sonin.mn

БУЭНОС-АЙРЕС, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /TASS/. Перу улсад ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд барууны үзэл баримтлалтай "Ардын шинэчлэл" намын тэргүүн Рафаэль Лопес Алиага болон "Ардын хүч" консерватив намаас нэр дэвшигч Кейко Фүжимори нар тэргүүлж байгааг тус улсын Үндэсний сонгуулийн үйл ажиллагааны газраас танилцуулсан санал тооллогын дүн харууллаа.


Сонгуулийн саналын хуудасны 14.7 хувийг тоолж дууссаны дараах байдлаар сонгогчдын 21.5 хувь нь Рафаэль Лопес Алиагад, 16.9 хувь нь Кейко Фүжиморид саналаа өгчээ.


Харин Соёлын болон батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан, төвийн үзэл баримтлалтай “Сайн засаглалын нам”-аас нэр дэвшигч Хорхе Ньето 15.9 хувийн санал авсан байна. Перугийн ерөнхийлөгчийн сонгуульд нийт 35 нэр дэвшигч өрсөлдөж байна. Эхний шатанд ялахын тулд сонгогчдын 50-иас дээш хувийн саналыг авах ёстой. Хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч энэ босгыг давж чадахгүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч зургаадугаар сарын 7-нд болох хоёрдугаар шатны сонгуульд өрсөлдөнө. 


2022 онд Перу улсын нийслэл Лима хотын даргаар сонгогдож байсан Рафаэль Лопес Алиага ерөнхийлөгчийн сонгуульд оролцохын тулд 2025 оны 10 дугаар сард албан тушаалаасаа огцорчээ.


Тэрбээр хэрэв сонгуульд ялбал төрийн хүнд суртал, аппаратын тоог цомхотгох, АНУ болон бүс нутгийн барууны үзэлтэй удирдагчидтай нягт хамтран ажиллахыг зорьж байна. Аюулгүй байдлын салбарын тухайд тэрбээр гудамжны гэмт хэрэгтэй хатуу тэмцэхээр төлөвлөж байгаа бөгөөд Вашингтоноос тусламж хүсэхээ үгүйсгээгүй байна. Тэрбээр үр хөндөлт, эвтанази, ижил хүйстний гэрлэлтийг эсэргүүцдэг бөгөөд цаазаар авах ялыг дэмжигч юм.


Кейко Фүжимори бол 1990-2000 онуудад Перуг удирдаж байсан ерөнхийлөгч асан Альберто Фүжиморигийн охин юм. Тэрбээр өмнө нь гурван удаа ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд шалгарч байсан боловч ялагджээ.


Сонгуульд ялсан тохиолдолд хүчирхийлэл, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдтэй тэмцэхийн тулд цэргийн тагнуул болон зэвсэгт хүчний ангиудыг ашиглахаар төлөвлөж байна. Мөн шоронгийн тогтолцоог бүрэн шинэчлэх хүртэл хяналтыг нь цэргийнхэнд шилжүүлэх саналтай байгаа гэдгээ мэдэгджээ. Тэрбээр мөн АНУ болон бүс нутгийн барууны үзэлтэй удирдагчидтай илүү нягт хамтран ажиллахыг дэмжинэ гэдгээ илэрхийлж байв.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг