sonin.mn

УЛААНБААТАР, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /Embassy of the Kyrgyz Republic in Mongolia/. Киргизийн “Бакай Банк” сэжигтэй үйл ажиллагаанд холбогдсон гэх мэдээлэл үндэслэлгүй болох нь Брюсселийн шүүхийн шийдвэрээр тогтоогджээ. Ингэснээр тус банк нь Польш-Бельгийн “Нээлттэй яриа хэлэлцээний сан” (Open Dialogue Foundation, ODF) ТББ-ын эсрэг гаргасан нэхэмжлэлдээ ялсан байна.


Тус ТТБ нь “Бакай Банк”-ийг ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг тойрч гарах схемд холбогдсон гэх утгатай нийтлэлүүдийг 2023 онд нийтэлж, тус банканд хориг арга хэмжээ авахыг санал болгожээ.


Үүний дараа “Бакай Банк” уг мэдээллийг худал гэж үзэн ODF-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Брюсселийн франц хэлт бизнесийн шүүх “Бакай банкны” талд шийдвэр гаргасан байна. Шүүхээс ODF нь ноцтой, санаатай шинжтэй буруутгасан мэдэгдэл гаргасан атлаа тэдгээрийг нотлох хангалттай баримт бүрдүүлээгүй гэж үзэн, тус байгууллагад маргаантай нийтлэлүүдийг устгах, шүүхийн шийдвэрийн бүрэн эхийг цахим хуудасныхаа нүүр хуудсан дээр байрлуулах, мөн шүүхийн зардлыг төлөх үүрэг оногдуулсан байна.


Үүнтэй зэрэгцэн Киргиз Улсын өөр нэг “Керемет Банк” нь ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг тойрч гарсан байж болзошгүй гэх үндэслэлээр АНУ болон Их Британиас хориг арга хэмжээ авчээ. Мөн “Капитал Банк” Их Британийн хоригт багтжээ.


Эдгээр хориг арга хэмжээнүүд нь нотлогдсон бус өөрөөр хэлбэл банкуудыг зөвхөн хоригийг тойрч гарсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа юм. Одоогоор АНУ, Их Британи улсуудын аль аль нь зөрчил гаргасан тухай тодорхой нотлох баримтыг олон нийтэд танилцуулаагүй байна. Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров дотоодын банкуудтай холбоотой ийм төрлийн мэдээллийг удаа дараа няцааж, хориг арга хэмжээ нь зарим төрийн бус байгуулллага, ёс суртахуунгүй этгээдүүдийн тараасан худал, баталгаагүй мэдээлэлд үндэслэсэн гэдгийг онцлон мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр улсынхаа банкны үйл ажиллагааг бодитоор шалгуулахын тулд хараат бус олон улсын аудит явуулахад Киргиз Улс бэлэн буйг илэрхийлсэн байна. 


“Бакай Банк”-тай холбоотой Брюсселийн шүүхийн шийдвэр нь Киргиз улс олон улсын эрх зүйн хэм хэмжээг чанд мөрдөж буйн, мөн гадаадын хууль эрх зүйн орчинд дотоодын бизнесийн ашиг сонирхлыг хамгаалахад бэлэн байгааг нотлох хүчтэй баримт боллоо. 


Хэдийгээр зарим банкны эсрэг хориг арга хэмжээ авах үндэслэл болох тодорхой нотлох баримт байхгүй байгаа нөхцөлд төрийн байр суурь өөрчлөгдөхгүй хэвээр байна. Киргиз Улс санхүүгийн тогтолцооныхоо хууль ёсны үйл ажиллагаа, ил тод байдлыг нотлоход ямагт бэлэн байна гэж тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Аската Алагозова мэдэгджээ. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг