sonin.mn

БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Солонгосын хилийн бүсэд гэнэтийн уулзалт хийх магадлал тун бага гэж үзэж байгаа ч ийм хувилбарыг бүрмөсөн үгүйсгээгүй байна. Энэ талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Үндэсний аюулгүй байдлын орлогч захирал О Хён-жү мэдэгдэв.


“Манай засаг захиргааны өнөөгийн үнэлгээгээр ийм уулзалт болох бодит шинж тэмдэг харагдахгүй байна” гэж тэр хэвлэлийн хурлын үеэр онцолжээ. “Надад уулзалт товлогдсон тухай баталгаатай мэдээлэл байхгүй, хэвлэлүүдийн таамаглал л бий” хэмээн тэр нэмж хэлсэн байна.


Сэтгүүлчдийн дахин асуусан асуултад хариулахдаа О Хён-жү 2019 онд Трамп, Ким Жон Ун нарын хилийн зурваст хийсэн уулзалт маш богино хугацаанд, урьдчилсан тохиролцоогүйгээр болсон жишээг дурдав. Тэрбээр энэ удаад уулзалт болох магадлал бага гэж үзэж буйгаа “Хойд Солонгосын болзошгүй үйл хөдлөлийг манай талаас гаргасан дотоод үнэлгээнд тулгуурлан” дүгнэсэн гэж тайлбарлав. Гэсэн ч тэр “Хойд Солонгос олонтаа Сөүлийн таамаглаагүй алхам хийдэг” хэмээн тэмдэглээд, уулзалт бүрэн боломжгүй гэж хэлэхэд эрт байгааг онцоллоо.


Өмнөх өдөр нь БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви Сон-лак мөн ижил байр суурь илэрхийлж, “Уулзалтын бэлтгэл ажлын ямар нэгэн шинж тэмдэг харагдахгүй байгаа ч Сөүл бүх хувилбарт бэлэн байна” гэж мэдэгдсэн юм.


Энэ байр суурь нь Вашингтон, Пёньян хоёрын харилцаанд тодорхой хөдөлгөөн ажиглагдаж буй ч, Сөүл хүлээлтээ болгоомжтой хэмжээнд барьж буйг харуулж байна.


Х.Цэцэнноров


Эх сурвалж: tass.com