ВАШИНГТОН, 2026 оны тавдугаар сарын 4 /DW/. Ормузын хоолойд бүслэгдээд гарч чадахгүй байгаа, төвийг сахисан орнуудын хөлөг онгоцуудыг АНУ-ын хөлөг онгоцууд дагалдан хамгаалж гаргана гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт "Truth Social" нийгмийн сүлжээндээ мэдэгджээ. “Эрх чөлөө” (Project Freedom) нэртэй энэхүү ажиллагаа Ойрх Дорнодын цагаар даваа гаргийн өглөө эхлэх аж.
“Дэлхийн янз бүрийн бүс нутгаас ирсэн, Ойрх Дорнодод болж буй үйл явдалд ямар ч байдлаар оролцоогүй хөлөг онгоцуудыг гаргана” хэмээн тэрбээр тодруулсан байна.
Энэхүү ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг гуравдагч орнуудын хүсэлтийн дагуу гаргасан бөгөөд тэд өөрсдийн хөлөг онгоцуудыг хаагдсан далайн гарцаас гаргаж өгөхийг хүссэн гэж тэрбээр хэлжээ. Тэрбээр хэлэхдээ, Ормузын хоолойд гацсан хөлөг онгоцуудыг “төвийг сахисан, гэм зэмгүй ажиглагчид” гэж тодорхойлсон байна. “Хөлөг онгоцуудыг шилжүүлэх нь ямар ч буруу зүйл хийгээгүй хүмүүс, компаниуд, улс орнуудыг чөлөөлөхөд чиглэж байгаа. Тэд бол зүгээр л нөхцөл байдлын золиос болсон” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч бичжээ.
Д.Трамп мөн уг ажиллагаанд саад учруулахгүй байхыг уриалсан байна. Түүний хэлснээр, энэхүү ажиллагаа нь АНУ, Ойрх Дорнодын орнууд, тэр дундаа Ираны зүгээс хийх “хүмүүнлэгийн дохио” болох аж.
“Эдгээр хөлөг онгоцны ихэнхэд хүнсний нөөц болон багийн гишүүдийн эрүүл мэнд, ариун цэврийн нөхцөлийг хангахад шаардлагатай зүйлс дуусаж байна. Энэ бол сүүлийн саруудад ширүүн тулалдаж байсан талуудын сайн санааг харуулах чухал алхам болно” хэмээн тэрбээр онцолсон байна. Ормузын хоолойгоос гарсан хөлөг онгоцууд тус бүс нутгийн далайн тээвэр аюулгүй болох хүртэл эргэж ирэхгүй гэдгийг Д.Трамп дурдсан байна.
"Хэрэв энэхүү хүмүүнлэгийн үйл явцад ямар нэгэн байдлаар саад учруулбал, харамсалтай нь тэр хөндлөнгийн оролцоог хүчээр шийдвэрлэхэд хүрнэ" гэж тэрбээр анхааруулжээ.
Д.Трамп Ираныг мөн адил хүмүүнлэгийн алхам хийнэ гэж мэдэгдэж байгаа боловч тус улсын өндөр албан тушаалтан АНУ-ыг хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулав. "АНУ Ормузын хоолойн далайн тээврийн шинэ дүрэм журамд ямар нэгэн байдлаар хөндлөнгөөс оролцох нь гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн явдал гэж үзэх болно" гэж Ираны парламентын Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга Эбрахим Азизи даваа гарагт "X" (хуучнаар Twitter) нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 05 сарын 04,
2026
Сэтгэгдэл1
ОРМУЗЫН ХООЛОЙГООР ГАРЧ ДУУССАНЫ ДАРАА ИРАН РУУ ГАЗАР АГААР ТЭНГЭСЭЭР ҮНСЭН ТОВРОГ БОЛТОЛ ДОВТЛОХ ГЭЖ БАЙГАА ЮМ ТРАМП ГУЙЖ БАЙГААД ЗЭРЛЭГ ЮМ ХИЙНЭ ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ЯПОН СОЛОГОСЫН МАЛАКИЙН ХООЛОЙГ ХААСАН ХЯТАД БҮСЛЭГДСЭН БАЙГАА ЯМАР УЛСЫН ОНГОЦ БАЙГААГ ТОДРУУЛЖ ХЭН АМЕРИКИЙН ТАЛД ОРСНЫГ ТОДРУУЛАХ НЬ ИРАН ЗҮЙН ХЭРЭГ ТРАМП ХУДАЛ ХЭЛЖ АРГА БАРЖ БАЙННА