sonin.mn
Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний түүхэнд үлдэх мөртэй, түмэнд дуурсах алдартай 232 дугаар анги үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой тохиож байна. Энэхүү тэмдэглэлт ой нь Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бодлого, зорилтыг хэрэгжүүлэх их үйлсэд мөр зэрэгцэн, бие сэтгэл нэгдэн, нэгэн зорилгын төлөө мэдлэг оюун, мятаршгүй зүтгэл, уйгагүй хөдөлмөрөө зориулж явсан ахмад буурлуудаа дурсах, эдүгээ ангийнхаа гал голомтыг бадрааж яваа хамт олонд ажиллах эрч хүчээр дүүрэн байж итгэл төгс хөдөлмөрлөх урам зориг өгөх түүхэн үйл явдал юм. 
Анги, байгууллагын тэмдэглэлт ой нь зөвхөн хамт олны баяр төдийгүй бүтээн байгуулалтын ажил байдаг нийтлэг жишгээр манай анги ч ойгоо угтсан 40 бүтээлч, бодит ажлыг хэрэгжүүллээ.
“Мал бааз”, “Малын анги” хэмээх хуучин нэр, ойлголтоос орчин цагийн цэргийн ангийн төрхөнд бүрэн шилжиж, морьт дивизион болон хүрээгээ тэлж өргөжсөнийг энэхүү 40 жилийн хугацаа харууллаа. 
 
 
Ар талын газарт ажиллаж байх үедээ сар шинийн баяр бүрээр сайд, дарга нарын “ганзганд” явж атга чихэр, дугуй булантай ногоон цай, лаа, шүдэнз, баярын бичиг тарааж малчин айл, өрх бүрт очиж явсан маань саяхан мэт санагдаж байна. Миний бие одоогоос 10 гаруй жилийн өмнө тус ангид эдийн засагчаар ажиллах боломж тохиосон юм. Бүтээлч, хөдөлмөрч, эвсэг хамт олны дотор, Эзэн богд Чингис хааны өлгий нутаг, Төрийн торгон сүргийн тоосон дунд ажиллаж байгаа нь надад олдсон нэгэн бахархал билээ. 
1970-аад онд Зүүн өмнөд Азийн цэрэг, улс төрийн байдал хурцдаж, социалист, капиталист системийн болон бүс нутгийн улс орнуудын харилцаанд үүссэн таатай бус нөхцөл байдалд дүгнэлт хийж, Монгол Улсын төр, засгаас Монголын Ардын Армийг өргөтгөн зохион байгуулах зүй ёсны шаардлага урган гарсан байдаг. 
Энэ нөхцөл байдалд шинээр байгуулагдсан нэгтгэл, ангиудыг хүнсний хэрэгцээний махаар хангахын зэрэгцээ мал, махны чиглэлийн болон оперативын нөөцийг бүрдүүлэх зорилгоор БНМАУ-ын /хуучин нэрээр/ Сайд нарын Зөвлөлийн 1979 оны тогтоолоор Хэнтий аймгийн Буянт /одоогийн Галшар/ сумын нутагт “Ардын Армийн отрын штаб” нэртэйгээр тус ангийн үндэс суурь тавигдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Тодруулбал Ардын Армийн хүнсний хэрэгцээний мал, махны оперативын нөөцийн зохих хэсгийг тодорхой чиглэлд байршуулан шаардлагатай үед мал нядалгааны хээрийн мах комбинатыг ажиллуулж, нэгтгэл, ангиудын махны хэрэгцээг хангах үндсэн үүрэгтэйгээр “Ардын Армийн отрын штаб”-ыг малын 14 суурь, 6000 гаруй толгой мал, 40 гаруй малчин, хугацаат цэргийн алба хаагчидтайгаар байгуулсан байдаг.
Тухайн үед Зэвсэгт хүчний эзэмшлийн бэлчээр, худаг ус, өвөлжөө, хаваржааны хашаа хороогүй байсан нь мал аж ахуйн үйл ажиллагааг хөтлөн явуулахад бэрхшээлтэй, цаашид материаллаг баазыг бэхжүүлэх, өргөтгөн хөгжүүлэх шаардлага тавигджээ. Улмаар малын тоо толгой өсөж, ангийн штаб нь нүүдлийн байдалтай ажиллахад хүндрэлтэй байсан тул цаашид бэлчээрийг зохистой ашиглах, аж ахуйг төвлөрүүлэн удирдах зорилгоор Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутаг Сойлго-Жаргалант гэдэг газар тус ангийг шилжүүлэн байршуулсан юм.
 
Ангийн удирдлага, мал аж ахуйн мэргэжилтнүүд, малчид, цэргийн алба хаагчдын уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд мал сүргийн тоо 10 гаруй мянган толгойд хүрч, Зэвсэгт хүчин мал, махны тодорхой хэмжээний нөөцтэй болох үндэс суурь тавигджээ. Тус ангид Ардын Армийн дайчилгааны нөөцийн малыг маллаж өсгөн үржүүлэх даалгавар өгч, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн /хуучин нэрээр/ 1982 оны 58 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 1989 оны 7 дугаар сараас Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт шилжүүлэн байршуулж, хугацаат цэргийн алба хаагч мал малладаг байсныг өөрчилж 80 гаруй малчин өрхийг илгээлтээр элсүүлэн ирүүлж, гэрээт малчидтайгаар үүрэг гүйцэтгэх болж билээ. 
Алс холын баруун хязгаарын Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгаас илгээлтээр ирсэн малчид, өтгөс буурлуудын маань үр сад одоо ч үе залгамжлан энэ ангидаа хоёргүй сэтгэлээр ажиллаж хүч хөдөлмөрөө зориулсаар л явна.
Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Мягмар, Осноо, Пүрэвсүрэн, Должин, Уянга сумын Тогоо, Авирмэд, Дондов, Буяндэлгэр, Тарагт сумын Чимгээ, Архангай аймгийн Хашаат сумын Баасансүрэн, Тариат сумын Лхагваа, Хангай сумын Нацагдорж, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Дарьхүү, Бууцагаан сумын Эрдэнэ нарын бүтээлч үйлс санаанд ил, сэтгэлд тод үлджээ. Бага залуугаасаа аав, ээжээ даган илгээлтээр ирж эдүгээ тус ангийн малыг маллаж байгаа малчин Д.Баяраа, Нямсүрэн, Эрдэнэбат, Э.Цэдэнбал, хугацаат цэргийн албанаас өнөө хүртэл ангийнхаа хамт олон дунд хүч хөдөлмөрөө зориулж яваа С.Даваадорж гээд ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлагчид олон бий. 
Уугуул нутгийн зон олны дэмжлэг, сэтгэл зүтгэл энд шингэсэн нь бас л түүхийн үнэн. Эдгээр бүхий л хүмүүсийн ажил, амьдрал тус ангийн түүхтэй салшгүй холбоотой. Он цагийн эрхээр шарласан ном, хэвлэлийн хуудаснаа эл ангийн түүхийн нэгэн үед ажиллаж байсан хамт олны минь алдар нэр, ажил амьдралын гэгээн үйлс мөнхрөх нь дамжиггүй.
Монгол Улсын Ерөнхий сайдын 1995 оны захирамж, Батлан хамгаалахын сайдын 1995 оны тушаалаар тус ангид урсгал хангалтын мал, махыг бэлтгэх, хээрийн мал нядалгааны байрыг дэлгэн байрлуулж Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын хэрэгцээт тураг болон дотор махыг бэлтгэн нийлүүлэх нэмэгдэл үүрэг өгөгдсөн байдаг.
Улс орон төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж махны хангалт Мах комбинатаас төвлөрсөн хуваариар хийгддэгээ больж, аж ахуйн нэгж хувь хүмүүсээс мал, мах худалдан авч нийлүүлдэг тогтолцоонд шилжсэн. Энэ нөхцөлд тус анги Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын хэрэгцээт махны хангалтыг тасалдуулахгүйгээр зохион байгуулж ирснээс гадна 1990-ээд оны сүүлчээр малын тоо толгой өсөн 45000-д хүрч 1998 онд “Түмэн төл”-ийн баяр хийж байсан баялаг түүхтэй. 
 
 
Зах зээлийн эдийн засгийн харилцааны шилжилтийн үеийн хүндрэл, бэрхшээлийг ямар ч эрсдэлгүй давж, орон нутгийн олон хүнийг ажлын байраар ханган тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тус анги чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын хэрэгцээнд 1993 оноос өнөөг хүртэл жил бүр дунджаар цэвэр жингээр 96,7-170,3 тонн тураг болон дотор мах, дайвар бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлж Батлан хамгаалах салбарын төсвийн хэмнэлтэд багагүй дэмжлэг үзүүлж байгаа юм.
Мал аж ахуйн тогтвортой өсөлтийг хангах, ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд гаргаж байсан амжилт бүр нь бие сэтгэл, хүч хөдөлмөрөө харамгүй зориулж байсан үе үеийн ахмадууд, тус ангид ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа олон хүний уйгагүй хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн билээ. 
Зэвсэгт хүчний 232 дугаар анги аж ахуйн тооцоотой, олсон орлогоороо зарлагаа нөхөж, ашигтай ажиллаж, төсвөөс санхүүжилт авахгүйгээр 2010-аад он хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн түүхтэй. Үүний зэрэгцээ Зэвсэгт хүчний Улаанбаатар цэргийн хүрээний махны төлөвлөгөөт даалгаврыг өнөөг хүртэл олон жил биелүүлж ирлээ.
2008 онд ЗХЖШ-ын даргын тушаалаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах эрчимжсэн аж ахуйг тус ангид харьяалуулан Улаанбаатар цэргийн хүрээний ангиудыг сүү, цагаан идээ, 2009 оноос төмс, хүнсний ногоогоор хангах үүрэг хүлээж байлаа. 2008 оны 11 дүгээр сард “Эрчимжсэн аж ахуй”-г хугацаат цэргийн алба хаагч, малчин-гэрээт цэргийн алба хаагчидтай болгон аж ахуйн үйл ажиллагаагаа улирлын чанартай явуулж байгаад 2010 онд Зэвсэгт хүчний 310 дугаар ангид уг үүргээ шилжүүлсэн өгсөн болно. 
“Хоёр загал” амралт сувилал нь жилээс жилд үйл ажиллагаагаа өргөтгөн, сувилал амралтын байрны өргөтгөл, гал тогоог БХЯ-ны хөрөнгө оруулалтаар шинээр ашиглалтад оруулан Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүн, өндөр настан, ахмад дайчдад хөнгөлөлттэй үнээр үйлчлэн тэднийг тав тухтай орчинд амарч сувилуулах боломжийг бүрдүүлсэн байна. Ингэхдээ давхардсан тоогоор 10000 гаруй хүнд үйлчилгээ үзүүлж, салбарын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодит дэмжлэг үзүүлж байгааг дурдах учиртай.
Анги үндсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ малын удмын сан, үүлдэр угсааг сайжруулж “Шилмэл сүрэг” бий болгох, морин полоны сургалтын төв байгуулах зорилтыг тавин хэрэгжүүлж ирснийг тэмдэглэх нь зүйтэй. 
Мөн Батлан хамгаалахын сайдын 2011 оны тушаалаар ангид Байлдааны тугийг гардуулан өгсөн нь бие бүрэлдэхүүний ажиллах урам зоригийг нэмэгдүүлсэн түүхэн тэмдэглэлт үйл явдал болсон юм. 
 
Тус ангиас 2012-2019 онд Афганистан, Өмнөд Судан, Судан улсад явагдсан энхийг дэмжих ажиллагаанд тус ангийн цөөнгүй офицер, ахлагч үүргээ амжилттай гүйцэтгэсэн, өнөөдөр ч дэлхийн халуун цэгүүдэд манай залуус эх орныхоо нэрийг өндөрт өргөж явна. 
 
Морин спортын төрлөөр “Морин парад”, ”Морин поло”, “Аравт” тэмцээн гээд олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа тэмцээн уралдаанд амжилттай оролцож морьтон монголчуудын адууны соёл, монгол морины хүч чадал, цэргийн хүний эрэмгий зориг, авхаалж самбааг олон улсын хэмжээнд ч харуулж байна.
“Бага баян” ТӨУҮГ, БХЯ, ЗХЖШ-ын “Ахмадын амралт”, “Найман шарга” сувилал, Зэвсэгт хүчний 186, 256, 326, 327, 330, 337 дугаар ангид 10 гаруй мянган толгой малыг шилжүүлэн малжуулж, Монгол Улс, ОХУ-ын Батлан хамгаалах яам хоорондын гэрээний дагуу ОХУ-д 2008, 2009 онд бог, бод мал бэлтгэн нийлүүлсэн байдаг. 
Тус анги тайван цагт Зэвсэгт хүчний хэрэгцээт мал, мах бэлтгэх болон Батлан хамгаалах салбарын төсвийг хэмнэх, үр ашигтай зарцуулахад үнэтэй хувь нэмэр оруулан, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэх, төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох үүргээ нэр төртэй биелүүлж байгаа хамт олны минь хөдөлмөр, зүтгэлийг БХЯ, ЗХЖШ, Ар талын газрын удирдлагаас ямагт өндрөөр үнэлж ирсэн юм.
Ангийн удирдлага, орон нутгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, ард иргэдтэй хамтын ажиллагаатай байж Батлан хамгаалах салбарын болон Зэвсэгт хүчний бодлого, үйл ажиллагааг сурталчлан таниулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд зохих ач холбогдол өгч ажиллаж байна. Ангийн ажил үйлс, хөгжил дэвшилд цэргийн анги, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс ч сэтгэлийн өглөг, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж түншийн харилцаатай байдгийг дурсахгүй байж боломгүй.
 
1990-ээд оны эхэнд Зэвсэгт хүчний 126, 152 дугаар ангиуд 1200 толгой мал тэнцлээс тэнцэлд тус ангид шилжүүлж, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас сум бүрээс нэг толгой адуу бэлэглэж байсан түүх ч бий.
 
Монгол Улсын гавьяат малчин, тод манлай уяач Д.Онон ижил зүсмийн өхөөрдөм шарга даага найман толгойг өөрийн биеэр авчирч бэлэглэн хамт олны сэтгэлийг огшоож байсан мөчийг дурсахад таатай байна.
Өмнөговь аймагт болсон бүсийн наадамд хурандаа Ц.Бааст, хошууч Ц.Аюуш агсан нар Зэвсэгт хүчний адуун сүргээс хурдны морь уяж түрүүлсэн алдарт алаг морины бооцоонд авсан шинэ УАЗ-469 машиныг ЗХЖШ-ын мэдэлд өгч байлаа. “Морины” хэмээх тодотголтой бэлтгэл хурандаа Ц.Галбадрах ёслолын болон жагсаалын бүлгийн хэдэн адуугаа өөрийн мэтээр бөөцийлөх нь сэтгэлд нэг л өег. Энэ бол Зэвсэгт хүчнээ гэх сэтгэлтэй цэрэг эрс, жирийн иргэн хүний өгөөмөр зан юм даа.
Төрийн их баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн онцгой үүрэг хүлээсэн цэргийн анги төдийгүй Эзэн богд Чингис хааны үеэс угшилтай морьт цэргийн уламжлалыг сэргээн хадгалж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цорын ганц энэ л ангиар бахархууштай.
1996 онд Төрийн торгон сүргийг хүлээн авч, цаашдаа тэднийг үржүүлэх, нөхөн сэлбэх, арчлан маллахаас гадна Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд 30 шахам удаа оролцуулан өнөөдрийг хүртэл үүргээ нэр төртэй биелүүлсээр явна.
Цаашид Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ангийн бэлэн байдал, сургалт бэлтгэлийн чанарыг шинэ шатанд гаргах, “Морьт суман”, “Хорин саалийн үнээний фермер”, “Эсгий үйлдвэрлэлийн цех” дэд төслүүдийг хэрэгжүүлэх, малын таваарлаг чанарыг сайжруулах, Морин пологийн олон улсын стандартын шаардлагыг хангах тоглолтын талбай байгуулах зэрэг төлөвлөсөн, хэрэгжүүлэх бодит ажил манай хамт олонд цөөнгүй бий. 
Түүхт 40 жилийн ойг тохиолдуулан ангийнхаа хамт олонд аз жаргал, эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
 
 
Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, 
бэлтгэл дэд хурандаа Ч.ДАШДЭЛЭГ