sonin.mn

Анхны сонголт буюу спорт


  Улаанбаатар хотын унаган иргэн, II 40 мянгатад төрж өссөн Амарсанаа хүүг нийслэлийн 24-р сургуульд дөнгөж ороод байхад нь эмээ нь сууж сурах, сэтгэж сурахад нь хэрэгтэй гээд “Хоршоолол” нийгэмлэгт шатрын дугуйланд оруулжээ. Хоёр жил гаруйн дараа шатрын 3-р зэрэгтэй болж  задгай түргэн сэтгэж сурсан хэдий ч хөдөлгөөн ихтэй, хөнгөн туранхай хүү сууж бол дадсангүй, шатраас уйдаж эхэлсэн бололтой гэнэ. Тэдний урд талын байрны доод хонгилд Улаанбаатар хотын ширээний теннисний клуб ажиллаж байхыг хүү өөрөө олж мэдсэн бөгөөд эмээдээ хэлэхэд Монголын ширээний теннисний анхны дасгалжуулагч нарын нэг Санжмятавт бүртгүүлж өгчээ. Та бүхэнд нэлээн гүнзгийхэн танилцуулах гэж зорьж байгаа Чимэддоржийн Амарсанаа ийнхүү 1980 онд 10 настай байхаасаа эхлээд өнөөдрийг хүртэл 45 жил ширээний теннис тоглож, тэмцээн уралдаанд оролцохын зэрэгцээ дасгалжуулагч, шүүгч, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалыг хашаад явж байгаа хүн билээ. 


    7-р ангид орсон жилээ буюу 14 настай хүү Улсын шигшээ багийн бүрэлдхүүнд ороод Хойд Солонгос руу 1984 онд “Найрамдал” тоглолтонд оролцож байсан бол 1988 онд шинэ цэрэгт татагдсан спортын мастер залуу Армийн аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээнд оролцож түрүүлээд анги нэгтгэлийн нэрийг арми даяар мандуулсан хэмээн ангийн захирагч нь бүх бүрэлдхүүнээ жагсаан улаан хивстэй хүндэтгэн угтаж авсан байдаг. 


Бас “Алдар” нийгэмлэгийн тамирчин цэрэг хот руу бэлтгэл хийхээр ирэхдээ ард хувцас өмсчихөөд Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын жагсаал цуглаанд  оролцож байсан түүх ч бий.  

   10-р ангиа төгсөөд Чехословак улсад суралцах ширээний теннисний дасгалжуулагчийн ангийн хуваарь дээр өрсөлдөөд хэдийгээр спортын нэг төрлийн гайгүй тамирчин боловч биеийн ерөнхий хөгжлийн хувьд бөөрөнцөг түлхэх, 100 м-т гүйх зэрэг үзүүлэлтээр тэнцсэнгүй. Конкурсийн дараа сэтгэлээр маш их унасан хэдий ч 17 настай хүү  сэргэх, зүтгэх хэрэгтэй гэдгийг ойлгох чадвар сууж яваа тамирчин хүн болж эхэлчихсэн  байлаа шүү дээ... Хүү бэлтгэлээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ Спортын төв ордонд Заалын ажилтан хийж, бөхийн  дэвжээ, боксын ринг засдаг, бусад ложистик юмнуудыг хийдэг ажилд оров. Дараа жил нь 18 нас хүрч, бас шалгалт өгөөд хойд хөрш улс руу сургуульд явах боломжтой болсон, гэвч тэрээр өөр сонголт хийжээ... 


   Амарсанаа өгүүлрүүн: - Спорт бол хүнийг тууштай болгодог, нэг юманд чиглэж зүтгэдэг, зорилгоос зорилгын хооронд явдаг, ялалт ялагдал гэдгийг мэдэрдэг болгодог. Бас спорт бол сурагчийн хичээлийн ширээний ардаас тэр бүр олж авдаггүй тийм боловсролыг, амьдралд хэрэгтэй ур чадваруудыг хүүхдэд, хүнд суулгадаг юм билээ... 


Хоёр дахь сонголт буюу цэргийн алба


   Хэдийгээр би тамирчин нь ч гэсэн биеийн хөгжил муу байна гэж үзээд цаашид сайжруулахад, хатуужил суухад цэргийн алба маш чухал юм байна гэж шинэ 18-тай хүү боддог болсон байлаа. 1988 онд цэрэгт явах шийдвэр гаргаснаа ээж, эмээ хоёртоо дуулгасанд, бие султай, нялхаараа шахам амьтан байж, яаж тэр цэргийн албыг дийлэх юм бэ...гээд огт зөвшөөрсөнгүй. Нэг сайхан юм нь тэр үед Цэргийн зарлан дуудах хуудас гэдэг бол даргынх, ажилчных ялгалгүй бүгдэд нь зэрэг ирдэг байлаа шүү дээ. Тэгтэл цэрэгт явуулахгүйн тулд эмээ нь садангийн хүнээр дамжуулаад цэрэг татлагын офицертой ярьчихсан, “өвчний учир” гээд хасуулах арга зохиосон юм байж. Тухайн үед Цэрэг татлагын байрны нэг хаалгаар оруулаад үзлэгт тэнцвэл үсийг нь шууд хусаад цэрэг хувцас өмсгөөд нөгөө хаалгаар гаргаад ачаад явах журамтай. За тэгээд үзлэгээр ороод бүх юм тэнцчихээд байхад нь эмээгийнх нь “сүлбээтэн” нь бололтой бүртгэлийн офицер яаж ийгээд хасчих гээд, Амарсанаа болохоор “би тэнцсэн, заавал явна” гэж явна гэж зүтгээд бөөн дуу шуугиан үүсгэх маягтай болсон чинь аргагүй Хужирбулангийн ангид хуваарилж гарын үсэг зуржээ. Тэгээд үсээ хусуулаад цэрэг шинель өмсөөд нөгөө хаалгаар гараад ирсэн чинь хасагдаад үлдэхээр нь аваад харина гэж бодож ирсэн ээж нь цочирдож унах шахаад сүйд болох шахсан гэдэг. 


  “Нэг үхрийн эвэр дэлсвэл мянган үхрийн эвэр доргино” гэдэг зарчим цэрэгт тун тодорхой үйлчилдэг болохоор салааны 30 цэргээс нэг нь л турник дээр суниаж чадахгүй, эсвэл 10 км-ийн марш гүйж дийлэхгүй бол салаагаар нь жагсаадаг, салаагаар нь баалдаг. Тэгээд тэр  цэргээ сургах гэж бүгдээрээ явдаг, зохион байгуулалт, нийт нь нэгийн төлөө гэсэн журамд ордог бичигдээгүй дүрэмтэй юм. 


   Амраа 1988 онд цэрэгт Хужирбуланд очоод 45 хоногийн карантинаа өнгөрөөгөөд тангараг өргөж амжаагүй байхдаа л армийн аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээнд оролцож түрүүлсэн тухай дээр өгүүлсэн. Нэмж тодруулга болгоход, 015 гэдэг ангийн түүхэнд ийм юм болж байгаагүй гээд 24 цагийн чөлөө олгож,  тангаргаа өргөж амжаагүй байсан шинэ цэргийг комендантын эргүүлд баригдахаас болгоомжилж тусгай шийдвэр гаргаж захирагчийн машинаар гэрт нь хүргээд өглөө нь буцааж авсан гэдэг. “Алдар” нийгэмлэгийн тамирчин байлдагчаар 2 жил цэргийн алба хаагаад 1990 оны цагаан морин жил халагдсан байна. 

  Амарсанаа өгүүлрүүн: - Би зөв шийдвэр гаргаж армид явж, тэнд жинхэнэ  эр хүн болж хатуужиж, бас олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн явах, бас манлайлах чадварт суралцсан. Яахав, зодолдох, цохиулах, янз бүрийн хатуу хөтүү юм бас байсан, гэхдээ даваад туулаад л явах ёстой. Энэ утгаараа бол цэргийн амьдрал надад, тууштай байх, зорилгынхоо төлөө нугардаггүй байх, хөдөлмөрлөх, хөлсөө гаргасан хүн амжилтанд хүрдэг гэдгийг тодорхой хэмжээгээр ойлгуулсан гэж боддог...


Гурав дахь сонголт буюу ганзагын наймаа


   Цэргээс халагдах тэрхэн үед нь манай улс зах зээлд шилжиж нийгэм солигдоод бүх салбарууд гажиж эхэлсэн байлаа. Тэрээр 1991 онд манай теннисчид Япон улсад дэлхийн аваргын тэмцээнд оролцохдоо улсын шигшээ багийнхан зардлаа олох гэж, тамирчдын хувцас хэрэглэл хангах гэж хэрхэн зүдэрч байсныг биеэр үзэж мэдэрч, бас монголчуудад олон арван жилийн туршид хаалттай байсан гурав дахь ертөнц буюу өндөр хөгжилтэй улс ямар байдаг вэ гэдгийг бас олж харжээ. Буцаж ирээд бэлтгэл сургуулилт цаашид хийгээд байх боломжгүй болсон гэдэгтэй эрхгүй санал нийлээд спортоо орхиж бусдын адил ганзагын наймаанд гарлаа.  

   Ганзагын наймаа нь бүтэлтэй сайхан эхлэж, Хятадаас бараа зөөгөөд л Монголдоо зараад л, заримдаа Монголоос Орос руу гээд хэд хэд амжилттай явчихав. Дараа нь Германаас Бенз машин зөөж 6000 км замыг амь өрсөн, аз туршин туулахаар зориглов. Эхний удаа амжилттай, хоёр дахь дээр нь оросуудад дээрэмдүүлж, гурав дахь дээрээ араасаа буудуулан хөөгдөж хашраад, Москвад хоёр найзтайгаа хамарч суурин байдлаар овоо ашигтай наймаа хийж байжээ. Нэг шөнө буутай бага ястнуудад  бүх мөнгөө дээрэмдүүлээд арай гэж мултарч галт тэргэнд “туулайчлан” байж Улаанбаатартаа хармаандаа 100 доллартай бууж ирсэн байна. Түрүүнд нь монголд авчраад орхичихсон ганц Бенз машинаа зараад, мөнгөөр нь өөр юу хийж амьдарч болох вэ гэж бодож хэвтдэг болов...


 Амарсанаа өгүүлрүүн: - Ганзагын наймаа гэдэг хүний өдөр тутмын хэрэгцээг хангах төдий, алдаатай харж тооцоо буруутаж, элдэв саатал болоод хэдхэн хоногийн зөрүү гарахад л бараа гүйхээ больдог, алдагдалд ордог зүйл, тэгээд ч хүний газар гүний хошуунд амь өрсөж, хүн амьтны шуналын харц, заналхийлэл дор явж байдаг хэцүү хэрэг юм байна. Би хэл устай, эрдэм боловсролтой болчих юм бол хэн надаас түүнийг маань дээрэмдэж авч чадах юм бэ...гэж бодоод шийдвэр гаргах хэрэгтэй болсон...




Дөрөв дэхь сонголт буюу боловсрол.


   Багаасаа гадагшаа тэмцээнд явж байхдаа хэлгүй бол болохгүй юм байна, ялангуяа дэлхий хийтийн хэл - англи хэл сурах нь зөв юм байна гэсэн мэдрэмж төрж байсан болохоор Амраа 1995 онд Англи руу явж тэнд 3 жил гаруй хугацаанд ажиллаж амьдарч, сурч боловсорч байгаад эх нутагтаа ирээд 28 насандаа МУИС-д оюутан болж оржээ. Дэлхийн түүх болоод томоохон соён гэгээрүүлэгчийн номыг сонирхож уншиж байгаад “хүн бол 35 нас хүртэл завсарлахгүйгээр сурах хэрэгтэй” гэсэн нэгэн мөр олж харсанаа мөрдлөг болгож хатуу шийдсэн болохоор өөрөөсөө 10 насаар дүү хүүхдүүдтэй хамт оюутан болохдоо огт санаа зовоогүй байна.

  Унших хэрэгтэй, судлах хэрэгтэй, өөрийгөө боловсруулах хэрэгтэй гэсэн том том нийгмийн хөгжлийг тодорхойлогчдын зөвлөмжүүд энэ цэг дээр ирж уулздаг гэдгийг ойлгосон учраас тэрээр 28-35 насныхаа хооронд тасралтгүй суралцаж Монголынхоо их сургуулийг, гадаадад бас нэг сургууль төгсгөж, магистр хамгаалав. Дундуур нь нэг жилийн хугацаатай Австрийн Зальцбург хотод аялал жуулчлалын маркетингийн, Бельги улсад аялал жуулчлалын межементийн чиглэлээр дээд курсүүд төгсгөв. Харин 35 насандаа өөрийн төлөвлөсний дагуу академи сургалтаа зогсоогоод 2003 онд өөрөө аялал жуулчлалын чиглэлээр багш хийж байсан мэдлэгтээ тулгуурлан аялал жуулчлалын компани байгууллаа. Сургуулиа төгсчихөөд МУИС-даа аялал жуулчлалын чиглэлээр багшилж байтал СУИС аялал жуулчлалын хөтөлбөр хийлгэхээр урьсан тул  тийшээ шилжиж Соёлын аялал жуулчлалын багш, англи хэлний багшаар ажиллаж ч явж... 


  2005-2007 оны хооронд ХИД 1-д байрладаг Раффлес сургуульд аялал жуулчлал, оюутнуудын дадлага хариуцсан багшаар ажиллах болов. Мөн л эрэл хийх, шинэ сонголт хийх, зөв сонголт хийх дадал нь түүнийг зүгээр суулгахгүй байлаа. Нэг өрөөний 2 англи мэргэжилтэн залууд шинэ санаагаа хэлж зөвлөлдөж байгаад англи хэлний боловсролын төв нээх шийдвэрийг 2007 онд гаргав. Ийнхүү байгуулагдсан Talk talk english боловсролын төв одоо 17 дахь жилдээ орж, 3 салбартай болж өргөжөөд энэ хугацаанд давхардсан тоогоор 40 мянга гаруй хүн суралцсан дүн гарч байна. Энэ бүхний эцэст бодоод үзвэл Ч.Амарсанаа амьдралынхаа 25 жилийг боловсролын, 45 жилийг спорт, олимпизмын салбарт ажиллаж амьдраад явж байгаа хүн болж байна.


  Амарсанаа өгүүлрүүн: - Миний амьдралдаа баримталдаг зарчим бол, юуны өмнө хэлсэн үгэндээ эзэн болох эрмэлзлэл. Зорьсон зорилгодоо хүрэхийг би маш их эрхэмлэдэг. Түүнийхээ хойноос шаргуу хөдөлмөрлөдөг. Аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандах, сэтгэл зүрхнээсээ хандахыг өөрийнхөө амьдралын зарчим болгож явдаг. 
   Би өөрөө ажил олгогч. Байгууллагад маань гадаадын олон мэргэжилтнүүд, бас 40-50  монгол багш сургагч ажиллаж байна. Оюуны боловсролыг, монгол хүүхэд залуучуудыг дэлхийтэй хөл нийлүүлэн алхах хөгжлийн гүүр болсон англи хэлийг монгол хүүхэд залуучуудад цэгцтэй сургахаар бид зорьж, ажиллаж байна. 


  Чиний хүрэх өндөрлөгийг хандлага чинь тодорхойлно гэж англи үг байдаг. Хандлага чинь хүрэх өндөрлөгийг чинь тодорхойлно. Түүнээс биш чиний олж авсан боловсрол биш шүү... Өнөөдөр Харвард төгслөө, тийм сургууль төгслөө гээд баахан дипломны цуглуулга, онц сайн төгссөн зөндөө хүмүүс байдаг. Тийм хүмүүс бүгдээрээ амьдрал дээр тийм сайхан яваад байна уу, том бүтээн байгуулалтыг хийгээд байна уу? Хийж л байгаа байх, гэхдээ төдийлөн их биш байгаа... Ямар хүн бүтээн байгуулалт хийж байна, ямар хүн баялаг хийж байна вэ гэхээр ердөө л сэтгэлтэй хүн, хандлагатай хүн л хийдэг, бүтээдэг юм байна. Аяга таваг угаах, хоол хийхэд ч хүн сэтгэлээсээ хандах ёстой юм аа.


  Тав дахь сонголт буюу хэрэглээний англи хэл. 


   -“Англи хэл маш чухал” гэдэг тухай хэн бүхэн л хэлдэг. Харин “англи хэлний” Амраагийн бодол бол илүү нарийн буюу англи хэл  хүүхэд залуучууд төдийгүй насанд хүрсэн бүх насныханд, бүгдэд нь хэрэгтэй гэсэн зөвлөмж байдаг. 70 настай, төрийн шагналт геологич хүн эдний төвд хүрч ирээд англи хэл сурья,  ажилд маань, гадагшаа аялж явахад, бизнесийн хамтрагчтай харилцахад хэрэгтэй байна гээд анхнаас сураад эхэлсэн, одоо ахисан түвшинд хүрчихсэн, англи, америк багштайгаа англи хэл дээр онигоо яриад л инээлдэж хөгжилдөөд л байж байгаа нь түүнийг онцгой баярлуулжээ. Тэрээр хэл сурна гэдэг маань өөрөө ертөнцийг үзэх үзлээ арай өөр өнцгөөс харах боломжийг нээж өгдөг гэж үздэг, англи хэлний төв ажиллуулдаг хэрнээ “Монгол хүүхдүүд монгол хэлээ эхлээд заавал сурах ёстой. Энэ бол манай дархлаа. Монголчууд ярьдаг шүү дээ, холын аянд явахдаа хөтөлгөө морьтой яв гэж. Түүнтэй адилхан монгол хүүхэд залуучуудыг дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад монгол хэлийг дархлаа, англи хэлийг хэрэглээ болгох хэрэгтэй” гэж онцгой анхааруулдаг хүн юм билээ


   Амарсанаа өгүүлрүүн: - Боловсролын хүртээмжгүй байдал, боловсролын ялгаварлал өнөөдөр Монголд тамтагаа алдлаа. 


  Финлянд Монгол хоёр бол газар нутаг, улирал цаг уурын байдлаараа ихээхэн төстэй, гэхдээ соёл, эдийн засгийн хөгжлөөрөө өдөр шөнө шиг ялгаатай. Финлянд байгалийн баялаг ихтэй, гэхдээ Монгол шиг юу юугүй хамаг юмаа ухаад, эсвэл ухуулаад унадаггүй, маш нарийн системтэйгээр байгалийн баялагаа гаргаж авч байна. Олсон баялагаа хүндээ хүртээж чаддаг, хүнээ оюунлаг, чадвартай, гэгээлэг, зөв хүн болгохын төлөө хамаг хөрөнгө оруулалтаа хийж байна. Финляндууд хүүхдүүдээ 3-р анги хүртэл нь эх хэлийг нь сайн сургаад, дараа нь 3-р ангиас нь англи хэл орж байна. 12-р ангиа төгсөөд Финляндын хүүхдүүд олон улсын ILTS-ийн шалгалт өгөхөд их өндөр оноо авч байна гэнэ. 2020 оноос Финлянд улс боловсролын системдээ өөрчлөлт оруулж хүүхдүүд нь 1-р ангиасаа англи хэл үзэж байгаа. Яагаад ингэж байна вэ гээд асуухад одоо хүүхдүүдээ гуравдагч хэлтэй болгоно. Ойр байдаг герман, франц, орос 3 хэлийн аль нэгийг сонгон сургана гэж байна. Яагаад хэлэнд ингэж онцгой анхаарч байна вэ гэхээр хэл өөрөө маш том боловсрол, маш том хөгжлийн түлхүүр учраас л тэр шүү дээ. Ингэж л хөгжөөд байна.

   Миний хүсэл зорилго бол монгол хүүхдүүдийн боловсролыг маш зөв тогтолцоотой , урт хугацаанд зөв байлгах л явдал...


Зургаа дахь сонголт буюу Амарсанааг сонсох, түүнийг сонгох тухай.


  Амарсанаа бол амьдралдаа хэн бүхнийл адил, залуу хүн бүхний л ижил гаргадаг алдааг гаргаж, ээдрээ нугачааг үзэж, салаа замын үзүүр дээр тулж зогсож л байж...Харин түүний онцлог бол зөв цаг үед, зөв шийдэл гаргаж зөв сонголт хийж чадсан учраас ийм амжилтад хүрч, хошуучлагч манлайлагч болж, хэнд ч гаргаад хэлэх үзэл санаатай, юуг ч зохион байгуулах, тэмцэх бүтээх чадвар туршлагыг хуримтлуулсан нэгэн болсонд байгаа юм. Харин та бид түүнд зургаа дахь сонголтыг хийхэд нь дэмжлэг үзүүлэх учиртай болж байна. 


Сэтгүүлч Ж.Эрдэнэцогт