
АНКАРА, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /Anadolu/. Ирэх оны эхний улиралд газрын тосны эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа энэ үед ирэх оны олборлолттой холбоотой квотын талаар “ОПЕК+” бүлгийн гишүүн орнууд санал зөрөлдсөн тухай мэдээлэл гарч, нийлүүлэлтийн тодорхойгүй байдлыг нэмэгдүүллээ. Үүнтэй холбоотойгоор даваа гарагт газрын тосны үнэ буурчээ.
Тодруулбал, Brent маркийн газрын тосны үнэ нэг торх нь 79.81 ам.доллар болсон нь өнгөрсөн баасан гаргийн арилжаа хаагдах үеийнхээс /80.48 ам.доллар/ 0.83 хувиар буурсан байна. Мөн WTI маркийн газрын тосны үнэ баасан гаргийнхтай харьцуулахад 0.84 хувиар буурч, 74.90 ам.доллар болжээ.
Brent маркийн газрын тосны үнэ Саудын Арабын тогтоосон доод үнэ болох 80 ам.доллароос доошилсон нь одоогоор хэрэгжүүлж буй олборлолтыг танах шийдвэрийг сунгах эсвэл дахин бууруулах магадлалыг өсгөсөн байна. Саудын Араб нь тус бүлгийн тохиролцсоны дагуу 2024 оныг дуустал нийт олборлолтыг өдөрт 2 сая торхоор бууруулахад хувь нэмэр оруулж байгаагаас гадна өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ ойролцоогоор 1.5 сая торхоор танаж байгаа юм. Үүний зэрэгцээ, Олон улсын эрчим хүчний агентлагаас газрын тосны зах зээлд хийсэн хамгийн сүүлийн үеийн дүн шинжилгээгээр ирэх оны эхний улиралд дэлхийн хэмжээнд дунджаар 101.5 сая торх газрын тос хэрэглэнэ гэсэн тооцоо гарчээ.
Хэрэв “ОПЕК+” олборлолтоо бууруулсаар байвал энэ хугацаанд дэлхийн газрын тосны дундаж нийлүүлэлт өдөрт 102.8 сая торход хүрэх төлөвтэй байна. Ингэснээр олборлолт буурсан ч өдөрт бараг 1.3 сая торх газрын тос илүүдэлтэй байна гэсэн үг юм.
Ирэх нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэх олборлолтын квотын талаар шийдвэр гаргах уулзалт 11 дүгээр сарын 26-нд болох байсныг 11 дүгээр сарын 30-нд болгон дөрөв хоногоор хойшлуулахаар шийдвэрлэсний дараа зах зээл дэх тодорхойгүй байдал улам бүр өсөн нэмэгджээ. Ирэх оны эхний улиралд эрэлт нэмэгдэнэ гэсэн таамаглал гарсантай холбоотойгоор зарим гишүүн орон олборлолтоо нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа тул гишүүдийн дунд санал зөрөлдөөн үүссэн байна. Хөрөнгө оруулагчид одоо дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ын бодлогын хүүтэй холбоотой дараагийн шийдвэрийг хүлээн Холбооны нөөцийн сангийн төлөөлөгчдийн мэдэгдлийг анхааралтай ажиглаж байна. Түүнчлэн Хятадын макро эдийн засгийн мэдээллийг ч мөн ажиглаж байна.
Сэтгэгдэл1
Манайд одоо бензины үнэ өснө биз