sonin.mn

АН-ын дотоод эв нэгдлийг удаан ярьцгаалаа. Хайран сайхан нам гэж гаслагчид түмний дунд олон, олон. Нэгэн цагт төрийн эрх баригч нам байхдаа ч муу хэлүүлсээр буугаад одоо гудамжинд лааз өшиглөсөн шиг халаглал дүүрэн амьсгалж ч чадахгүй нам болжээ. Хөнжил дотроо л тийчигнэлдээд байгаа харагдах юм.


Хэдийгээр Л.Гантөмөр Ерөнхий сайд болох томилгоотой, ялсан тохиолдолд байгуулах Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарласан зурагт хуудас хаа сайгүй цацагдсан ч гүжирдлэг гэх залруулга хийж орхив.


Дараа нь, дахиад л нэг зурагт хуудас цацагдсан нь Х.Баттулга Ерөнхий сайд болоод хүргэнээ хажуудаа аваад онцгойгийн сайд болгох жишээтэй. АН дотроосоо иймэрхүү мэдээлэл цацаад байгааг бүгд л хэлж байна. Шалтгаан нь, нам доторх баг, багаараа л ахиухан санал авах. Түүний тулд намын нөхдөө харлуулж, иргэдийн дургүйцлийг төрүүлэхэд л чиглэж буй юм. Ийм тодорхой зүйл дээр би биш гэж мянгантаа чарлав ч итгэх хүн гарч ирэх нь юу л бол.


Ерөнхийдөө АН-ын ан цав ямар их томорсны л жишээ. Бас тэдний хэн, хэн фракц үүсгээд нам дотроо жийлцээд байж суух аргагүй давчдаад байгааг л харуулсан үлгэр юм даа. Нэг нь Ц.Элбэгдорж, нөгөө нь Х.Баттулга гээд хэргийн эзэд ч гараад ирлээ.


“Бүтэн Монгол, Бүрэн ардчилал”-ыг тэд тогтоож чадах нь уу, үгүй юү?! Хаашаа ч юм бэ дээ. Мятав нь авна уу, Шадав нь авна уу, хамаа алга гэдэг шиг Ардчилсан нам хэнийх байх нь ёстой падгүй хэрэг. Энэ хэд эвлэж нэгдээд сонгуульдаа ялчихаад эрх мэдлээ хуваалцаж болдоггүй юм уу. Эсвэл бүр ээлжээрээ хоолонд ордог жишгээ барьчихаж болохгүй юм уу? Ийм бодол тэдэнд төрсөнгүй гэж үү? Сонгуулийн өдрүүдийн түйвээнийг харжээ суухад иймэрхүү л бодлууд хөврөх юм. Яалаа гэж тийм бодол төрөхгүй байх билээ, тэдэнд. Төрөхийн дээдээр төрсөн боловч талцагчдын тэмцлийн гол зорилго намаа өөр дээрээ авахад л оршиж буй хэрэг. Хүмүүс бол АН-ын задралыг эрх баригчид намтай хийсэн тохиролцооны үр дүн гэж сэрдэж байгаа боловч чин үнэндээ зөвхөн намаа л хувьчлах гэсэн дотоодын алалцаан гэдгийг ухаарах хүн цөөхөн байх шиг. Мэдээж буруутан хэрэгтэй учраас талцсан ч гэсэн намын гишүүд нь лидерүүдээ сохроор шүтчихээд тэр гэж чигчилсэн болгоныг нь автоматаар зүхдэг рефлекстэй л болчихсон. Тийм учраас дайсан гэж харсан бүхнээ хэл амаар дайрч суудаг юм.


Өмчлөх сэтгэхүйн хар гайгаар шинэ засагт суудал олж авах бүлэглэл хоорондын тэмцэл Ардчилсан намын аминд хүрнэ шүү!


Өрнөж буй үйл явдалуудын дүр зургийг бүдүүвчилж авч үзвэл АН-ынхан хагарснаа эвлүүлж чадахгүй байгаа учраас л энэ сонгуульд ялна гэсэн итгэл муутай орсон нь ёстой л мордохын хазгай болчихоод үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигналдаж байна шүү дээ. Явж, явж тэдний үүрийг хэн эвдэв? Тэд өөрсдөө л шүү дээ. Нууц товчоонд Хэрэйд улс мөхөж, үнсэн дунд хаягдсан өвгөн ван Тоорил хүүгээ загнадаг үзэгдэл гардгийг нэхэн санавал амьсгалж чадахгүй амь тэмцэх АН-ын бодит дүрслэл нүдэнд чинь шууд л буугаад ирнэ.