sonin.mn

Орчин үед аль, ямар ч оронд хүн таван төрлийн үйл ажиллагаа эрхлэн аж төрж байна. Нийгэм-улстөрийн үйл ажиллагаа, хөдөлмөр-үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, соёл-шинжлэх ухааны үйл ажиллагаа, гэр бүл-аж байдлын үйл ажиллагаа, биеийн тамир-эрүүлийг хамгаалахын үйл ажиллагаанаас хувь хүний амьдрал бүтдэг гэж хэлж болох юм.


Гэхдээ хувь хүн нэг бүрийн өөрт нь наад зах нь зургаан ертөнц буй. Сав ертөнц (юмс, бодис), шим ертөнц (ургамал, амьтад) гэгдэх гадаад хоёр ертөнц, өөрийн бие ба хүний биед шимэгчилж амьдардаг микробууд хэмээгдэх дотоод хоёр ертөнц, үнэн мэдлэг, зөв мэдээлэл ба сүсэг бишрэлээс бүрдэх оюун санааны хоёр ертөнц – ийм зургаан ертөнцийн нийлбэр нөлөө, оролцоон дор хүмүүс оршиж, амьдардаг.


Дүрсэлж хэлэх аваас хүн бүхэнд орчин тойронд нь хоёр ертөнц, өөрийн нь биед хоёр ертөнц, мөн оюун санааны амьдралд нь хоёр ертөнц зэрэгцэн оршиж байдаг ажээ. Гадаад ертөнц буюу сав, шим ертөнцийн нөлөө, оролцоог хүмүүс сайн мэддэг, хоёуланг нь байнгад ашигладаг. Өөрийн оюун санааны ертөнц дэх үнэн мэдлэг, зөв мэдээлэл болон сүсэг бишрэлийн нөлөө, оролцооог ч хүмүүс аль нэгэн хэмжээнд ойлгодог, бас ашигладаг. Харин байгалиас авч төрсөн бие, эрхтэн болон бие, эрхтэнд нь шимэгчилж амьдардаг бактери, вирусын талаар, тэдний нөлөө, оролцоо, үүрэг, функцийн тухай хүмүүсийн мэдлэг XXI зууны 30-аад он гэхэд үнэхээр хангалтгүй, бүр чамлахаар, харамсахаар бага байна. Хүн бол эрхтэн нэг бүрийнхээ эзэн нь, бас ашиглагч нь мөн. Тэгэхлээр зөв эзэмших, зөв ашиглах, аль болохоор удаан ашиглах үүрэгтэй. Гэтэл эрхтэн нэг бүрээ хэрхэн ашиглах талаарх зааварчилгааг байгаль бидэнд өгөөгүй, нийгэм ч санаа тавих нь бага. Энэ байдлаас болоод хүмүүс богино насалж байна. Эрхтэн нэг бүрээ зохих зааврын дагуу ашиглаад, тордоод, “засвар үйлчилгээг” нь хийлгээд байх юм бол хэн ч болов 100-120 наслах боломжтой. Цахилгаан зуух, хөргөгч, телевизор гэхэд л ашиглалтын заавартай.


Автомашин ч ашиглах, үйлчилгээ хийх заавартай. Гэтэл бидэнд элгээ, бөөрөө, уушгиа, нойр булчирхайгаа, зүрхээ, ходоодоо, үе мөчөө хэрхэн зөв ашиглах талаарх заавар байхгүй. Ихэнх хүмүүс энэ тухай сонирхдог ч үгүй, тэдэнд үнэн мэдлэг, зөв мэдээлэл ч байхгүй. Мэдлэг, мэдээлэлтэй хүмүүс бол зөвхөн л эмч нар төдийхөн.


Өөрийнхөө тухай нарийн мэдлэг, бүрэн мэдээлэл үгүйгээр өөрийгөө аваад явж байгаа нь яг л мал, амьтан шиг гэж үнэлж ч болох талтай. Ууж болох бүхнийг уугаад, идэж болох бүхнийг идээд, хаана ямар ч агаараар амьсгалаад гахай, нохой шиг л явцгаах нь түгээмэл үзэгдэл юм. Одоо таван тивийн хүмүүс байгаль ээжийн бүтээж өгсөн махан бие (яс, арьс, булчин, шөрмөс, өөх, дотор эрхтэн), дээр нь нэмээд бидний биед шимэгчлэн амьдарч бидэнд сайнаар ч, муугаар ч нөлөөлж байдаг микробын ертөнцийг зөв ашиглаж, зөв тордож, эрүүл байж, урт наслах (100-120) хэрэгтэй байна. Бидний ааш зан, сэтгэл санаанд хүртэл нөлөөлж чаддаг микро биетийн ертөнцийг сайтар таньж, тэдний сөрөг нөлөөг үгүйсгэж байх ёстой юм байна. Өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй, соёлтой, хүмүүжилтэй, оюун ухаантай, төгс төгөлдөр хүн хэмээх амьтны ааш занд нь хүртэл зарим бактери, вирус хүчтэй нөлөөлдөг, бүр ааш авирыг нь удирдах хэмжээнд нөлөөлдөг гэдэгт хүмүүс ер итгэдэггүй юм. Уул нь энэ талаарх тод, хурц жишээ, бидний сайн мэдэх сөрөг үзэгдлүүд бэлхнээ байгаа юм шүү дээ. Галзуурсан хүн, согтуу хүн, мансуурсан хүн, угаартсан хүний биеэ авч явах байдал, үг үйлдэл нь ямар болдог билээ? Галзуугийн вирус, элдэв спирт, хар тамхи, угаарын хийн нөлөө мэтээр л зарим бактери, вирус хүнийг идэмхий ховдог болгодог, уур уцаартай болгодог, догшин ааш авиртай болгодог юм байна. Хэрүүл маргаан, зодоон, тэмцэл хаа сайгүй үүсгэж явдаг хүн бол тийм нөлөө үзүүлэгч вирус, бактерийн халдвар авсных болох нь удахгүй шинжлэх ухаанаар нотлогдох болно. Хүний сэтгэл санаа, ааш авирт нөлөөлж ширүүн, догшин болгодог бактерийг судлаачид олж ТОКСОПЛАЗМОЗ хэмээн нэрлээд байгаа билээ. Энэ талын судалгаа, нээлт өнөөдөр дөнгөж л гараан дээрээ байгаа юм.


Этилийн спиртын үйлчилгээ, хар тамхины нөлөө гэхэд л хүнийг хүн биш шахуу болгочихож байна шүү дээ. Бактери, вирусууд эд эсийг эвдэлнэ, хүнд хор хөнөөлтэй ялгадас гаргана, мэдрэлийн эсийг үхүүлнэ, дархлааны эсийг хөнөөнө, олон олон муу үр дагавартай. Ингэхлээр хүний биед шимэгчилж амьдардаг олон тэрбумаар тоологдох бактери, вирусуудтай бид “тооцоо бодох, учраа ололцох” цаг нь болчихжээ.


Сав ертөнц, шим ертөнц, өөрийн бие, биен дэх микро ертөнц, оюун санааны ертөнц дэх үнэн мэдлэг, зөв мэдээллийн сан, мөн сүсэг бишрэлийн хуурамч сан хөмрөг гэсэн энэхүү зургаан ертөнцөө хүмүүс өөртөө зохистой, хор хөнөөлгүй, муу үр дагаваргүй байлгах, болгохын төлөө жинхэнэ ёсоор, шинжлэх ухаанчаар ажиллах, тэмцэх хэрэгтэй байна. Энэ бол зөв арга зам, мөр юм. Урд өмнө нь байгальд байгаагүй, амьд амьтад харьцаж байгаагүй синтетик материал нэг бүрийн сайн, муу нөлөөг ч хүмүүс бид бүрэн гүйцэд судлаагүй, мэдээгүй байгаа билээ. Савласан усан дотор гэхэд л хуванцар материалын үртэс, тоос мэдээжээр их л байгаа. Тэдгээрийн нөлөө, үр дагавар алсдаа яаж гарах болоо? Хиймэл хүнс, генийн өөрчлөлттэй үр жимс, муу үр дагавартай эм, бэлдмэл, синтетик бүс даавуу гээд л эргэж шалгах, нягтлах зүйлүүд мөн ч олон байна даа. Алсын, холын нөлөө, үр дагаврыг нь урьдчилан таниагүй, тооцоогүй өч төчнөөн “шинэ, ашигтай” бүтээгдэхүүн нэг бүрийг л эргэж “сэрдэх, сэжиглэх” нь зүйтэй байх. Гишгэсэн мөр бүхнээ харах, шалгах цаг ирчихлээ. Хүнийг байгаль бүтээсэн болохоор хүний бүх шинж, чанар байгалиасаа объектив хамааралтай байх нь ч тодорхой юм. “Вирус-бактери-хаг-замаг-нэг эст бүдүүлэг биет-олон эст бүдүүлэг биет-ургамал-амьтан-хүн” гэсэн хэлхээ, замнал бол байгаль дахь хувьслын түүх. Энэнээс цааш нь хүн хэмээх оюун ухаант амьтны өөрийн нь хувьслын түүх эхэлдэг. Энэ хувьсал орчин, нөхцөлөөсөө (гадаад, дотоод), мөн субъектив хүчин зүйлүүдээс хамааран явагдах нь тодорхой юм. Субъектив хүчин зүйлүүдээсээ болоод мөнхүү хувьсал элдэв гажигт орох, хүмүүсийн бодлого, болгоомжгүйн улмаас хүн төрөлхтөн өөрийгөө мөхөөж ч болох талтай. Байгалийн хэвийн хувьслынхаа жам, ёсыг хэтэрхий гажуудуулснаар зүйлээ, удмаа хадгалж, үргэлжлүүлж чадахгүйд хүрч ч болох юм. Ухамсар, бодлогоор хувьслыг жолоодно гэдэг бол амар ажил огт биш. Багаахан алдаа гарахад л том үр дагавар, засах, залруулах боломжгүй нөхцөл, байдал үүсэж ч мэднэ…


Хүний сэтгэлзүйн олон үзэгдэл, төлөв байдал нь уураг тархинд явагдаж буй биохимийн урвал, тэнд үүсэх гормонуудтай холбоотой ажээ. Хайрлах, дурлах үзэгдэл ч гэсэн хэд хэдэн гормоны үүсэлтэй уялдаж буй болдог нь нотлогджээ.


Харилцан бие биендээ таалагдсан бусъектив үнэлгээ нь уураг тархинд биохимийн урвалыг дагалдуулж 2-4 гормоны ялгарлаар баталгаажиж байгаа нь хайр дурлал бол объектив, бас субъектив талуудтай үзэгдэл гэдэг нь нотлогдож байна. Иймээс хайр сэтгэлийг зөвхөн л физиологийн хэрэгцээ мэтээр өрөөсгөлөөр үзэж болохгүй нь тодорхой юм. Хүн өөрийгөө байж болох бүх талаас нь судалж таниагүй байгаа атлаа амьтны хувьд өөрт нь хорлол болж ч мэдэх элдэв үйлдлийг хийх, элдэв бодис хэрэглэх, зүй бусын гэхээр туршилтуудад өөрсдийгөө өртүүлэх нь ухаалаг алхам биш болно. Хүнийг хүн чигээр нь, хүмүүн төрхөөр нь, байгалиас бүтээгдсэн тэр л эх янзаар нь үлдээх, жам ёсны нь хувьсалд сөргөөр нөлөөлөхгүй байх нь чухал юм. Энэ талаар бодох, анхаарах цаг нь бас ирчихээд байна. Хүмүүсийг улам бүр л хүмүүнлэг, энэрэнгүй, ёс суртахуунлаг, хариуцлагатай иргэд болгон хүмүүжүүлэх нь ирээдүй цагийн шаардлага, захиалга билээ. Энэ гол шугамаас гажих, зайлсхийх нь өөрсдөд нь ч, мөн өрөөл бусдад ч хорлол болох нигууртай. Ирээдүй судлалын нэг чухал салбар бол хүний ирээдүй судлал, өөрчлөгдсөөр байдаг нийгмийн нөхцөл дэх хүний хувьслын асуудлууд юм.



Судлаач, профессор Д.Чулуунжав