
Энэ жил дэлхийн хэд хэдэн улсад улс төрийн сонгууль өрнөж байна. Жилийн эхний хагаст Өмнөд Солонгосын парламентад Ардчилсан хүчин ялалт байгуулсан бол хамгийн олон хүн амтай Энэтхэг улсад ерөнхий сайд Нирендра Моди гурав дахь ялалтаа хэдийнэ аваад байна.
Түүнчлэн Мексик улсад түүхэн сонгууль болж ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүн ялалт байгуулсан юм. Харин манай улсад энэ сарын сүүлээр парламентын сонгууль холимог тогтолцоогоор явагдаж 126 гишүүнтэй шинэ парламент бүрдэх билээ.
Жилийн турш дэлхийн өнцөг булан бүрт өрнөсөн сонгуулийн буухиа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар өндөрлөх болно. Ийнхүү дэлхийн улс орнууд хууль тогтоогчид, төрийн өндөр албан тушаалтнуудыг ээлж дараалан сонгож байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр барууны томоохон хүчин болох Европын холбооны нэгдсэн парламентын сонгууль боллоо. Одоогоор сонгуулийн эхний ээлжийн дүнгээр барууны үзэлтэй Европын Ардчилсан нам ялалт байгуулж олонхи болоод байна. Холбооны гишүүн 27 орны 450 сая гаруй иргэд нэгдсэн парламентын 720 гишүүнийг сонгож саналаа өглөө. Шинээр байгуулагдсан парламент ирэх сарын дундаас эхлэн таван жилийн турш Европын холбооны бодлогыг тодорхойлох юм.
Сонгууль энэ сарын 6-ны өдөр Нидерланд улсын иргэд парламентын 31 гишүүнийг сонгох саналаа өгсөнөөр эхэлж, улмаар 7-ны баасан гарагт Ирланд, Чех улсын иргэд сонгуульд оролцож нийт 35 гишүүнийг сонгожээ.
Үргэлжлэн амралтын өдрүүдэд бусад улсууд өөрт оноогдсон квотын дагуу үлдсэн 654 гишүүнийг сонгох саналаа өгөв. Энэ удаагийн сонгууль нь бүс нутгийн хувьд хэд хэдэн онцлог үйл явдалтай давхцаж байна. Тодруулбал, Украин дахь ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж, Газын зурвасын хямрал болоод уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодитой алхам хийхийг шаардсан цаг үед тохиож байна. Сонгогчид өмнөх таван жилийн хугацаанд эрх барьсан гурван талт эвслийг дахин сонгохоос татгалзан бололтой. Учир нь тус эвслийн тулгуур баганы нэг Европыг шинэчлэе эвсэл энэ сонгуульд цөөн хэдхэн суудал авч чадсан юм. Сүүлийн жилүүдэд бүс нутгийн эрх баригчид цахим орчин, олон нийтийн сүлжээнд идэвхитэй байх болсон. Энэ ч утгаараа нэгдсэн парламентын сонгуулийн кампанит ажлын цахим орчин, олон нийтийн сүлжээ дэх зар сурталчилгааны төсөв нэмэгдсэн байна. Холбоонй гишүүн орнуудаас энэ салбарт хүчирхэг тоглогч бол Унгар улс юм.
Ердөө 10 сая хүрэхүй хүн амтай энэ улсын хувьд бүс нутгийн голлох хүчин гэвэл бас үгүй. Гэвч улс төрийн цахим сурталчилгаагаар тэргүүлэгч хэмээн зүй ёсоор тооцогдож байна.
Түүний араас Франц, Герман зэрэг улсууд бичигдэнэ. Эрх баригчид цахим орчныг сонгогчидтой илүү ойр байх үүднээс ийнхүү ашиглаж байна хэмээн тайлбарласан юм. Европын холбооны сонгуультай зэрэгцэн Францын үндэсний ассемблейн ээлжит сонгууль тохиосон. Туршлагатай улстөрчид санал хураалт эхлэхээс өмнө бэлтгэлээ бүрэн базаасан талаар хэвлэл мэдээллүүд онцолж байсан юм. Гэвч сонгуулийн дүнгээр хэт барууны үзэлтнүүд үнэмлэхүй ялалт байгуулсан нь ерөнхийлөгч Эммануэль Макронд хүндхэн цохилт болж тэрээр үндэсний ассемблейг тараах шийдвэр гаргав. Улмаар Франц улс дахин ээлжит бус сонгууль зарлах болсон юм. Барууны үзэлтнүүд дан ганц Францад бус Европын сонгуульд олонхи болсон үр дүн гарчээ. Энэ нь олон удирдагчидад том цохилт болов. Тодруулбал, Германы канцлер Олаф Шольц болон Унгарын ерөхий сайд Виктор Орбан нар хэт барууны үзэлтнүүд сонгууль ялалт байгуулж олонхи болсон нь хүнд цохилт боллоо хэмээн мэдээлэв. Холбооны парламентын тэргүүн Фон дер Лейен дахин нэг парламетад байр сууриа хамгаалж үлдэж магадгүй. Учир нь түүний эрх баригч нам хангалттай хэмжээнд суудал авч чадсан байна. Түүний хувьд сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулах үеэрээ социалист болон либерал үзэлтнүүдийг нэгтэн төвийг сахисан нэгдлийг бий болгох уриалга дэвшүүлсэн юм. Ирэх сарын дундуур холбооны нэгдсэн парламент шинэ бүрэлдэхүүнтэйгээр анхны хуралдаанаа явуулна. Тэр үед барууны томоохон хүчин болох Европын холбооны ирэх таван жилийн дүр зураг тодрох билээ.
Насантуяагийн ЖАРГАЛМАА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл3
Yalaltiin baiguullaga hundred tsohilt Ugsen ni chuhal boloh ni medeej. Gehdee nokaut bish nokdaun bololtoi Ukrain yavah galt tergiig udaashruulj chadlaa gej neg hun helsen ni mongolchuud bidnii huvi olzuurhuushtai Dain holuur baigaasai
Европын орнуудад АНУ ЕХ хоёрын хошногийг долоодог удирдагчид биш, африкийн дүрвэгсэд, исламын шашинт дүрвэгсдийг албадан гаргаж, дахиж хэзээ ч дүрвэгсэд хүлээн авахгүйгээр цагаачлалын бодлогоо өөрчилж, зөвхөн улс орноо залуу үеэ дэмждэг удирдагч дутагдаж үгүйлэгдэж байна.
Европын орнуудад сайн цагийн салхи сэвэлзэж эхэллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Европын парламентын сонгуулиар Францад Ле Пений нам ялалт байгуулсан бөгөөд Макроны нам ялагджээ. Хэдийгээр Макрон ерөнхийлөгчийн суудлаасаа буухгүй ч намаасаа дэмжлэг авах боломжгүй болж байна. Германы Социал Демократ нам,(Шольцын нам) маш бага санал авч, Баербокийн ногоон нам сураггүй болжээ. Доктор Алисе Вайделийн AFD нам ор хоосноос Германы ард түмний талд мятрашгүй зогсож байсны хүчинд Германы хоёр дахь том нам болж чадлаа. В.Путин, Элон Маск хүртэл зүүн Германаас гаралтай AFD намыг дэмжиж байгаагаа саяхан илэрхийлсэн билээ. Европчууд өөрөө өөртөө итгэх итгэлээ аажмаар эргүүлэн авч байна. Өнгөрсөн 5,6 жил Европын ард түмэн,ялангуяа Германы ард түмэн их зовсон доо. Нийлээд дуу хоолойгоо өргөж зөв сонголт хийвэл ялалт ирдэг гэдгиййг харуулж байна. Хамгийн гол нь тэнд олон ургилч үзэл бодолтой намууд байдаг нь давуу тал юм. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл нь. Эрх чөлөөний тэмцэл дуусаагүй.