sonin.mn

ДОХА, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /CNN/. Израил, ХАМАС бүлэглэл хоорондын түр эвлэрэл баасан гарагт орон нутгийн цагаар өглөөний 07:00 цагт эхэлж, 16:00 цагт барьцаалагдсан энгийн иргэдийг суллана гэж Катарын тал пүрэв гарагт мэдэгджээ.


Катарын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мажед Аль-Ансаригийн хэлснээр, 13 эмэгтэйчүүд, хүүхдүүд суллагдана. Барьцаалагдсан хүмүүсийг Газын зурвасаас сулласны дараа 16:00 цагийн орчимд олон палестин хоригдлыг суллах төлөвтэй байна гэж тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.



Суллагдсан хүмүүсийн явах замыг аюулгүй байдлын үүднээс тодорхой мэдээлэх боломжгүй гэж М.Аль-Ансари CNN телевизийн сэтгүүлчийн асуултад хариулах үеэрээ хэллээ. Катар улс Улаан загалмай нийгэмлэг болон “мөргөлдөгч талууд”-тай энэ ажиллагааны талаар нягт хамтран ажиллана гэдгийг тэрбээр мөн онцолжээ. Барьцаанаас суллагдах хүмүүсийн жагсаалтыг Израилын тагнуулын алба болох “Моссад”-д хүлээлгэн өгсөн бөгөөд зуучлагч бүх талын яриа хэлэлцээ өнөө өглөөг хүртэл үргэлжилсэн гэж М.Аль-Ансари мэдэгдсэн байна.


Израилын тал “жагсаалтыг нарийвчлан шалгаж байгаа бөгөөд барьцаалагдсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй холбоо тогтоож байна” гэж Израилын Ерөнхий сайдын Арабын ертөнц дэх хэвлэлийн төлөөлөгч Офир Гэндельман өөрийн X /хуучнаар Twitter/ хуудсанд бичжээ.



Түр эвлэрэл пүрэв гарагт эхлэх байсан боловч хойшлогдсон юм. Израил-ХАМАС-ын тохиролцсон хэлэлцээрийн дагуу Газын зурваст барьцаалагдаад байгаа хүмүүсээс хамгийн цөөндөө 50 хүнийг суллах ёстой.





Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг