sonin.mn

/Тувад аялсан тэмдэглэл-2/


Кызыл буюу Улаан хот хүртэл хилээс 316 километр давхина. Цаг бараг 18 болж байна. Зам сайн хэдий ч хурдны хязгаарлалт, торгуулийн нарийн системтэй тул 4 цаг гаруй лав давхина. Жолооч Бямбадорж маань манай багийнханд нутгийн сонин сайхан, үүх түүхээс мэдсэн сонссоноо оочин цоочин хуучилна. Машины цонхоор нутгийн байдлыг тольдон хараачилахад хоёр нүд хүрэлцэхгүй тэвдэм. Сац бас газар орны нэр бичсэн замын хажуугийн пайз нэг бүрийг ажиглаж нэрсийг уншиж монгол нэр хэрхэн оросчлогдож байгааг ярилцаж явлаа.


ЯГ Л МОНГОЛ...


Хилээс цааш Монголын нутгаас ялгагдах зүйлгүй нүцгэн тал, аль хэдийн үс ургахаа больсон халзан толгой мэт мөлчгөр уулс үргэлжилнэ. Хаврын урь орж салхины эрч намжсан ч өнгөө засаж хараахан амжаагүй бэлчээрт хаа нэг хонь, заримдаа үхэр, ховорхон адуу бэлчиж харагдана. Бас энд тэнд уулын суга, бэлд, заримдаа голын ойролцоо өвөлжөө, намаржаа, зуслан байсгээд тааралдана. Монгол гэр ч мэр сэр үзэгдэнэ. Шургаагаар сараалжлан барьсан малын хашаа, саравчийг тойроод ханзарсан цаснаас ил гарч харлан харагдах өтөг бууц сэлт дэндүү танил дотно. Яг л Монгол. Тэр байтугай хонио мотоциклиор хариулж байна гээч.


бичвэр нарын зураг байж магад

-Хүүе, эд чинь хонио мотоциклоор хариулж байна уу даа?! Бямбадорж маань:


-Харин тийм ээ, наадуул чинь уг нь мориор хариулдаг байсан юм, саяхнаас манайхныг дуурайгаад мотоциклоор хариулдаг болчихсон. Ер нь юм юман дээр Монголыг их дуурайна аа... гэж байна. Малаа мотоциклоор хариулж байгаа нь тиймхэн боловч Монголоо дуурайдаг нь сэтгэлд таатай сонсогдлоо.


Монгол нутагтайгаа хиллэн амьдрах тува нар малаа адгуулж яг л монгол хэв маягаараа амьдарсаар байна. Завхан аймагтай залгаа Тува нутгийнхан голдуу бог мал маллах бөгөөд Увс аймагтай залгаа хэсгээс эхлэн үргэлжлэх хойд нутагтаа урт хөлийн мал голчлон маллана.


Завхантай залгаа Эрзин кожун буюу хошууны өмнөд сумдад монголоор ярьдаг ажээ. Манай хүн “Хил хуваахад хоёр отог халх сум хойно үлдчихсэн юм гэнэ билээ” гэв. Бямбаа “Бүр ах дүү нар таслагдаад хилийн наана цаана гарчихсан, одоо ч үр хойчоо мэдэлцэж уулзалддаг гэсэн шүү” гэж нэмэрлэлээ.


Тува Монголын хил дагуу малын хулгай байсгээд сонсогддог байсан нь сүүлийн үед арай намжаа юу даа. Малын хулгай хийж яваад хил зөрчиж амиа алдсан тувачууд ч бий. Улсын хил зөрчөөд буудуулсан бол амины хохь болохоос өөр аргагүй.


Тусгаар улсын дархан хил гэдэг үеийн үед, хэний хэнд ч халдашгүй эрхэм нандин, дархан байх учиртай. Тиймээс харуулын цэрэг эрс түүнийг нүд цавчих эрхгүй 24 цагаар ээлжлэн харуулдаж байдаг билээ л. Тувачууд бас эрийн гурван наадмаа хийнэ. Үндэсний бөхөө “Хуреш” барилдаан гэнэ. Тува бөхчүүдийн өмсгөл монгол бөхчүүдийнхээс ямар ч ялгаа байхгүй, зодог, шуудаг, малгай, гутал, малгайн залаа яг ижил. 2022 оны наадмаар Тувагаас 15 бөх ирж зодоглож байсныг тод санаж байна. Тэр наадмаар Тувагаас гадна Халимаг, Буриад, Өвөр Монголын бөхчүүд ирж улсынхаа наадамд зодоглосон нь хичнээн бахадмаар, баярламаар сайхан байсан билээ дээ. Тувагийн залуу бөх Монгуш бүр 3 давж байсан. Сайхаан. Ер нь монгол туургатнуудаа наадмаар олноор барилдуулдаг, хамт бэлтгэл хийдэг, нэг их даралгүй даваа, цол өгч баймаар санагддаг. Бөхийг зөөлөн хүчний бодлогодоо ашиглаж яагаад болохгүй гэж... Тувад Монгол Улсын цолтой бөх ямархан нэр хүндтэй байх бол? Морь уралдуулдаг соёл нь ч хэвээрээ. Нас насны дан жороо морьдын уралдаан байсгээд болдог гэлээ.


хөшөө дурсгал ба мод нарын зураг байж магад

БҮСГҮЙ МЭТ ХУС


Ийн хол ойрын хов жив хэсэг бусгаар хуучилсаар Монгол мэт тал нутаг нэг мэдэхэд алгуурхнаар ард хоцорч зам улам улмаар өндийсөөр ой шугуйн дундуур үргэлжлэв. Хуш, гацуур, нарс, шинэс хөглөрсөн өтгөн шилмүүст ойн дунд гөлөглөж амжаагүй цөөн навчит модод уйтгартай харагдах хэдий ч нарийхан, тэгш цагаан хус тэрхүү уйтгарыг сэргэтэл чимэглэнэ. Тэгсгээд дан хусан ойн дундуурх зам руу орж явчихлаа. Хусан ой үнэхээр үзэсгэлэнтэй. Тал газар алсын бараа ширтэж, уулсын оройг харуулдаж, нутаг орноо шинжиж явдаг бидэнд ойн дундуурх зам гоёхон бөгөөд сэтгэл сэргэм. Би тэсгэлгүй:


-Хус үнэхээр үзэсгэлэнтэй мод шүү... гэвэл Г.Аянга:


-Надад яг л бүсгүй хүн шиг санагддаг гэлээ. Нээрээ л эрчүүд тэгж хардаг байх даа, яруу найрагчид хусыг бүгд л гоо үзэсгэлэнт эмэгтэйтэй зүйрлэсэн байдаг нь ончтой. Оросын цагаан хусыг харсан ямар яруу найрагчийн, ямар эрийн, ер ямар хүний сэтгэл хөдлөхгүй байхав дээ... Бас түүнийг хамгийн гайхалтай энергийн мод гэх юм билээ. Бид шүүсийг нь ууж, холтсыг нь нойтон мод асаахдаа ашиглахаас хэтэрдэггүй байх.


Гэтэл хусан ойд зугаалахад зүйрлэшгүй ихээр энерги авч, эрүүлждэг. Хус модыг тэвэрч зогсоход аутизмтай хүүхэд идэг идгээр эдгэрдэг гэхийг сонсож байсан билээ. Хусыг аянга ниргэдэггүй ч гэдэг.


Тал нутгийн хүнд бол ой тайгын үзэсгэлэнг биширч ханамгүй. Ноднин ч бас Хуягаа бид хоёр бурхан урлаач лам З.Энтайван дүүтэйгээ Буриад нутгаар аялахдаа Алтанбулагийн боомтоор хил гарсан. Хэсэгхэн яваад ойн замтай залгасан. Цаашлах тутам ой улам шигүү болж сүрлэгээрээ бишрүүлж гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж байсан. Ямар сайндаа “Ийм сайхан нутгаа яагаад алдчихав аа, Хуяг аа...?!” гэж өөрийн эрхгүй дуу алдаж байхав. Хуягаа харин “Хөгшин нь өгөөгүй шүү дээ...” гэж надаар тоглоно. Яг ийм харуусал дахинтаа төрлөө. Гэхдээ нүүдэлчид ой модыг нээг их тоодоггүй бололтой. Учир нь нүүдэлч малчдад өтгөн ой тайга малаа адгуулах бэлчээрээс нь хэзээ ч чухал байсангүй. Тиймээс л хойд хил маань ойн захаар голдуу таслагдчихсан байдаг юм болов уу?


ДЭЛХИЙН ДАЙДЫГ ЭЗЭЛСЭН Ч

ДЭЭЛ ШИГЭЭ НУТАГТАЙ ҮЛДЛЭЭ


Гоо үзэсгэлэнг нь бүрэн биширч дуусаагүй байтал хусан ой шингэрсээр бид нэгэн давааны оройд хүрч ирлээ. “Одоо та нар хуучин хилийнхээ зааг дээр байна!” гэж Бямбаа маань хэлээд машинаа зогсоолоо. Нар нэлээд хэвийж сүүдэр маань биднээс гурав дахин урт болсон ч энэ өндөрлөгт нар бүлээн илчээрээ тааламжтайяа ээсэн хэвээр, тэнгэр тод хөх өнгөөр цэлмэсээр байлаа. Энэ өндөрлөг саяхан Монгол Тувагийн хил байсан. Бид яг одоо нэгэн жарны өмнөх хил дээрээ зогсож байна.


Нэгэн цагт хүчирхэгжиж асан үедээ дэлхийн хуурай газрын дийлэнхийг эзэлж 33 саяас 55 сая км.кв хүртлэх газар нутгийг эзэмшиж дэлхийн түүхэнд хамгийн том үргэлжилсэн газар нутагтай байсан монголчууд нутгаа алдан алдсаар өдгөө түүнээсээ 40 дахин бага газар нутагт амьдарч байгаа билээ.


Их эзэн хаанаасаа хойш 4 хаант улс болж задарсан, XV зуунд баруун зүүн болж хуваагдсан, улмаар Зүүн гар нь салсан, XVII зуунаас Өвөр Монгол, Халх Монгол, Манжид дагаар орсон. Ойрдууд шазруун зангаар тэссэн ч олонх нь хядуулж үнсээр хийсэх шахсан. Ингээд хилийн асуудал Орос-Монголынх биш Орос-Манжийнх болон хувирах нь тэр ээ. Хаант Орос улс хүчирхэгжсэн гүрний жам ёсоор газар нутгаа тэлэх оролдлогыг зогсоо зайгүй хийж хилийн дагуу орос тариачдыг олноор нүүлгэн суулгах болов.

Улмаар 1727 оны Буурын гэрээгээр зүүн хязгаарыг хувааж Байгаль нуурыг Орос мэдэлдээ авав. 1864 оны Чугучакийн гэрээгээр Зүүнгарыг хувааж Ил, Тарвагатайн нутгийг Орос авлаа. Харин тэр үед Тагнын Урианхайн хязгаар буюу өнөөгийн Тува Чин гүрний түшмэг Монголынх байсан.


1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо зарласан ч 1914-1915 оны Хиагтын гэрээгээр тусгаар тогтнолыг цуцалж зөвхөн Ар Монголыг автономит эрхтэй болгов. Тиймээс ах дүү монголчуудаа чөлөөлөхөөр Өвөр Монголд орсон Богд хаант Монгол Улс цэргээ арга буюу буцаан татсан юм. Энэ гэрээ Дэлхийн II дайн хүртэл үргэлжилсэн.


1945 онд дайн дуусаж Ялтын гэрээ байгуулагдан том гүрнүүд нөлөөний хүрээгээ дахин тогтоон дэлхий ертөнцөд шинэ дэг журам үйлчилж эхэллээ. Энэ дайнд ялалт байгуулсан ЗХУ Монголын тусгаар тогтнолыг статус куо хэмжээнд Англи, АНУ-аар хүлээн зөвшөөрүүлснийхээ өртөгт Тагна-Туваг ЗХУ-ын газар нутагт тооцох болов. Гэвч яг хилийг нарийвчлан эцэслэн тогтоох хүчир, нүсэр ажил 20 гаруй жил үргэлжилсээр 1976 онд буюу өдгөөгөөс ердөө 50-хан жилийн өмнө эцэслэгдсэн билээ. Энэ хооронд юу эс болов. Ах дүү өвөр монголчуудаа чөлөөлөх оролдлогыг монголчууд маань улсаа ядруу өөрсдийгөө цөөхөн гэж гололгүй хийж байсан таван замын байлдаанаас эхлээд эх орноосоо харийнханд тасдаж өгөхгүй хэмээн газар нутгаа цээжээрээ хамгаалж асан С.Аварзэд сайд хэлмэгдэж, цөлөгдөн улмаар цаг бусаар насан эцэслэсэн гашуун түүх үргэлжилнэ.


Эрх баригчдын эр зориг дутсан уу, эх орончийн тоо дутсан уу, тууш чигээрээ зүтгэх нь тусгаар тогтнолд эрсдэлтэй байсан уу...


Гэрээ хэлэлцээрээс ч гадна гэнэт алдчихсан нутаг ч байна. И.В.Сталины дараа гарч ирсэн Н.С.Хрущев өмнөх удирдагчийнхаа тойрон хүрээлэгчдийг цэвэрлэхэд цагтаа европыг фашистуудтай үзэгний үзүүрээр хувааж явсан Молотов өртөв. Еврейчүүдийг хяхаж хавчсан Сталины бодлогод хамагдаж цэвэрлэгдсэн еврей эхнэрээ өмгөөлж хамгаалж чадаагүй арчаагүй бэртэгчин Молотов! Сталиныг нас барсны дараа ЗХУКН-ын XX их хурал дээр нэг хүнийг тахин шүтэхийн хор уршгийг шүүмжилсэн Хрущев түүнийг Монголд элчин сайдаар цөлсөн юм. Тэрээр жийгдсэн төрдөө буцаж нэр төр олж авахын тулд Монголын газар нутгаас тасчиж идэх увайгүй оролдогыг шаргуу гүйцэтгэж байсан билээ. Түүнийг шийдвэртэй эсэргүүцэж байсан бүх хүнийг /Гадаад явдлын яамны сайд С.Аварзэд, МАХН-ын тэргүүн Д.Дамба/ албан тушаалаас нь зайлуулаад Зөвлөлтийн талыг эрс баримталдаг хүмүүсээр ажлын хэсгийг бүрдүүлж маргаант энэ хэлэлцээрийг дуусгасан.


Ингэж Увсын Давст сум Увс нуурын хойд эргээс Сэлэнгийн Алтанбулаг хүртэлх 2-40 км өргөнтэй зурвас нутгаа алдсан юм. Энэ талаар анх бидний эрхлэн гаргаж байсан “Улстөрийн сонин”-д манай нийтлэлч Ц.Навагчамба ах маань бичиж байсан билээ.


Хэрэв Тувагийн ард түмнээс асуусан бол гарцаагүй бид нэгдмэл байх байлаа. Тийм учраас Сталиныг тахин шүтэгч, зүгээр л долоогч Салчиг Тогоо гэдэг нөхөр 1944 онд өөрөө дур мэдэн шийдвэр гаргаж ЗХУ-ын бүрэлдэхүүнд орох хүсэлт гаргасан байж таарна. Харин өнөөдөр Тувагийн ард түмэн түүнийг хэрхэн үнэлдэг юм бол оо? Тувачууд тэр үед манай Хөвсгөлийн дархадууд шиг үзэлцэн тэмцэлдсэн бол Монголдоо үлдэж чадах байсан уу, эсвэл угаас тийм хүсэл зорилго үгүй байв уу... Олон асуултынхаа үүл мэт хариуг хайж олж, тэмтчин мэдэрч чадах болов уу эндээс...


Зургийн тодорхойлолт алга байна.


ГҮРЭН УЛС МААНЬ БҮРЭН ҮЛДЭХ ҮҮ...


Хоорондоо эв эвдрэлцэн байлдан тэмцэлдсээр сулран доройтож тусгаар тогтнолоо, газар нутгаа алдсан гашуун түүхийг бидэнд хатуухан сануулж хуучин хилийн заагт чулуун овоо өнгийн дарцаг хиураа бөхийлгөн сүр муутайхан дүмбийнэ.


Овоог монголчууд аливаа газар орны хил, дээс, тэмдэг болгон эртнээс босгож ирсэн. Овоо дээшээ өндөрсөж сүр нэмсэнгүй, доош намсаж таржээ. Овооны бэлээс чулуу авч гурав тойрохдоо юу хэлэхээ сайн мэдэхгүй байв.


Нутагтаа бол овооны хажуугаар өнгөрөхдөө ёс болгож “Хоржийлоо!” “Монгол ялна аа!” эсвэл “Овооны их нь Танд олзны их нь маньд” гэж амны уншлага болгож зүгээр л нэг хэлээд өнгөрөөчихдөгсөн. Амнаас сул гардаг жижүүрийн тэр үгс энэ удаа гарч ирсэнгүй, бүр санаанд ч орсонгүй. Битүүхэн гуниг тээсээр овоог гурав тойрч хормойноос нь хэдэн чулуу авч бэлд нь нэмлээ. Эв нэгдэлгүй, нэгдмэл төргүй, өвөр зуураа уралцан химлэлдэж, хоорондоо байлдан тэмцэлдсээр улам бүр жижгэрсээр байгаа Монголын түүх дуусаагүй... Нэг л таагүй, гунигтай, зүрх давчдам түгшүүртэй. Тэгээд авч явсан Соёмбо архиа чемоданаасаа шууд гаргаж хилийн овоондоо, бас хойшоо Соёны нуруу тийш өргөөд ганц ганц хундага юу ч хэлсэнгүй татаад чимээгүйхэн машиндаа сууцгаав.

Гэсэн ч бид дэлхийд 17-рт орох том газар нутагтай улс. Могой гурав тасравч гүрвэлийн дайтай, Монгол гурав тасравч гүрний дайтай гэж нэгэнтээ тайтгарсан ч гүрэн улсаа бүрэн үлдээж чадах болов уу, хуваагдаж болох бүхнээр нь хуваасан харийн бодлого тасраагүй, хэрэлдэн тэмцэлдсэн бидний түүх дуусаагүй... гэсэн далдын түгшүүр давхар тээж, эрт өнийн түүхийг тээр тэндээс сунган авчирч энэ цагийн будлиантай нийтгэн уяж хямарсаар шингэж байгаа нартай уралдан цааш явлаа...

/үргэлжилнэ. Эхний хэсгийг https://www.facebook.com/share/p/18WhiCxxtA/ линкээр орж уншина уу./



авто зам нарын зураг байж магад

хүйтнээс хамгаалах жааз ба туулайн саравч нарын зураг байж магад

Гантөмөрийн Уянга