
1939 оны Халх Голын дайн, 1945 оны Чөлөөлөх Дайнаас тодорсон баатар, алаг морьт Лодонгийн Дандарын ахмад сэтгүүлч Б.Цэрэнноровт 1966 онд өгсөн ярилцлагын хэсгээс хүргэж байна.
Таныг нэг өдөр халимагаа авахуулсан, бүх дарга нарынхаа халимагийг ч авахуулсан гэдэг яриа бий.
-Би үсээ авахуулсан шүү. Халхын голын дайны үеэр би газар орны байдал ажихаар тагнуул хийлээ.
Нэгэн толгойн өвөр дээр японы хяналтын байр байхыг анзаарлаа. Нэг япон офицер үе үе нуувчнаасаа цухуйж дурангаар манайхны чиглэл рүү харчихаад далд орж байна аа. Нуувчных нь аман дээр гар буу, гранат, мөн том цүнх байх нь харагдлаа. Харин япон офицер газрын зураг дээр ажиллаж, юм тэмдэглэж байх юм.
Тухайн үед би залуу ч байж, жаахан ойворгон байсан байх. Тагнуулчиддаа “Амьд хэл авчирсангүй, яаж амьд хэл барьж ирдэгийг харуулна” гэж зэмлэдэг байлаа. Тэгээд л тухайн үед надад яг одоо л амьд хэл барьдаг цаг гэж аазгай хөдөлсөн. Тэгээд цуг явсан морин жолооч тагнуулын даргадаа; -Морь малаа далдлан эндээ хүлээ гээд сэмээрхэн гэтэж мөлхөв.
Бас зүгээр ч үгүй ээ, чимээ гарна гээд хөл нүцгэн явсан. Ингээд япон цэргийн арын бутанд хүрлээ. Авч яваа нагаан буундаа дүүртэл нь сум хийлээ. Бас гарыг нь хүлэх олс авч явсан гээч. Нэг, хоёр метрийн хэртэй газар ойртож очив. Гэтэл өнөөх япон босоод ирлээ. Нэлээд том биетэй хүн ажээ. Би ч дав хийн араас нь мордож аваад нуувчнаас нь гаргав.
Бид хоёр дээр, доороо орон ноцолдож, хэд хэдэн удаа элэг, шанаанд нь хүчтэйхэн буулгатал, өнөөх япон намайг үсдэж аваад доороо хийчихсэн.
Тэгээд элгэн дээр өвдөглөж, нэг гараараа хоолой багалзуурдлаа. Амьсгал боогдоод, ухаан балартаад алууллаа л гэж бодлоо. Энэ үед урьдах тэлээнд хавчуулсан буу гарт таарлаа. Бууныхаа гохонд хүрч гэдэс рүү нь хэд хэд буудлаа. Дээрээс дарсан том хүний хоолойд минь шигдсэн лужир гар суларлаа. Түлхэн унагаж босч иртэл, надтай хамт явсан нөхөд давхиад ирлээ.
Үсээ туг тугаар нь зулгаалгасан, хуйх ч өвдөж, үсээ авахуулан улмаар тагнуулчдынхаа ч үсийг хуссан. Тэр япон офицерын ажиллаж байсан газрын зураг ямар ч амьд хэлээс үнэтэй мэдээлэл байсан юм шүү.
Сэтгэгдэл1
Baabartanguud bol halh gold dain boloogui, mongolchuud baildaagui geed baidag biz deee