, армийн бусад ангид 29.259 эмэгтэй ажиллаж байжээ.    1945.01.01-ний байдлаар Зөвлөлтийн армид 70.647 эмэгтэй офицер, 113.990 түрүүч, 276.809 байлдагч, 2054 сонсогч, курсантууд байв. Агаараас эсэргүүцэн хамгаалахаас бусад байлдааны нэгтгэлүүдэд эмэгтэйчүүдийг зөвхөн сайн дурын үндсэн дээр бүртгэж байлаа. Дайнд аав, ах, хань ижлээ алдсан бүсгүйчүүд дайнд сайн дураараа явах нь элбэг байв.


Комсомолын шугамаар 222.000 эмэгтэй байлдаанд оролцож байлаа. Тэднээс 6097 минёмотчин, 4522 суурин пулемётчин, 7796 гар пулемётчин, 15.290 автоматчин, 102.333 мэргэн бууч, 45.509 бүх төрлийн холбоочин эмэгтэй тулалдаж байв.     


Мөн шөнийн бөмбөгдөгч гвардийн 46-р нисэх хороо, бөмбөгдөгч 125-р нисэх хороо, 586-р сөнөөгч нисэх хороо агаарт тулалдаж байв. Мөн Дотоод Хэргийн Ардын Комиссариатын сайн дурын буудлагын бригад, Эмэгтэйчүүдийн сайн дурын нөөц тусгай хороо, Мэргэн бууч бэлтгэх эмэгтэйчүүдийн Төв Сургууль, далайн цэргийн эмэгтэйчүүдийн тусгай рот бүрдүүлж тулалдсан. Хамгийн хүнд хэцүү 1941 оны 11-р сард Москвагийн цэргийн тойрогт эмэгтэйчүүдийн буудлагын нөөц хороо бүрдүүлсэн бөгөөд энд 5175 эмэгтэй байлдагч, цэргийн дарга, 3892 байлдагч, 986 түрүүч, ахлагч, 297 офицер бэлтгэжээ. Фронтын бүх хэсэг дэх агаараас эсэргүүцэн хамгаалах ангиуд бараг тэр чигээрээ эмэгтэйчүүдээс бүрдэж байв. Ингэснээр 300.000 эрэгтэйчүүдийг фронтод явуулах боломж бүрдсэн аж.  


Байлдаж буй армийн цэргийн эмнэлгүүдэд 700.000 эмэгтэй ажиллаж байсны 42% нь, мэс засалчдын 43,4% эмэгтэй байжээ. Фронтын эмнэлгийн ажилтнаар 2 сая гаруй хүн ажиллаж байсны 80% нь эмэгтэй байв. Эмнэлгийн 15 эмч ЗХУ-ын баатар цол хүртжээ.   


Фронтод баатарлаг үйлс бүтээсний төлөө 150.000 эмэгтэй одон медалиар, түүний дотор 96 хүн баатар цол хүртжээ. Партизаны хөдөлгөөний Төв Штабын мэдээгээр 1944.01.01-ний байдлаар 287.453 партизан байлдаж байсны 26.707 эмэгтэй байв. Зарим партизаны отрядын ¼ нь эмэгтэй байв. Бараг бүх эрчүүд цэрэгт татагдсанаас үүдэн ар талын үйлдэрлэл дээр ажиллагсдын 65% нь эмэгтэйчүүд байсан бөгөөд 50 мянган токарьчин, 40 мянган слесарь, 24 мянган фрезерщик, 14 мянган багаж үйлдвэрлэгч эмэгтэй ажиллаж байв. Эмэгтэйчүүд хоногт 12-16 цаг амралтгүй ажиллаж байжээ. 1943 онд хөдөө аж ахуйн ажилтнуудын 71%-ийг, 1944 онд 80%-ийг эмэгтэйчүүд бүрдүүлж байв.


Судлаач Х.Д.Ганхуяг


Эх сурвалж: https://gankhuyag.com/

Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу