sonin.mn

Биеийн тамир, спортын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд боллоо.


Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/416 тоот тушаалаар ажлын хэсгийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан, хуулийн төсөл боловсруулах, судалгаа, хэлэлцүүлэг хийх чиг үүргийг өгсөн.


Ажлын хэсгийн анхдугаар хурлыг нээж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням үг хэлж, удирдан явуулав. Хурлаар хуулийн ажлын хэсгийн дарга Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга тус газрын мэргэжилтэн Д.Соёлмаа нар биеийн тамир, спортын салбарт мөрдөгдөж буй хууль, эрх зүйн орчны хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, цаашид хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахад баримтлах бодлогын чиглэл, хуулийн төслийн үзэл баримтлал, үр нөлөөний судалгааг явуулсан тухай тайлан, нэмэлт өөрчлөлтийн дараа иргэд, хуулийн этгээд, төсөвт үүсэх зардлын тооцоолол зэрэг олон асуудлын хүрээнд мэдээлэл өглөө.


Хурлаар хүний хөгжил, эрүүл мэндийг дэмжих үндэсний бодлоготой уялдуулан олон улсын жишиг, стандартад нийцсэн зохицуулалтыг нэвтрүүлэх, төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, салбарын бодлогын хэрэгжилтийг үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд нэвтрүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.


Ажлын хэсгийн гишүүд Биеийн тамир, спортын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд тусгах саналын талаар ярилцан, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц, хүртээмжтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хуулийн хийдэл, давхралыг арилгах, өөрчлөн найруулах, хэрэгжихгүй заалтыг хасах, шаардлагатай асуудлыг нэмж оруулах чиглэлээр хэлэлцэж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас гаргасан эхний төсөл дээрээ тулгуурлан цаашид ажлаа төлөвлөж, саналаа нэгтгэн, ойрын хугацаанд боловсруулалтыг хийж, Засгийн газар, УИХ-д өргөн барихад бэлтгэхээр боллоо. Ажлын хэсэг нь санал, дүгнэлтийг нэгтгэж, холбогдох байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид, салбарын төлөөллөөс санал авах, хэлэлцүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар тогтов.