126 гишүүнтэй анхны парламент ээлжит бус хуралдаанаа хийж, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсвийн тодотгол зэрэг нэн чухал асуудлуудыг хэлэлцэж байна. Энэ парламентаас олон нийт мэдээж олон асуудлын үр дүнг хүлээж байгаа. Арга ч үгүй юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэхдээ хууль батлагчид олон зүйлийг амлаж байв.
Зармыг нь сануулбал, 126 гишүүнтэй парламент бий болсноор эрх мэдлийн төвлөрөл буурна гэжээ. 126 хүний зардал, орон байрны тоог нэмэхгүй санхүүг зөв зохистой хуваарилснаар УИХ-ын гишүүн болчихвол хэмжээлшгүй эрх мэдэлд хүрнэ гэсэн буруу ойлголт арилгана гэж үзсэн.
Хоёрдугаарт, нутгархах, тойрогжих хандлага хоёр дахин буурч, улсын төсөв том хөрөнгө оруулалтад зарцуулагдана гэсэн эерэг хүлээлттэй байгаа. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай яриа анх гарч эхлэхэд л УИХ-ын дарга асан Г.Занданшатар болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс тойрог төлөөлөх улстөрчийн тоог нэмэхгүй бас хасахгүй гэдэг байр суурийг хатуу илэрхийлсэн. Түүндээ ч хүрч чадсан. Улсын төсвийг 76 хэсэгт хувааж тарамддаг, эдийн засгийн нэн чухал хуулийн төслийг хөдөлгөх зардалгүй болтлоо төсвийн бялууг зүсэж байсан 30 жилийн алдааг дахиад давтахгүйн тулд пропорциональ буюу намын жагсаалтыг оруулж ирэх шаардлага бий болсон. Нэг үгээр хэлбэл, энэ зохицуулалт нийгмийн хүлээлт байлаа.
Түүнчлэн 126 гишүүнтэй болсноор парламентын дархлаа буюу нэр хүнд сэргэнэ гэжээ. Хууль батлахад гишүүд илүү олуулаа байх, Байнгын хороо болон Их хурлын ирц чанартай байх, тэр хэрээр чанартай хууль батлагдах, дагаад парламентын нэр хүнд өсөх, сонгодог парламент буюу эрүүл мэтгэлцээнээс эрүүл хууль төрдөг байх зарчмаа хадгална гэсэн хүлээлттэй байгаа.
...Товчхондоо, нийгмийн хүлээлт ийм. Гэвч 126 гишүүнтэй парламентын үйл ажиллагаа эхнээсээ хүлээлтэд хүрэхгүй унаж мэдэхээр байна. Уг нь ээлжит бус чуулган эхлэхийн өмнө шинээр сонгогдсон гишүүдийг УИХ-ын Тамгын газраас сургалтад хамруулж, УИХ-ын гишүүний үйл ажиллагаа, ёс зүйн асуудлаар мэдээлэл өгсөн ч ээлжит бус хуралдаан эхлэхтэй зэрэгцэн зарим гишүүний ёс зүйн асуудал яригдлаа. Улмаар Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдаж, нэг гишүүнд сануулах арга хэмжээ авав. УИХ-ын гишүүн өөр улс оронд зорчихдоо ямар дүрэм журам баримтлах вэ гэдгээс эхлээд хуралдаанаас хэрхэн чөлөө авах вэ гэдгээ ч мэдэхгүй, ойлгохгүй гишүүн олон байна.
Дараагийн нэг асуудал нь 126 гишүүний ирц хангалтгүй байгаа. Өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн хуралдаан гэхэд 50.8 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Энэ талаар нийгэмд шүүмжлэл өрнөөд авна лээ. Тойргоос сонгогдсон гишүүд рүүгээ залгаж хуралдаа суухыг сануул гэсэн яриа ч өрнөж байна. Энэ бол жижиг асуудал биш л дээ.
Мөн хамгийн сүүлд өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн хуралдааны үеэр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлт нь хор уршигтай болсон учир буцаах ёстой гэж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн үзсэн. Тэрээр “Шинээр орж ирсэн 126 гишүүн дөнгөж ширээ, сандалтайгаа танилцаад явж байхад нь төсөв мөнгөний томоохон хуулиуд оруулж ирж хэлэлцэх нь буруу. Та бүхэн "кноп"-ндоо битгий гар хүрээрэй. Энэ асуудал бол улс орны чинь аюулгүй байдалтай хамааралтай шүү” хэмээсэн. Сангийн сайд Б.Жавхлан хариуд нь “Г.Тэмүүлэн гишүүн ээ, попорлоо гэхэд улс орноороо тоглож болохгүй. Энэ хүний хийсэн өөрчлөлтөөр "өр"-ийн хязгааргүй болсон байгаа шүү” хэмээн маргалдаж, санал хураахад 108 гишүүнээс 57 нь дэмжихгүй кнопыг дарж, парламент тус хуулийн төслийг унагасан юм. Шинээр сонгогдсон гишүүд маань үнэхээр учраа олж, хуулиа уншиж, аль нь зөв аль буруу болохыг мэдэлгүй л “кноп”-оо дарж байгаа харагдсан. Уг нь энэ парламентаас олон нийт олон өөрчлөлт шинэчлэлтийг хүлээж байгаа. Гэвч эхнээсээ зэс нь цухуйгаад эхлэв үү. Шинэ 126: Хүлээлт, уналт... энэ асуудал цааш хэрхэн үргэлжлэх бол.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Даваа - 04 сарын 13,
2026
Сэтгэгдэл7
Энэ Номт хуралдаа суухгүй байгаа биз дэ ! Суу гэвэл хуц гэх байх ! Бас Жёнко үзэгдэхгүй байгаа биз дэ тэгэж жижигрэх хүн биш !
Номтойбаяр Данх Домбо хоёрын өрөөнд дайрч ороод орилуулан хошногоддог болсон гэж саарал ордноор нэг ярьцгааж байна..
Манай улсын үе үеийн парламент дандаа хог шаарнууд, хулгайч авлигчин лалруудын цуглуулга байсан! Одоо ч хэвээрээ, бүр 126 хог шаарнууд болчихсон! Сайн шудрага хүмүүсээс бүрдсэн парламентай байсан бол монгол улс Азийн хамгийн аз жаргалтай, хөгжилтэй улс ( ер нь Норвеги улс шиг болчихсон байх ) болох байлаа!
Монголыг ийм байлгах дотоод, гадаад сонирхол их байна. Гадаад улсууд монголоос хүссэн зүйлээ авахын тулд монголын хамгийн ховдог шунахай хүмүүсийг ашигладаг нь нууц биш. Иймд одоо Монголд гадаад нөхцөл байдал хүндэрч дайн дажин өргөжин тэлэх замбараагүй цаг үеийг нь ашиглаад дотоодын шуналтай хулгайч нарыг боломжоороо цөөлж устгах хэрэгтэй.
Хүлээлт үгүй - уналт бяц ...
МАН с салаагүй цагт Монгол улсын мөхөлтэй нүүрлэнэ
Тоо ба чанарын асуудал нь эсрэг хамааралтай байдаг нь хууль юм. Нэг талаас ард түмний сонголтоор бус намын жагаалтаар орсон гишүүдийн хувьд ямар нэг шалгуур байхгүй. УИХ-ын чууоганы хуралдааныг ТВ -ээр харж байхад хэлэлцэж байгаа асуудлын учрыг олж байгаа гишүүд нь нийт гишүүдийн 20 хүрэхгүй хувь байгаа бололтой. 126 гиүүнтэй боллоо гээд хууль баталахад олон гишүүдийн оролцоо сайжирна гэдэг нь эхнээсээ лөөлөө болж байна.