sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр” болгож, өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл гэлтгүй, улс орон даяар иргэд мод тарих үйлсэд идэвхтэй оролцсон. Тэгвэл энэ удаагийн “Дугаарын зочин” буланд эх орноо “ногоон” болгох эрхэм үйлсэд амьдралынхаа 40 гаруй жилийг зориулж яваа Ховд аймгийн харьяат, Монгол Улсын анхны Гавьяат агрономич Д.ЦэндсҮрэнг онцоллоо.
 
Хүмүүс байгууллага, хамт олноороо нийлж, мод тарих нь элбэг болж. Модны суулгацыг худалдаж аваад газар суулгаад зургаа даруулах нь нэг хэрэг, түүнийг арчилж, хамгаалж, жинхэнэ “мод” болгоно гэдэг өөр зүйл байх. Та энэ талаар юу хэлэх вэ?
 
-Тийм шүү, хүмүүс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй, та бүхний 800-1000 төгрөгөөр худалдаж авсан модны суулгацыг мод үржүүлдэг хүмүүс гурван жилийн турш манцуйтай хүүхэд адил бөөцийлөн байж тарьж ургуулдаг юм. Хүмүүс над дээр ирдэг, тэдний ихэнх нь “Танаас модны суулгац авах гэсэн юм, байгууллагынхаа жилийн тайланд мод тарих гээд оруулчихсан юм аа” гэдэг.
 
Мод, ургамал бүхэн амьтай шүү дээ, хүмүүс та нар үүнийг ойлгож, суулгасан мод бүхэндээ хариуцлагатай хандах хэрэгтэй. Өнөөдөр нэг суулгац модны үнэ олигтойхон шиг цайны газрын хуушуурын үнэнд ч хүрэхгүй байна.
 
Би үүнд жаахан сэтгэл дундуур явдаг. Үнэндээ эх орныхоо эко ирээдүйн төлөө санаа зовж, үүнд бүхий л залуу нас, амьдралаа зориулж яваа мод, бут тарьдаг хүмүүсээ төр, засаг нь төдийлөн хайхрахгүй л байна. Нөгөөтэйгүүр ерөнхий боловсролын сургалтын системд мод, бут, ногоо хэрхэн тарьж ургуулахын ач холбогдлын талаарх хичээлийг суулгаж, багаас нь олон талын мэдлэгийг олгох нь чухал байна. Тэгэхгүй бол үнэндээ зарим нэг нь мод тарих нэрийдлээр мод “алж” байна.
 
Бид ийм үзэгдлийг байнга харж байна. Иргэд ч гэлтгүй төр нь ийм үйлдэл дандаа хийх юм. Жил бүр л Улаанбаатар хотын гудамж, талбай, замын хажуугаар том, том моддыг үндэс, хөрстэй нь кранаар өргөж ирээд л суулгаж байгаа харагддаг. Тэгээд л өнөөх нь дараа жил хатаад үхчихсэн байх юм. Энэ ямар учиртай юм бэ?
 
-Энэ бол зүгээр л хэн нэгнийх нь бизнес. Улсын төсвийн хөрөнгөөр суулгаад байгаа моддын чинь нэг бүрийн үнэ нь 600-800 мянган төгрөг. Тухайн тендерийг аваад гүйцэтгэж байгаа компанийн эзэнд дундаас нь мөнгө цохиж, олигтойхон идэх нь чухал болохоос тэр мод нь ургана уу, байна уу гэдэг нь дараагийн асуудал. Шууд зэрлэг байгаль, уул, хангайдаа ургаж байгаа моддыг үндсээр нь, хөрстэй нь сугалаад Улаанбаатар хотын бохирдсон, утаатай, шороотой хөрсөнд суулгачихаар ургана гэж бодвол том эндүүрэл. Зэрлэг байгалийнхаа уур амьсгал, хөрс шороонд дасан зохицоод ургаж байсан мод хотын орчинд дасахгүй. Үүний оронд үрсэлгээгээр тарьж, ургуулсан мод нь хотын нөхцөлд илүү тэсвэртэй байдаг.
 
Модыг хэрхэн арчлах хэрэгтэй вэ?
 
-Нэг модны суулгацыг эхний хоёр долоо хоногийн турш өдөрт 1-2 удаа 40-50 литр усаар усална. Ингэхдээ хөрсийг сайн сийрэгжүүлж, нэмэлт хөрс хийх хэрэгтэй. Харин гурав дахь долоо хоногоос өдөрт нэг удаа, сарын дараагаас долоо хоногт 2-3 удаа услах нь зөв. Модны тогоон дотор олон янзын өвс, зэрлэг ургамал ургана, тэдгээрийг тухай бүрт нь үндсээр нь сугалж устгаснаар модны өсөлтөд саад болдоггүй. Модыг дээд тал нь гурван жилийн турш арчилсны дараагаар цаашид арчлах шаардлагагүй болдог.
 
Мод ярьсаар байтал Таны тухай асуухаа умартчихаж, Таны модтой холбогдсон он жил хэзээнээс вэ?
 
-Би 1976 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг ойн инженер мэргэжлээр төгсөөд Ховд аймгийн Ойн агнуурын аж ахуйд 23 жил ажилласан. Ингээд 1999 онд “Үр жимс” хоршоог байгуулж, өрх тусгаарласнаас хойш 20 гаруй жил болжээ.
 
Хоршооныхоо онцлогоос дурдана уу?
 
-Манай хоршоонд одоогоор 10,6 га газарт 16 төрлийн мод болон бутлаг ургамлын найман сая гаруй суулгац, үрсэлгээ байна. Мөн бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, бэсрэг алим, чацаргана, интоор зэрэг жимсний бутыг тариалдаг. Би аймгийнхаа мод тарих сонирхолтой хувь хүмүүс, байгууллагуудад эхлээд үрсэлгээгээ үнэгүй өгдөг. Аяндаа модоо сайн ургуулаад үр дүнг нь үзсэн хүмүүс заавал дахин ирдэг, тэр үед суулгацаа нэг бүрийг нь үнэлэн зардаг. Өөрөөр хэлбэл миний нэг маркетинг гэх юм уу даа.
Ер нь ногоон байгууламжийг хөгжүүлэхэд бүх нийтийн оролцоо чухал. Ховд аймгийн хувьд манай хоршоо 336 га газарт ойн зурвас байгуулаад байна. Тухайн хэсэг ойн зурвасыг гурван жил манай хоршоо хариуцан ажиллаж байгаад мод ургуулж, тариалан эрхэлж амьдрах хүсэлтэй иргэдэд шилжүүлэн өгдөг. Ойн зурвас байгуулаад амьжиргаагаа дээшлүүлсэн иргэдийн жишээ гэвэл олон. Өөрөөр хэлбэл ойн зурвасаа дагаад хөрс сийрэгжиж, үржил шимтэй болдог, ингэснээр тариалан эрхлэх нөхцөл бүрддэг гэсэн үг. Одоогоор манайхаас өрх тусгаарлан амжилттай яваа 27 хүн байна.
Хоршооны маань нэгэн гол бодлого нь аймгийнхаа өрх толгойлсон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангахад чиглэдэг. Мод дагасан амьдрал буянтай, сайхан л байдаг юм. Түрүү жил л гэхэд ажилчдынхаа гурван хүүхдийн их, дээд сургуульд суралцах төлбөрийг байгууллагынхаа төсвөөс шийдэж өглөө. Энэ мэт өөрийгөө магтсан өнгө, аястай зүйл яривал их, дэмий биз дээ.
 
Хүнд гурван жилийнхээ хөдөлмөрийг эхлээд зүгээр өгчихдөг гэхээр нэг л санаанд буухгүй байна шүү...
 
-Газар, шороогоо ухдаг хүн улам л шуналтай болж, улам л ихийг авахын хүсэл, шуналд автдаг бол мод тарьдаг хүн сүүлдээ ямар ч шуналгүй болчихдог юм. Хайраа шингээж ургуулж, усалж байгаа мод нь нахиалах төдийд ямар их сэтгэлийн амар амгалан, таашаал авдгийг гагцхүү мод тарьж ургуулдаг хүнээс өөр хүн мэдэхгүй байх л даа. Ер нь ургамал тарьж, ургуулна гэдэг энэ цагийн нийгэмд хамгийн хэрэгтэй байгаа амьд бүхнийг хайрлан хүндлэх нандин сэтгэлийг хүнд өгдөг.
 
Та Зэвсэгт хүчний 123 дугаар ангитай хэд дэх жилдээ хамтран ажиллаж байна?
 
-Тус ангитай 11 дэх жилдээ хамтран ажиллаж байна. Ангийн үе, үеийн захирагч, дарга нар миний ажлыг ойлгож, аль чадахаараа дэмжиж тусалдаг. Би ч эргүүлээд тусыг тусаар хариулахыг хичээдэг. Одоогоор ангидаа манай хоршооны зүгээс 4000 гаруй мод өгсөн байна.
 
Танд баярлалаа, эх орноо ногоон болгох их үйлсэд тань амжилт хүсэн ерөөе.
 
Ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин