sonin.mn
Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд өнгөрсөн долоо хоногт  нээлтээ хийсэн.  Өмнө нь найрамдлын сар гэж нэрлэдэг байсан бол одоо агуулга хийгээд хамрах цар хүрээний хувьд өргөн болсон.  59 дэх удаагийн найрамдал хамтын ажиллагааны өдрүүд ирэх арваннэгдүгээр сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ. Харилцаа гэдэг харилцан ойлголцохоос эхэлдэг. Тэгвэл монголчуудад мөнхийн хөршийнх нь хэлийг заах үйлсэд насаараа зүтгэж яваа, ШУТИС-ийн М.Долгоржав багшийг “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа онцоллоо.
 
Дайны үеийн хүүхэд
 
“Би Монгол хүний хүнлэг сайхан чанарыг биширдэг. Хүний тусыг хэзээ ч мартаж болдоггүй гэдгийг монголчуудаас л харж болно. Энэ найрамдлын сарыг намайг залуу байхад нижгэр тэмдэглэдэг байсан” хэмээн биднийг угтсан М.Долгоржав багш  буриад хүн. 1941 онд ОХУ-ын Чита мужийн Дульдурга, Үзөөн сууринд Мижиддоржийн зургаа дахь охин болон мэндэлжээ. Тэрээр өөрийгөө “Би чинь дайны үеийн хүүхэд шүү дээ” гэж  тодотгов.
Учир нь түүний аав Мижиддорж нь Зөвлөлт засгийн үеийн тосгоны дарга нарын нэг байсан ч, Халх голын дайн эхэлж цэрэгт мордон морь сургагчаар ажилласан түүхтэй. Харин ээж нь гэртээ хүүхдүүдээ харж үлджээ. Дайны жил, түүний дараахь цаг үеийн зөвлөлтийн хийгээд буриад хүүхдүүдийн эгэл жирийн атлаа ээж аавтайгаа элэг бүтэн өссөн дурсамж дүүрэн бага нас…
 
Мижиддоржийн басган Долгоржав бага, дунд сургуулиа дүүргэж, 1960 онд Ленинградын их сургуульд химийн багшаар сурч эхэлсэн нь түүнийг Монгол Улстай холбох анхны алхам болсон байна. 61 оны намар Долгоржав хоёр дугаар курст оржээ. Энэ л намар  Төмөрийн Арслан гэдэг монгол залуу энэ сургуулийн Хими, биологийн багшийн ангийн оюутан болж байжээ. Монголоос очсон даруухан хархүү Долгоржав гэдэг буриад бүсгүйн нэгэн насны хань байсан гэдгийг хэн мэдэх билээ. Монгол, буриад залуус учирч, хайрлаж дурлаж, тэдний хайрын түүх эхэлжээ. Долгоржав нөхрөөсөө түрүүлж сургуулиа төгссөн бөгөөд 1967 онд том хүүгээ Орост төрүүлсэн байна. Хүү нэг нас хүрэхэд нөхөр нь ч сургуулиа төгсөж, хайртай хүнээ даган Монголд суурьшихаар иржээ. Энэ тухайгаа “Гэр бүлийнхэн маань намайг монгол хүнтэй суух гэж байгааг ихэд таатай хүлээж авсан. Нөхрийг минь хараад ямар сайн хүнтэй учирсныг минь ойлгосон байх гэж боддог” гэсэн юм. Долгоржав нөхрөөсөө зургаан насаар дүү байсан бөгөөд түүний ээж охиноо бэр болон хүний нутагт мордоход нь “…Бие биетэйгээ ойлголцож амьдраарай” гэж захижээ. Мөн Долгоржав багш  “Би амьдралдаа дандаа буулт хийж байсан. Учир нь гэвэл миний нөхөр  их ухаантай хүн байсан. Дандаа түүний минь зөв байдаг байсан. Залуу байхад хосууд их маргадаг. Бидний хувьд тийм зүйл байгаагүй гэхэд болно” хэмээн дурслаа.
 
 
МОНГОЛЫН АНХНЫ МЭРГЭЖЛИЙН ХЭЛНИЙ ТОЛЬ БИЧГИЙГ ГАРГАЖЭЭ
 
Залуу гэр бүл Монголд суурьшиж, Долгоржав ажил хийх шаардлагатай боллоо. Тэгэхийн тулд монгол хэл сурах хэрэгтэй болжээ. Тиймээс 1971-1976 онд Монгол Улсын багшийн дээд сургуулийн Монгол хэл уран зохиолын багшийн ангид элсэн суралцсан байна. Сургуулиа төгсөөд тухайн үеийн МУИС-д Шинжлэх ухаан, технологийн сургуулийн Орос хэлний багшаар ажиллах томилолт гардсан байна. Энэ бол дараа нь Политехникийн дээд  болж өрх тусгаарласан сургууль. Политехникийн дээд сургууль гэдэг инженерүүд бэлтгэх ёстой. Харин инженерүүд орос хэлгүйгээр сурах аргагүй. Сурах бичгийн 90 хувь нь орос хэлээр бичигдсэн байв. Нэг үгээр орос хэл бол инженерүүдийн мэргэжлээ эзэмших гол зэвсэг байсан юм. Харин түүнийг багшаар ажиллахаар ирэхэд орос хэлний багш нар сурагчдад кино үзүүлэх гэх мэтээр хичээл зааж байжээ. Энэ арга Долгоржав багшид үр дүнтэй  сайн хэлбэр гэж санагдаагүй байна. Тиймээс оюутнуудад сурах бичгийг бүрэн ашиглуулж сургах ёстой гэдэг зорилт тавьсан байна. Гэхдээ сурагчдад зориулагдсан ном, тэр дундаа толь бичиг огт байгаагүй аж. Ном, толь бичиг гарахыг хүлээгээд суухыг хүсээгүй залуу багш бүсгүй хэлний тэнхимийн багш нартайгаа ярилцан салбар, салбарын мэргэжлийн хэлний ном, толь бичиг, дасгалын дэвтрийг гаргажээ. Ингэж Монголын анхны шинжлэх ухааны толь болон сурах бичгийг бүтээж байсан түүхтэй. Эндээс л  уул уурхай, барилга, эрчим хүчний инженерийн оюутнууд мэргэжлийн орос хэлтэй болох эхлэл тавигджээ. Гэтэл удалгүй нийгэм цаг үеийн хөгжлөө дагаад яваандаа дан ганц орос биш, англи хэлийг голлох болсон байна. Тиймээс ер нь англи, орос, монгол хэлний толь бичиг зохиох хэрэгтэй гээд гурван хэлийг хослуулсан мэргэжлийн толь бичиг гаргасан байна. Тэрээр таван ном, хоёр толь бичиг хэвлэн гаргасан байна. Үүнээс хойш 40 гаруй жил ажиллахдаа 30 мянга гаруй шавьтай болжээ.
 
Түүний нөхөр Т.Арслан багш МУИС-д 50 гаруй жил мэргэжлээрээ ажиллажээ. Тэрээр “Би нөхрийгөө Монгол Улсын боловсролын салбарт их хувь нэмэр оруулсан хүн гэж боддог. Түүний маань гол зарчим бол хүүхдийг хүн шиг хүн болгож хүмүүжүүлэх, нийгэмд хөлөө олох, амьдрах ухаанд сургах байсан. Ийм чадвартай монгол хүн бэлтгэхийн төлөө бүх насны хөдөлмөрөө зориулсан. Эмч нар хүн авардаг бол багш нар хүнээр хүн хийж, амьдралынх нь замыг заадаг. Тэр минь өөрөө их зарчимч, мэргэжилдээ  дуртай хүн байсан. Нөхөр бид хоёр Монгол орноо хөгжүүлье. Зөв хүнийг бий болгоё гэсэн нэг л зорилготой байсан. Хүмүүжилтэй хүн бол боловсролтой хүн. Би 40 гаруй жил ажиллахдаа 30 мянга гаруй шавьтай. Тэд минь Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгэж явна. Шавь нараа хараад дэмий амьдраагүй юм байна гэж боддог” хэмээн ярьж байна.
 
БАГШ ХҮҮХЭД БҮРТЭЙ ТУЛЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ
 
-Хүссэн ч, эс хүссэн ч багш хүнд бусдын үр хүүхдүүдийн хувь заяа даатгагдаж байдаг. Хүн оюун ухааныг удамшин авч төрдөг бол түүнийг төгөлдөржүүлэн нээж хөгжүүлэхэд багшийн үүрэг хамгийн чухал.Тиймдээ ч шавийн эрдэм багшаас гэж ярьдаг.Ид залуухан ажиллаж байх үед нэг группт 20 оюутан байдаг байлаа. Багш бид оюутнаа чадвартай болгож гаргах ёстой. Орос хэл ийм гэж заах биш орос хэлийг ашиглаж чаддаг болгох нь чухал гэж боддог юм. Нэг өдөр хамт ажилладаг найз маань дуудаад “Долгоржав аа чи хүүхэд бүртэй ингэж  битгий ажил. Сурч чадахгүйг нь орхи. Наадуул чинь нутагтаа очоод аварга малчин болно. Харин сурч байгааг нь сайн дэмж” гэсэн юм. Би тэр найзтайгаа санал нийлээгүй. Оюутан бүхэнтэй, тэр тусмаа хоцрогдолтой оюутнуудтай бүр ч их ажилладаг байсан. Хүнийг муу бол муугаараа үлдэнэ гэж бодож болохгүй. Тэр оюутан  бол ойлгох гэж, сурах гэж ядарч яваа нэгэн. Түүнд тусалж, чаддаг болгох хэрэгтэй. Ер нь оюутан ч бай, сурагч бай хэн ч ялгаагүй  ойлгож харилцах  юм бол тэд хичээл сурлагадаа өөрөөр ханддаг. Хүнийг ямар ч байсан орхиж болохгүй гэдгийг би маш сайн ухаарсан юм.
 
 
Олон орны хүүхэд, залуус, оюутнуудад хичээл зааж байсан. Түүний дотроос монгол хүүхэд үнэхээр ухаалаг. Шүүмжлэлтэй хандвал жаахан замбараагүй, зохион байгуулалт муутай. Гэхдээ үнэхээр оюуны потенциал ихтэй. Тэр л монголчуудын үнэт зүйл гэж боддог хэмээн 40 жил багшаар ажилласан, өнөөдөр ч энэ ажлаасаа холдож хөндийрөөгүй яваа М.Долгоржав багш өгүүлсэн юм.
 
 
“ЧИ НЭЭРЭЭ Л МОНГОЛД НУТАГШСАН БАЙНА” ГЭДЭГ
 
Т.Арслан, М.Долгоржав нар 52 жил ханилж, хоёр хүүхдийн ээж аав болжээ. Охин нь уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэй, Харин хүү нь  Америкт гэр бүлээрээ ажиллаж амьдарч байгаа аж.
2016 онд М.Долгоржав багшийн  нөхөр бурхан болжээ. “Нөхрийг минь нас барснаас хойш найз нөхөд, ах дүү маань одоо нутагтаа хүрээд ирээ гэсэн. Би юу гэж ийм сайхан нутгаа, улсаа орхиж явах вэ дээ. Ханийн минь нутаг, хүүхдүүдийн минь нутаг. Миний нэг насны амьдрал минь энд байна. Тиймээс би өөрийн төрсөн нутаг, аав ээжийнхээ нутаг руу  явж чадахгүй. Үүнийгээ хэлэхээр, ах дүү хамаатан садангууд минь “Чи нээрээ л Монголд нутагшсан байна” гэдэг. Би энд юугаар ч дутаагүй. Хайр халамж, гэр бүл, найз нөхдөөр дутаагүй. Нутаг руугаа жил бүр явдаг. Нөхөр маань байхдаа намайг нутаг явахын өмнө  “Сайн идээрэй. Өнгөтэй зүстэй явна шүү” гэж хошигнодог байсан. Сайн ханьтай байсан болохоор би нутаг ус, аав, ээжийгээ санаж, харих юмсан гэдэг бодол төрж байгаагүй. Хань минь ч  намайг нутаг руугаа явахыг хорих биш дэмждэг байсан. Аав ээж хоёрыгоо үгүй болоход би хоёулангийх нь толгойг барьсан. Ээжийгээ өвчтэй байхад нь гурван сар асарсан. Аавынхаа биеийг муудахад нь амжаад очиж байсан. Тэр үед аав маань амьсгал хураахынхаа өмнө “Өө чи минь ирсэн үү” гээд л бурхан болж байсан. Тиймээс би өөрийгөө охиныхоо үүргээ биелүүлсэн гэж боддог.Харин одоо явахдаа хүүхэд нас ижий аавтайгаа байсан цаг үеэ дурсахын тулд явдаг. Тухайн үеийн дурсамжаа дахин авах гэж очдог болсон” хэмээн хуучиллаа.
 
 
Монголд идээшин амьдрахад хамгийн их зүйлийг зааж өгсөн хүн нь түүний ээж, хань хоёр нь. Ээж нь хэдийгээр албан ёсны  боловсролын үнэмлэх дипломгүй байсан ч, амьдралын агуу ухаантай хүн байж. “Бодож байж юм хий. Хүнд хамгийн гоё аягандаа цай хийж өг. Орж ирсэн хүнийг цадтал сайхан хооллоод гарга” гэх мэт энгийн юм шиг атлаа эргээд бодоход өргөн олонтой байх үүдийг нээсэн үгсийг хэлж сургадаг байжээ. Нөхөр нь түүнийг дагуулаад Улаанбаатар руу явахын өмнө олон зүйлийн талаар ярьж, зөвлөжээ. Тухайлбал, Монголд очихоор чинь хүн чамд бэлэг өгнө шүү.  Чи түүнийг нь хоёр гурав нэмж өгөх ёстой байдаг юм гэж хэлж байсан нь одоо ч Долгоржав багшийн санаанаас гардаггүй гэнэ.
 
М.Долгоржав багшид гэрэл зураг, дурсгалын зүйл тун олон. Тэдгээрийн дунд хадам эгч, дүү нараас нь  түүний 70 насны ойгоор зохиож өгсөн шүлэг байв.
 
Монгол орныхоо хилийн чинадад төрсөн бүсгүй танаа
Монгол эрийн хайрыг булаасан хишигтэй бэр танаа
Монгол айлын гал голомтыг бадраасан түшигтэй гэргий танаа
Монгол зоны хүндэтгэл хүлээсэн буянтай бэр танаа
Хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлсэн ачтай ээж танаа
Хөөрхөн ач, зээгээ хөтөлсөн буянтай эмээ танаа
Их хувь заяа, 100 насны өндөр оргилд
Эрчим төгс, зол жаргалтай хүрэхийг ерөөе гэжээ. Ерөөл бат оршиг ээ.
 
 
 
Б.Баяржавхлан
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин