sonin.mn

ИСТАНБУЛ, 2025 оны гуравдугаар сарын 24 /DW/. Туркийн сөрөг хүчний Бүгд найрамдах ардын нам /БНАН/ баривчлагдан хоригдоод буй Истанбул хотын дарга Экрем Имамоглуг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлжээ. Тус намын сунгаанд Туркийн 15 сая иргэн оролцсон нь бүртгэлтэй нийт сонгогчдын 25 орчим хувь нь юм. Тэдний 13.2 сая нь цорын ганц нэр дэвшигч болох Э.Имамоглуг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. БНАН-ын дарга Озгюр Озель ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулж, Экремтэй өрсөлдөхийг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд хандан уриалжээ. 


Ням гарагт мөн сөрөг хүчний намын хэдэн арван мянган дэмжигчид Эрдоганы өрсөлдөгчийг улс төрийн зорилгоор хавчин хяхаж буйг эсэргүүцэн Истанбул хотын захиргааны байрны өмнө жагссан байна. "Имамоглу шоронд байгаа, гэхдээ ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно" гэж Озель цуглааны үеэр хэлжээ. 


Э.Имамоглуг авлига, терроризмын гэмт хэрэгт буруутган гуравдугаар сарын 19-ний өдөр баривчилжээ. Тухайн үед Туркийн “Anadolu” агентлаг мэдээлэхдээ, түүнийг терроризмын хэргээр шалгаж байгаа гэсэн байна. Тодруулбал, тус улсад хориглосон Курдийн ажилчны намыг дэмжсэн хэмээн буруутгажээ. Э.Имамоглу өөрт нь тулгасан хэргүүдийг үгүйсгэж байгаа юм. Гуравдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд түүнийг хэдэн цагийн турш байцаагаад гуравдугаар сарын 23-ны өглөө шүүхийн шийдвэрээр баривчилж, шоронд хорьсон байна. Мөн өдөр Туркийн Дотоод хэргийн яам Э.Имамоглуг үүрэгт ажлаас нь түр чөлөөлснийг мэдэгджээ. Истанбул хотын даргын үүрэг гүйцэтгэгчийг хотын зөвлөл ойрын өдрүүдэд сонгох ёстой. Тус зөвлөлд БНАН олонхын суудлыг эзэлдэг. 


Э.Имамоглуг мөрдөн шалгаж байгааг эсэргүүцсэн жагсаал цуглаанууд гуравдугаар сарын 19-нөөс хойш үргэлжилж, энэ үеэр олон зуун хүнийг баривчилжээ. Истанбулын эрх баригчид жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон арга хэмжээг чангатгасан байна.


Э.Имамоглуг баривчилсныг Европын Зөвлөл шүүмжлээд Туркийн эрх баригчдад хандан сөрөг хүчний төлөөлөгчийг нэн даруй суллахыг уриалжээ. Германы засгийн газар мэдэгдэхдээ "Туркийн ардчилалд ноцтой ухралт болж байна" гээд "улс төрийн өрсөлдөөнд шүүх, шоронг ашиглах ёсгүй" гэж онцолжээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг