sonin.mn

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийв. Энэ үеэрээ тэд: "Ардчилсан намын хувьд улс төрийн намын тухай шинэчилсэн хуульд нийцүүлэн намын дүрмээ шинэчлэх ажлыг гурваас дээш сарын хугацаанд хийж, дотоод зохион байгуулалттай холбоотой ажлуудаа үндсэндээ дуусгалаа. Энэхүү үйл ажиллагаа нь сум, хороо, үүр, багийн түвшнээс эхлэн нийт 200,000 гаруй гишүүнийг хамарсан өргөн хүрээтэй ажил болсон.


Мөн 3–4 үе шат бүхий дотоод сонгуулийг зохион байгуулж, их хурлаа хийж, шинэ төлөөллийн төв байгууллаа. Ингэснээр Ардчилсан нам системийн хувьд бүрэн бүтэн болж чадлаа. Сүүлийн 10 жилийн турш зогсонги байсан үйл явцыг ердөө 3 сарын хугацаанд шахан хэрэгжүүлсэн нь нэлээд ачаалалтай байж, зарим гишүүдийн хувьд сэтгэл дундуур байдал үүссэн нь ойлгомжтой.


Гэсэн хэдий ч улс орон даяар 200,000 гишүүнийг хамарсан энэхүү үйл ажиллагаа нь тийм ч амар байгаагүй бөгөөд намыг илүү нээлттэй, орчин үеийн болгох дижитал шийдлүүдийг мөн санал болгож, амжилттай хэрэгжүүлж дуусгасан юм.



УИХ-ын гишүүдийг эгүүлэн татахтай холбоотой асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд 25 гишүүн оролцож, бүгд санал нэгтэйгээр уг хуулийг дэмжихгүй гэсэн шийдвэр гаргасан.



Ардчилсан нам энэхүү хуулийн үзэл баримтлал, зарчмын хувьд дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байна. Гэсэн хэдий ч тодорхой гишүүд өөрийн дотоод итгэл үнэмшлийн дагуу өөр байр суурь илэрхийлэх боломжтой гэж бүлгийн дүрмээр зохицуулсан.


Түүнчлэн Ардчилсан намын зүгээс УИХ-ын гишүүд иргэдийн адил хуулийн хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурийг баримталж байна. Харин УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг шүүхийн шийдвэр болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд үндэслэн УИХ-д танилцуулсны дараа хэрэгжүүлэхээр тусгасан нь парламентын бие даасан байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэж байна.

Ерөнхийдөө энэхүү хуулийн үзэл баримтлал нь УИХ-ыг дархлаагүй болгох агуулгатай бөгөөд Ардчилсан намын зүгээс үүнийг Монгол Улсын тусгаар тогтнол, иргэдийн эрх чөлөөнд ухралт авчрах эрсдэлтэй гэж дүгнэж байна." гэлээ.


Б.Төгсбаясгалан