sonin.mn

Та өөрийгөө танилцуулна уу?


Миний бие хэл шинжлэлийн мэргэжилтэй, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүдээ төрүүлж, өсгөж хүмүүжүүлэхэд өндөр хариуцлага өөртөө авч, цаг хугацаа зарцуулж карьерийн завсарлага тодорхой хугацаанд авсан. Энэ хугацаанд эх хүний туулдаг бүх зүйлсийг туулсан. Ажил мэргэжлээ хойш нь тавиад хүүхдүүдээ эрүүл саруул өсгөх суурийг тавих энэ хугацаа маш үнэ цэнтэй үе. Би бол суралцсан, өөрийгөө танихыг хичээсэн маш сайхан үе байсан. Ер нь охид бүсгүйчүүддээ захиж хэлэхэд ажил мэргэжил, гэр бүлээ харилцан ярилцаж, зөвшилцөж төлөвлөх хэрэгтэй. Үр хүүхэд өсгөж хүмүүжүүлэх нь зөвхөн эмэгтэй хүний үүрэг биш, хүүхдийг аав ээжийн хэн нь ч өсгөх боломжтой байх ёстой, үүнийг бас зохицуулж өгөх хэрэгтэй. Цалинтай ээж гэдэг шиг цалинтай аав гээд, улсаас дэмжиж өгч буй мөнгө нь 50000 төгрөг ганц памперсны үнийг цалин гэж нэрлэж болохгүй.


Бага насныхаа талаар?


Би Увс аймгийн Тэс суманд төрсөн, 4 ахтай, айлын ганц охин нь болсон учраас их эрх, сурлага сайтай, урлагийн авъяастай хүүхэд байсан. Ном их уншдаг, мэдээж хажуугаар нь найзуудтайгаа дээс, резин тоглож зун нь гол дээр өнждөг ийм л байдлаар бага нас минь жаргалтай сайхан өнгөрсөн.


Улс төрд орох болсон шалтгаан, яагаад Хүн намыг сонгох болов?


Суралцах, ар гэр, үр хүүхдээ хариуцахын хажуугаар ээж өөрөө аз жаргалтай байх хэрэгтэй. Энэ үед нийгмийн асуудлуудтай нүүр тулж эхэлсэн. Цэцэрлэгийн сугалаа, цэцэрлэгт орсны дараах анги доторх хүүхдийн тоо хэтэрсэн байдал, үс толгой нь бөөстөх гээд асуудлуудыг даван туулах шаардлагатай болсон. Найзтайгаа хамтарч ТББ байгуулаад цэцэрлэгийн насны эцэг эхчүүдэд туслах санаачлга гаргаж, дүүрэг нийслэлийн Боловсролын газруудад хандаж, бодитой байгаа асуудлуудыг хамтраад шийдвэрлэх санаануудаа хэлэхэд төрийн байгууллагын төлөөлөл хамтраад шийдье гэхгүй, бараг сонсохыг ч хүсэхгүй хандлага гаргаж байгаа нь гайхшруулсан. 


Хүүхдүүд сургуулийн насанд хүрсэн, бид залуу гэр бүл учир өндөр төлбөртэй сургуульд сургах боломжгүй байсан. Бидний мөнгөтэй мөнгөгүй байгаагаас үл хамаараад хүүхдүүд маань таатай орчинд боловсрол олж авах эрх нь зөрчигдөөд, яагаад яагаад гэдэг асуултууд гарч ирсэн.


Хувийн сургуулиудын бүрдүүлсэн тэр орчныг улсын сургууль бүрдүүлж яагаад болохгүй гэж. Ийм байдлаар яагаад гэдэг асуултууд хуримтлагдсаар, нөгөө талаар дунд насанд хүрэх үед хүүхдүүд бие даах чадвартай болох үед би өөрөө энэ бэрхшээлийг даван туулсан ч өөрчлөлт хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулмаар байсан. Надад тохиолдсон бүхэн улс төрд орох шалтгаан болсон. Хүүхдүүдээ ийм орчинд үлдээмээргүй байсан.


Би өөрөө, гэр бүл минь болж байгаа ч, гараад харахаар хүмүүсийн амьдрал гундуу байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн. Дараа үеийнхээ төлөө дуугарч, тэмцэж, дуу хоолойгоо өргөхгүй бол, ямар нэг үйлдэл хийхгүй бол болохгүй гэж бодсон учраас үзэл санаа нийлдэг хүмүүстэй нэгдэж, олуулаа болж байж энэ бүхнийг бодлого боловсруулах түвшинд оруулж ирж шийдэх ёстойг ойлгосон.


Яагаад Хүн нам гэж?


Удаан ажигласан, 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд Хүн намаас Д.Энхбат гуайг нэр дэвшүүлэхэд маш их баярлаж сонгуульд нь сайн дураар ажилласан. Тэгсэн ч үр дүнг нь хараад гэр бүлээрээ гадагшаа явж амьдрах тухай бодож төлөвлөж эхэлсэн. Миний ихэнх найз нөхөд гадагшаа явцгаасан. Эхэндээ тэднийг баяртайгаар үдэж өгдөг байсан бол сүүлдээ үдэх биш яагаад үлдээд өөрчлөхийг хүсэхгүй зугатахыг сонгож байгаа юм гэж асуудаг болсон. 


Улс төр аймаар гэж хүмүүс хэлдэг, ялангуяа эмэгтэй хүнд. Гэвч бид айж байвал, эцэг эх нь айж байвал бидний үр хүүхэд яах билээ, хойч үедээ, ирээдүйдээ ийм нийгмийг үлдээхдээ харин айх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш 3 жилийн дараа элссэн. Сонголтдоо сэтгэл хангалуун байгаа. Боловсролтой, ес зүйтэй, ёс суртахууны өндөр төлөвшилтэй хүмүүс, дотоод соёл нь бэхжиж буй нам. 


Хүн намыг МАН-ын дагавар нам, охин компани шиг ажилладаг, Доржханд гишүүнийг сэтгэлд хүртэл ажиллахгүй байна гэсэн шүүмжлэл их байдаг. Энэ талаар таны байр суурь юу вэ? 


Энэ нам 10 гаруй жилийн түүхтэй, өөрсдийгөө бий болгоод явж байгаа улс төрийн хүчин. Хэн нэгэн өөрийн амьдралынхаа ийм хугацааг хэн нэгний гар хөл болоод явах уу. Мөн үйл ажиллагаа, хөндөж буй сэдвийг нь харсан ч, тухайлбал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт үүгээр парламент 126 гишүүнтэй байх, Нүүрсний сонсгол, Ногоон автобус гээд хөндөж буй асуудлуудыг мэдэж байгаа. Эрүүл ухаанаар бодож үзвэл хэрэв карма нэгтэй байдаг бол ийм асуудлуудыг хөндөж гаргаж ирэхгүй байсан байх. Энэ бол эрх баригч, парламентад суудалтай намуудын өрсөлдөгчөө дарах харлуулах явуулга л гэж хардаг. 


УИХ-ийн сонгуульд нэр дэвших талаар? 


Одоогоор энэ талаар тодорхой болсон зүйл үгүй байна. Нэр дэвших тал дээр зүрхшээж хойшоо суугаад байх зүйл үгүй байна. Эрчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд өөртөө итгэх итгэл сул байдаг нийтлэг зүйл байдаг. 100% бэлэн биш байгаа ч оролдоод, хийгээд үзнэ, суралцана гэж бодож байна. 


Эмэгтэй хүн улс төрд ороход заавал мөнгөтэй байх шаардлагатай гэдэг, энэ үнэн байна уу? 


Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй улс төр өөрөө мөнгөний тоглоом. Хүн намын тухайд нэр дэвшихийн тулд бодлогын хураамж, дэнчин гэсэн мөнгө шаардсан зүйл үгүй байна. Гишүүнчлэлийн хураамж сард 1000 төгрөг, жилдээ 12000 төгрөг төлдөг. Тэгэхээр манай нам их мөнгөөр сонгууль хийдэг гэдгийг үгүйсгэж, мөнгөгүй байсан ч улс орныхоо төлөө явж болно гэдгийг харуулахаар зорьж байгаа.


Мөнгөний дарамт бол байхгүй, харин сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд нэр дэвшигчийн ухуулга, сурталчилгаа хийж өөрийгөө таниулахад зардал гарах нь ойлгомжтой. 


Харин намын зүгээс эмэгтэйчүүд улс төрийн тоглоомд орохын тулд гэр бүлээ төлөвлөж, гэр бүлдээ хүлээ зөвшөөрөгдөх хэрэгтэй гэж зөвлөдөг. Өөрөөр хэлбэл ажлын онцлогийг нь хүлээн зөвшөөрөх, жнь хуралтай байхад нь хоол хий гэж утасдаад байхгүй байх. Мөн эргэн тойрон хүрээлэлдээ хүлээн зөвшөөрөгдөж, танигдах хэрэгтэй. Ийм байдал дунд зориглоод гараад ирсэн хүмүүстээ дэмжих, элдэв төрлийн босго, шаардлага тавьдаггүй байх бодлоготой. 


Яагаад эмэгтэйчүүдийг улс төрд түлхүү орж ирэх шаардлага байгаа юм. Орж ирснээр ямар давуу тал үүсэх юм? 


Энэ уул нь ингэж асуугдах асуулт гэж боддог. Яагаад эмэгтэй улс төрч хэрэгтэй вэ гэвэл эмэгтэйчүүд байгаа учраас. Олон улсад 30-аас доошгүй хувь эмэгтэйчүүдийн төлөөлөл улс төрд байх хэрэгтэй гэсэн жишjиг байдаг. Эмэгтэйчүүд бид байгаа тохиолдолд бидний төлөөлөл тэнд байх ёстой. Гэр орноор жишиж үзсэн ч гэр оронд эрэгтэй хүн байдаг, бас эмэгтэй хүний орон зай заавал байдаг. Эмэгтэй хүний орон зай зөвхөн гэр оронд биш, гал тогоонд биш, гүйцэтгэх ажил дээр биш, улс төрд мөн хэрэгтэй. Эрэгтэй хүн гадуур, эмэгтэй хүн гэртээ гэдэг энэ үзлээ болих л хэрэгтэй. Мэдээж эрэгтэй хүний онцлог байгаа, гэхдээ тэдний хийж чадахгүй, эмэгтэй хүний сайн хийдэг зүйлс байдаг шүү дээ. Хүйсээр улс төр хийдэггүй. Хүсэл, зорилго, зарчим, мэдлэг мэргэжил, судалгаагаар улс төр хийдэг. 


Илүү олон эмэгтэйчүүд улс төрд орсноор улс орны хөгжил ямар болох бол, том зургаараа? 


Эмэгтэйчүүд улс төрд олон болбол хатуу хахир, мөнгөөр шийддэг байдал илүү зөөлөн болно. Учир нь эмэгтэй хүн хариуцлагатай байх, нэр төрөө эрхэмлэх, юманд олон талаас нь, зөөлөн хандах гэсэн төрөлх чанартай. Тиймээс үр дүнд нь зохион байгуулалт, ёс суртахуунтай, нарийн деталь хийнэ. Гэрийн төсвийг эмэгтэй хүн барихаараа яаж зохион байгуулж, хүргэдэг билээ. Эмэгтэйчүүдийн нарийн нандин ур ухаан улс төрд хэрэгтэй. Сангийн яамны сайдыг эмэгтэй хүн хийх хэрэгтэй гэж боддог. 


Хэл шинжлэлч мэргэжилтэй хүн хэлний бодлогоо л ярихгүй яагаад улс төрд орох болов оо? 


Хэл, хэлний бодлого улс орны түвшний асуудал болгохгүй бол болохгүй түвшинд ирсэн. Хэл бол тусгаар тогтнолын баталгаа. Эх хэлээр өв соёл нь дамждаг. Монгол хэл мэддэг байлаа гээд үнэлэгдэхгүй харин англи хэлтэй бол хаана ч ажилд орж болж байна. Төрөлх хэлний үнэлэмжээ унагаж, гадаад хэлийг хэтэрхий дөвийлгөж байгаа байдлыг бид харж байна.


Манайх шиг цөөхөн хүн амтай улсад мэдээж гадаад хэлийг өндөр түвшинд сурч байж дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх нь ойлгомжтой. Гэхдээ эх хэл дандаа гадаад хэлнээс дээгүүр эрэмбэлэгдэх ёстой. Эх хэл учраас.


Эх хэлээ сайн сурсан хүүхэд гадаад хэлийг мөн тэр түвшинд сайн сурч чаддаг. Үгийн баялагтай, олон талаас нь боддог, ярьдаг чадвартай болдог. Эх хэл бол хүүхэд эхийн хэвлийд байхдаа сонсож, мэдэрдэг тийм эрхэм нандин зүйл. Эх хэлний үнэлэмж унаж байгаа байдал, монгол хэлээрээ хоорондоо ойлголцохоо байсан энэ зүйл, хэн дуртай англи хэлтэй нь дуртайгаараа орчуулж хэлний санд оруулж ирдэг ийм байдал хашаа нь нурж унасан, тарж бутарсан айлын малын хоттой адил дүрслэгддэг. Хүүхдүүдээ хэлтэй нь, соёлтой нь монгол хүнээр нь үлдээмээр байна. Энэ төрийн бодлогын хүрээнд зайлшгүй ярих ёстой асуудал болсон. 


Англи хэлийг 2, 3 дугаар ангиас нь заана, заахгүй гэсэн маргаан улс даяар өрнөсөн? 


Монгол хэл хүүхдэд илүү ойлгомжтой, таатай, хялбар байхаар хөтөлбөрөө шинэчлэх хэрэгтэй. Монгол хэлний багш нарыг бодлогоор дэмжих, төгсөгчдөд ажлын байр нь бэлэн байдаг, монгол хэлний мэргэжлийн үнэ цэнийг өсгөх, монгол хэлний мэргэжилтэн болохын хүсдэг болтол хөгжүүлэх хэрэгтэй. 


Монгол хэлний үгийн сан баялаг ч бид өдөр тутамдаа цөөн үг ашигладаг, энэ аюул мөн үү? 


Хэл мөхөх нэг л шинж байдаг, тэр нь хүүхдүүд эх хэлээрээ ярихаа болих. Томчууд бид монгол хэлээр ярьж байгаа ч хүүхдүүд эх хэлээрээ ярихгүй бол бид өнгөрсөн хойно тэд англиар яриад явах болно. Монгол орондоо өсөж байгаа ч хүүхдүүд монгол хэлээрээ ярихгүй байгаа нь маш харамсалтай зүйл. Хүүхэд эхлээд эх хэлээ, монгол хэлээ сурах ёстой. Гадаад хэлийг хэзээ ч сурч болно шүү дээ. Гэр гэдэг үг эхлээд англи хэлээр биш, монголоор орж ирдэг байх ёстой. Эхлээд гадаад хэлтэй гадаад хүн биш монгол хүнээ бэлтгэе л дээ. Гадаад байгаа монгол хүүхдүүд монгол улсын иргэн болохоос монгол хүн гэхэд хэцүү шүү дээ. Монголдоо, энэ хэл, сэтгэхүй, соёлын орчиндоо бид хүнийг хөгжүүлж төлөвшүүлдэг байх хэрэгтэй байна. 


Улс төрд ороход гэр бүлдээ хэрхэн хүлээн зөвшөөрөгдөв, хэрхэн дэмжиж байна? Улс төр, эрдмийн ажил гээд цаг заваа хэрхэн зохицуулж байна? 


Анхнаасаа улс төрч болно гэдэг зорилго байгаагүй. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй төрөлх зан минь байдаг. Нийгмийн асуудалд оролцоотой амьдрахдаа таатай байдаг төрлийн хүн.


Хэрэв ард иргэд нь шаардлагаа өндөр тавьдаг бол улс орны асуудал зөв голдиролдоо ордог гэдэг шүү дээ. Сошиал орчинд үзэл бодлоо идэвхтэй илэрхийлдэг. 


Гэр бүлтэйгээ ярилцсан, карьертаа цаг заваа зарцуулахыг гэр бүлийн хүн маань зөвшөөрсөн, миний ээлж ирсэн. Гэртээ арын албыг жин тан хийдэг байсан ээж гараад явчихаар эхэндээ ар гэр цочирдсон. Ээж хаашаа яваад байгаа юм бэ гэдэг байлаа. Нөхөр маань ч юу хийчхэв ээ гэж бодсон байх. Нарийн зохицуулалт хийгээд одоо гайгүй дасан зохицож байна аа. 


Эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд бодож санаж байгаа зүйлийнхээ араас явах хэрэгтэй, гэр бүлтэйгээ зөвшилцөх хэрэгтэй, хэн нэгэн нь хүсэл зоригийг нь унтраавал битгий тоо. Хүн хүний зорилго өөр ч гэсэн нийгэмдээ оролцоотой байх, зорилго байгаа бол тэрнийхээ араас тууштай яваарай гэж уриалж байна. 


Эмэгтэйчүүд улс төрд ороход намын дотоод соёл, бодлогоор дэмжих асуудал чухал. Манай нам Хүн 50:50 гэсэн бодлого дэвшүүлж ажиллаж байгаа. Нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа тэнцүү байх. Үүнийг эмэгтэйчүүдийг дэмжиж буй маш том боломж гэж харж байгаа. Энэ нь нэр зүйх төдий биш эмэгтэйчүүдэд бодит дэмжлэг үзүүлж буй манай намын нэг онцлог юм. 


2024 оны сонгууль шинэ системээр 126 гишүүн сонгох анхны сонгууль. Та энэ удаагийн сонгуулийн үр дүнг хэрхэн төсөөлж байна, танай нам УИХ-д олон суудал авна гэдэгт хэр итгэлтэй байна вэ? 


Хүн бүр итгэхийг хүсдэг, итгэлээ алдаж болохгүй. Гуравдагч хүчин гэж арай гэгээлэг, дэвшилтэт санаа дэвшүүлээд явж байгаа нь ард иргэдэд нэмэлт сонголт хийх боломж олгож байна. Нэр дэвшигчдийг олноор нь сонгоод гаргаад ирсэн тохиолдолд төлөвлөсөн бодлого, мэргэжилтэн боловсон хүчин, хүний нөөц байна, гүүр болоод ажиллах сэтгэл зүтгэл байна. 


Сонгуулийн үр дүнг сонгогчидтой холбож ойлгодог. Иргэд боловсролгүй, ядуу байгаа учраас мөнгөөр саналаа худалдаад байна гэдэг. Энэ тал дээр таны байр суурь? 



Энэ нь сонгогчдын боловсролгүй байдлаас илүү мөнгө тарааж буй нам, улс төрийн хүчний боловсролгүй байдал гэж харж байна. Хэрэв тэд сонгогчид боловсролгүй байна гэж үзэж байвал сонгогчдын боловсролыг дээшлүүлэх үүрэг байгаа шүү дээ, ялангуяа анх удаа шинэ системээр сонгууль өгөх энэ үед. Сонгогчдыг бид голж болохгүй, тэд хэрсүү болсон, ялгах чадвартай болсон. Мөнгө төгрөгөөр санал худалдаж авч байгаа нь тэднийг басаж байгаа хэрэг шүү дээ. Улс төрд хэлний бодлогын хүн, хэлний бодлогын хүн яах аргагүй хэрэгтэй байна. Монголоо монголоор нь авч үлдэх нь чухал байна. Таны улс төрийн ажил үйлсэд амжилт хүсье. Бидний нэвтрүүлэгт уригдан оролцож, ярилцсанд баярлалаа. 


Ярилцсан: Г.Идэр