sonin.mn

Ерөнхийлөгчийн ба парламентын сонгуулиуд болсны дараа Танзани улсад улс төрийн нөхцөл байдал эрс хурцдаж буйд маш ихээр түгшиж байгаагаа Европын Холбоо илэрхийлжээ.


Тус холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Кая Каллас мэдэгдэхдээ, хүмүүсийн амь насыг хамгаалахын тулд дээд зэргийн хүлээц тэвчээр гаргахыг эрх баригчдад уриалсан байна.


Улс төрийн хүчнүүдийн хувьд ижил тэгш нөхцлийг бүрдүүлээгүй байгааг тэрбээр дурдаад, баривчлагдан саатуулагдсан бүх улстөрчийг нэн даруй суллаж, хүмүүсийг хулгайлсан, хүчирхийлсэн тохиолдлуудыг нухацтай мөрдөн шалгахыг уриалжээ. Үүний зэрэгцээ Европын Холбоо, Танзанийн хооронд эртнээс түншлэлийн харилцаатай байсаар ирсэн бөгөөд хүлээсэн үүргийнхээ дагуу олон намын тогтолцоог бүрдүүлэх хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийг эрх баригчдад сануулсан байна.


Танзанид олон хүн амиа алдаж, шархадсан тухай мэдээг сонсоод гүнээ түгшиж байгаагаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш илэрхийлжээ. 


Хэдхэн өдрийн өмнө Танзанид болсон сонгуульд Ерөнхийлөгч Самия Сулуху Хасан 97,66 хувийн санал ялалт байгуулсан тухай төрийн мэдлийн телевиз мэдээлсэн байна. Харин сонгуульд оролцох эрхээ хасуулсан “Чадема” гэдэг хамгийн том сөрөг хүчний нам санал хураалтыг бойкотлохыг иргэдэд уриалаад сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ.


Түүнчлэн сонгуулийн дараа дэгдсэн эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр 800-аас доошгүй хүн амиа алдсан тухай сөрөг хүчнийхэн мэдээлжээ.


Сонгуулиас өмнө ч хүмүүсийг хулгайлж байсан хэмээн хүний эрхийг хамгаалах байгууллагууд Ерөнхийлөгч Сулуху Хасаныг буруутгаж байсан юм. Энэ оны дөрөвдүгээр сард “Чадема” намын удирдагч Тунду Лиссуг баривчилсан бөгөөд шүүхээс түүнийг эр орноосоо урвасан хэрэгт буруутгаж, цаазаар авах ял оноожээ.Самия Сулуху Хасан 2021 онд ерөнхийлөгч Жон Магуфули нас барсны дараа төрийн тэргүүнээр сонгогдсон байна. 



Б.Адъяахүү