
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 20 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди мягмар гарагт БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзах үеэрээ Хятад улстай хоёр талын харилцааг сайжруулахад “тогтвортой ахиц дэвшил” гарсныг сайшаажээ. “Өнгөрсөн жил Казань хотноо Ши Жиньпин даргатай уулзсанаас хойш Энэтхэг, Хятадын харилцаа харилцан бие биеийнхээ ашиг сонирхлыг хүндэтгэснээр тогтвортой ахиц дэвшил гаргасан” гэж Н.Моди X нийгмийн сүлжээний хаягтаа нийтэлжээ. Цөмийн зэвсэгтэй Азийн гүрнүүд олон жилийн турш тааруу харилцаатай байсны дараа Ван Игийн айлчлал болж байна.
Н.Моди наймдугаар сарын 31-нд Тяньжин хотноо эхлэх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж Энэтхэгийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ажит Довал уулзалтын эхэнд мэдэгдсэн байна. “Манай Ерөнхий сайд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно” гэж тэрбээр хэлжээ. Ингэснээр Энэтхэгийн Ерөнхий сайд сүүлийн долоон жилийн хугацаанд анх удаа Хятадад айлчлах гэж байна.
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хийх Н.Модигийн айлчлалд Хятад улс “ихээхэн ач холбогдол өгч байна” гэж Ван И хэлсэн байна. “Хятад Энэтхэгийн харилцаа эрүүл, тогтвортой байх нь манай хоёр орны урт хугацааны, язгуур ашиг сонирхолд нийцэж байгааг түүх хийгээд бодит байдал дахин нотолж байна” гэж Ван И нэмж хэлэв.
Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг, Хятад хоёр улс Өмнөд Азид нөлөөгөө тогтоох өрсөлдөөний улмаас хурцадмал харилцаатай байсаар ирсэн юм. 2020 онд хил дээр цэргүүдийн хооронд мөргөлдөөн үүссэнээр хурцадмал байдал улам даамжирчээ. Мөргөлдөөний улмаас Энэтхэгийн 20 цэрэг, Хятадын дөрвөн цэрэг амиа алдсанаар улс төрийн өндөр түвшний харилцаа холбоо тодорхойгүй хугацаагаар зогссон билээ.
Өнгөрсөн 10 дугаар сард ОХУ-д болсон хөгжиж буй эдийн засагтай орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Н.Моди, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзсанаар Бээжин, Шинэ Делигийн харилцаа сайжиирч эхэлсэн юм. Хоёр орны удирдагчид 2019 оноос хойш анх удаа албан ёсоор хэлэлцээ хийсэн нь энэ байв. Мөн Энэтхэг-Хятадын харилцаа сэргэж байгаа нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татвар тарифын бодлого Шинэ Дели болон Вашингтоны хоорондох маргааныг нэмэгдүүлж байгаатай холбоотой юм.
Энэ жил Энэтхэг, Хятадын талууд албан ёсны айлчлалын тоог нэмэгдүүлж, худалдааны зарим хязгаарлалт, иргэдийн шилжилт хөдөлгөөн, бизнес эрхлэгчдийн визийн асуудлыг хөнгөвчлөх талаар хэлэлцжээ. Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Рандхир Жайсвал мэдэгдэхдээ, Энэтхэг, Хятад улсууд 3488 км хилийн дагуух гурван бүсээр худалдаагаа дахин эхлүүлэхээр хэлэлцээ хийж байгаа гэжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0