sonin.mn
Улаанбаатарчууд бид агаарын бохирдол,нүүрс,шахмал түлш,угаарын хийн хордлогын талаар тал талаас нь багагүй шүүмжлэн ярилцлаа. Гэвч асуудал бүрхэг хэвээр ойрын ирээдүйд өөрчлөлт гаргах тодорхой шийдэлгүй үлдэв. Угаарын хийн хордлого гараад байгаа нь нүүрсийг бүрэн шатаахад шаардлагатай хүчилтөрөгчийн нөхөлт (агааржуулалт) дутмаг болон сууцны дотор угаарын хий алдагдсан гэх дүгнэлттэй үлдэцгээв. Дэлхийн агаар мандлын найрлагад азот 78%, хүчилтөрөгч 20,95%, бусад хийнүүд өчүүхэн бага хувь эзэлдгийг хэн бүхэн мэднэ.
 
 
Дүн өвлийн ид хүйтэнд Улаанбаатар хот оршин буй “газар зүйн тогоонд” 200-гаад мянган айл өрх,олон мянган байгууллага гал түлж дулаан үйлдвэрлэн бидний хөлөглөж яваа машин бүр шатахуун шатааж мөнөөх 20,95%  хүчилтөрөгчийг маань хорогдуулан бохир агаарыг нэмэгдүүлнэ. Байгалийн зүй тогтлоор агаарын сэлгээ, (конвекц) салхины хамгийн нам гүм байдал ноёрхдог дүн өвлийн энэ үед нийслэлийн “газар зүйн тогоонд” хэдэн хувийн хүчилтөрөгчтэй байгааг эрүүл мэндийн байгууллагууд болон агаарын чанарын станцуудын хэн нь ч үл мэдээлнэ.
 
 
Бага эзэлхүүнтэй, агааржуулалтын зориулалтын байгууламжгүй, сайтар дулаалсан гэр ба байшингийн дотор хумимтлагдсан хүчилтөрөгчийг оршин суугчид амьсгалдаа,түлш зуух шатаах процессдоо булаалдан хэрэглэнэ. Хүчилтөрөгчийн хэдэн хувь нь оршин суугчдын амьсгалд болон хэдэн хувь нь түлшний шаталтанд  зарцуулагдаж байгааг хэн ч тодорхой мэдэхгүй. Тэр ч байтугай тэртэй тэргүй гадна орчинд хомсдолтой байгаа хүчилтөрөгч бүрэн битүүмжлэгдсэн сууцанд хэдэн хувь нэвтэрэн орж байгааг таахад бэрх. Чухам үүнээс л их хотод амьдран суугчдын уушигны замын өвчлөл ба хөдөөнийхөний улаан хацартай байдгийн бодит шалтгааныг олж бүгдээрээ уушигныхаа тэжээл болсон хүчилтөрөгчөө нэмэгдүүлэх арга замыг хайх нь зүйтэй санагдана. Дэлхий нийтээрээ шинжлэх ухааны үсрэнгүй хөгжилд хүрсэн боловч хүчилтөрөгчгүйгээр ямарч түлшийг шатаах аргыг олоогүй л байна. Иймд бид аль болохоор бохирдлыг үл гаргах ба агаар мандлын өөрөө цэвэрших зүй тогтлыг дэмжих үйл ажиллагаанд шилжих хэрэгтэй болж байна. Энэ бол агаарын сэлгээг идвэхжүүлэх салхи бий болгох арга зам.
 
 
Л.Лхагва