sonin.mn
Монгол залуус хаягдал анонсыг дахин ашиглаж цүнх, хувцасны уут, үзэгний сав зэрэг эдэлгээ даах, бат бөх, чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болжээ. Зоригт сангийн байгаль орчны манлайлал хөтөлбөрийн “Ананас” төслийнхөн хаягдал хулдаасан хэвлэлийг дахин ашиглаж шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж байна. Ингэснээр дахин ашиглах боломжтой “ашиглаагүй” хог хаягдлыг багасгахад нөлөөлөхийг зорьжээ.
“Ананас” төслийн менежер А.Гантуяа “Бид хулдаасан хэвлэлийг дахин боловсруулах, татгалзах, пластик хог хаягдлыг багасгах зорилготой. Мөн бидний ажлыг хараад бусад хүмүүс хаях гэж байгаа хулдаасан хэвлэлээр өөрт хэрэгтэй бүтээгдэхүүн хийж болдог юм гэсэн санааг түгээхийг хүсдэг. Байгууллагууд сурталчилгаанд болон ямар нэг үйл ажиллагаа зохиохдоо анонс хийж өлгөөд ганц хэрэглээд л хаячихдаг. Тухайн хаягдлыг хөдөө орон нутагт малчид хучлага, дэвсгэр болгон ашиглаж үлдсэн нь байгальд шууд хаягддаг. Мөн бид гэртээ хүүхдээ хардаг, орлогогүй ээжүүдээр бүтээгдэхүүнээ оёулж орлоготой болгохыг зорьсон. Одоогоор бидэнтэй таван ээж хамтран ажиллаж байгаа” гэв.
 
Тэд иргэд, аж ахуй нэгжээс цуглуулсан анонсоо өнгө үзэмж, загварыг нь харж байгаад өөрсдөө эсгэн уран гартай ээжүүдэд өгч оёулдаг аж. Мөн тэд бүтээгдэхүүнээ урлахдаа байгууллагын лого, олон үг үсэг, хүний нүүр царай орсон хэсгийг ашигладаггүй. Бүх анонсоо эмнэлгийн зориулалттай бодисоор ариутгадаг гэдгээ онцолж байлаа.
 
Хуучирч муудаагүй, хэт их үг үсэггүй хулдаасан хэвлэлийг л дахин ашигладаг юм байна. Одоогоор гадна талбай дахь хуучирсан, сэмэрч урагдсан хулдаасыг дахин ашиглах боломжгүй байгаа аж. “Ананас” багийнхан анонсоор хийх бүтээгдэхүүний төрлөө илүү олон болгохын сацуу ашиглах материалын төрлөө нэмэхээр судалж байгаа юм байна. Төсөл хэрэгжиж эхлээд зургаан сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд 434 ширхэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулжээ.
 
Хулдаас бол байгаль халтай хог хаягдал
 
 
Хулдаасан хэвлэл ашиглаж хийсэн үзэгний сав, цүнх
“2018 онд 3х6-аас 5х12 хэмжээтэй 105 тулгуурт байгууламжийн зөвшөөрөл олгосон. Энэ оноос Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхны өгсөн үүрэг даалгаврын дагуу бүх төрлийн түр байгууламжийн зөвшөөрлийг олгохгүй байгаа. Тулгууртай, энгийн хулдаасан хэвлэлийн байгууламжийн зөвшөөрлийг олгохгүй байхыг баримтлан ажиллаж байна. Энэ онд нийтийн эзэмшлийн газарт байгаа 30 ширхэг хулдаасан хэвлэлийг буулгасан. Нийслэлийн хэмжээнд 12 хориглох гудамж байдаг бөгөөд тэдгээр газруудад тулгуурт байгууламж буюу хулдаасан хэвлэл байрлуулахыг хориглодог.  Харин лед гэрлэн болон шинэлэг технологийн байгууламжийг байршуулахыг зөвшөөрдөг” гэж Нийслэлийн зар сурталчилгааны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүн ярьсан юм.
Сүхбаатарын талбайгаас Улаанбаатар их дэлгүүр хүртэл төв зам дагуу алхахад зөвхөн зар сурталчилгааны зориулалттай шинэ болон хуучин 124 хулдаасан хэвлэл өлгөөтэй байв. Хулдаас бол эх дэлхийн “аминд” халтай хог хаягдлын тоонд зүй ёсоор багтдаг поливинил хлорид /PVC/ буюу полимерийн төрлийн хог хаягдал юм. Эдгээр хог хаягдал нь байгальд шингэдэггүй 200-300 жил болон түүнээс ч удаан хугацаанд хадгалагддаг. Хөрсөнд бүрэн шингэхдээ хөрс, ургамлын бүрхэвчийг хучин нарны гэрэл дулааныг хааж, байгалийн хэвийн эргэлт, тэнцлийг алдагдуулдаг зэрэг сөрөг нөлөөтэй. Дахин ашиглах боломжтой “ашиглаагүй” хог хаягдал нь маш удаан хугацааны дараа хөрсөнд шингэдгийг бид мэддэг ч хаясаар л байна. Үүний эсрэг “Ананас” багийнхан ганц ашиглаад хаяж байгаа хулдаасан хэвлэлийг дахин ашиглахыг уриалж байгаа аж. Тэд илүү олон хүн тэдний арга туршлагаас хуваалцан хулдаасан хэвлэлээ дахин ашиглахыг хүсдэг гэж байв.
 
Хулдаасан хэвлэлийн технологи зах зээлийг орхиж байна
 
 
“Учрал хийц” хэвлэлийн үйлдвэрийн ажилтан Б.Алтантамга “Манайх өдөрт дунджаар 40 м2 хулдаасан хэвлэлийг хэвлэдэг. Том хэвлэлийн компаниуд үүнээс ч илүүг үйлдвэрлэдэг байх. Үйл ажиллагаа явуулж байгаа бүх хэвлэлийн компаниуд шинэ технологийг нэвтрүүлэх боломжгүй. Хүмүүс ч бас өөрсдийн санхүүгийн байдалдаа тааруулан хулдаасан хэвлэлийг сонгодог” гэж тайлбарлалаа.
 
Монгол Улсад 2019 оны эхний улирлын байдлаар 87725 аж ахуй, нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тус бүр жилд дунджаар 2-3 хулдаасан хэвлэлийг сурталчилгаа, бусад зүйлд зориулан ашигладаг гэж үзвэл маш их хогийг дахин ашиглахгүйгээр хаяж байна гэсэн үг юм.
 
Нийслэлчүүд жилд 1.4 сая тонн хог хаягдлыг үйлдвэрлэдэг. Үүнийхээ 24 хувийг л дахин боловсруулдаг гэвэл үлдсэн 76 хувийг нь газрын хөрсөнд булах, шатаах зэрэг байгальд хортой байдлаар хог хаягдлын асуудлаа шийддэг гэсэн үг.
Орчин үеийн техник технологи хурдацтай өсөж байгаа энэ үед хөгжингүй орнуудад хулдаасан хэвлэлийн технологи зах зээлийг орхиж байна. БНХАУ-д гэхэд лед гэрлэн чимэглэлээр зар сурталчилгааны асуудлыг шийддэг. Гэтэл бид одоог хүртэл хэрэглэсээр, хог хаягдлыг үүсгэсээр байна. Орчин үеийн шинэ технологийн үнэтэй бүтээгдэхүүнийг нэвтрүүлж чадахгүй юм гэхэд байгальд хор хөнөөлтэй хулдаасан хэвлэлээс татгалзаж өөр бүтээгдэхүүнээр орлуулах шаардлага зүй ёсоор үүсээд байна.
 
 
 
Б.Бямбажаргал
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин