“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа монгол залуусын гараар бүтсэн анхны хиймэл дагуул болох “Мазаалай”-н дараагийн төсөл болон хэрэгжиж байгаа “Тэмүүлэл” төслийн багийн гишүүн,  Сансрын инженерчлэлийн доктор, МУИС-ийн багш, судлаач Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.
 
-Монгол инженерүүд өөрсдийн хиймэл дагуулыг дизайн гаргахаас нь эхлээд угсрах, бүтээх, турших, харилцах гээд бүх үйл явцыг нь бүхэлд нь хийх, залуу үеийн инженерүүдээ бэлтгэх зорилгоор “Тэмүүлэл” төслийг эхлүүлсэн. “Мазаалай” бол монгол инженерүүдийн бүтээл хэдий ч Япон улсын орчин нөхцөлд хийгдсэн. Тэр улсын лаборатори, тоног төхөөрөмж, ноу хаугаар бүтээгдсэн.
 
 
 
Тэгэхээр бидний залуус тэнд хиймэл дагуул хийдэг өндөр технологид нь суралцаад, докторын зэрэг хамгаалаад, энэ салбарынхаа боловсон хүчин болж бэлтгэгдээд ирсний хувьд сурсан зүйлээ эндээ нутагшуулахаар эхлүүлсэн төсөл.  Ингэхдээ зөвхөн өөрсдөө биш оюутнуудтайгаа хамтарч хэрэгжүүлж байгаа учаас нөгөө талаас манай инженерийн боловсролын том төсөл болж байгаа юм.
 
 
 
“Тэмүүлэл” хиймэл дагуул бол Мазаалайтай адил шинжлэх ухааны судалгаа, технологийн туршилтын зориулалттай. Ор хоосноос аливаа системийг шууд хэрэглээнд нэвтрүүлэх нь боломж бараг үгүй. Тиймээс хэрэглээний төвшинд ашиглах өөрсдийн хиймэл дагуулыг дотооддоо бүтээх чадамжтай болох нэг алхам нь “Мазаалай”-гийн дараах “Тэмүүлэл” гэж ойлгож болно. “Тэмүүлэл” хиймэл дагуулын тухай товч мэдээлэл өгөхөд “Мазаалай”-тай хэмжээ, зориулалтын хувьд адилхан. Хааш хаашаа 10см хэмжээтэй, жижиг хиймэл дагуул. Даалгаврын хувьд хэрэглээнийх биш гэдгийг түрүүнд хэлсэн. Сансраас зураг авах, холбооны хэрэгслээр алслагдсан газраас мэдээлэл цуглуулах, өндөр чадлын хагас дамжуулагчийн эвдрэлийн зэргийг тодорхойлох, програмчлагддаг хиймэл дагуулын платформийн туршилт хийх гэх мэт таван даалгавар байгаа. “Тэмүүлэл”-ийг хөөргөх үед хэн ч оролцож болох сонирхолтой даалгаврыг оруулж өгсөн нь хүсэл мөрөөдлөө задгай сансарт илгээх. Өөрөөр хэлбэл, “Тэмүүлэл” хиймэл дагуулын mosta.mn вэб сайтад хандан өөрийн хүссэн үгс, захидлыг интернетээр явуулахад бид түүнийг хиймэл дагуулдаа суулган задгай сансарт авч гараад дохио болгож цацна гэсэн үг. Уг дохиог дэлхий дээр хүлээж аваад цаасан дээр буулган захидал болгоод хүргэхийг хүссэн хүнд нь аваачиж өгнө. Олон нийтийн хандивын хариуд энэ даалгаварыг зориулж байгаа юм. Энэ нь манай төслийн менежментийн талаас авч хэрэгжүүлж байгаа ажил гэж ойлгож болно. Хугацааны хувьд 2021 оны хавар хөөргөхөөр төлөвлөсөн. Манай ардын хувьсгалын 100 жилийн ой, бидний хүндэт хүн Ж.Гүррагчаа баатрын маань сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой жил юм. Тиймээс аль болох тэр хугацаанд амжуулах юмсан гэж хичээж байна.
 
Өндөр технологийг хэн эзэмшинэ, тэр ялна
 
Блиц
 
Овог, нэр: Дашдондогийн Эрдэнэбаатар
 
МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Физикийн тэнхмийн дэд профессор, Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн эрхлэгч, “Монголын сансрын технологийн холбоо” ТББ-ын тэргүүн
 
БОЛОВСРОЛ:
 
2009 онд: Физик Электроникийн чиглэлээр МУИС-д ШУ-ны бакалавр.
2011 онд: Физик Электроникийн чиглэлээр МУИС-д ШУ-ны магистр.
2017 онд: Японы Кюүшүгийн Технологийн Их Сургуульд
Сансрын технологийн чиглэлээр доктор хамгаалсан.
 
ТУРШЛАГА:
 
Сансрын технологийн чиглэлээр:
-Мазаалай хиймэл дагуул
-HORYU-4 хиймэл дагуул
-SPATIUM хиймэл дагуул
-APSCO SSS микро хиймэл дагуулын төсөл
 
БУСАД:
 
-SPENUM онлайн хичээл Zeely зөвлөх
-MakeUSpace зөвлөх
-TEDx Илтгэгч Robocon,
-Cansat удирдагч багш
 
-Хэрэглээний гэдэг нь бодит амьдрал дээр ашиглаж болох хиймэл дагуулыг хэлээд байгаа юм. Энэ бол бидний ойрын арван жилийн зорилго. Харин түүнд хүрэх зайлшгүй нэг алхам нь “Тэмүүлэл”. Хэрэглээний хиймэл дагуул бүтээх үйл явцыг нэг том уулын даваа байлаа гэж бодоход тэр давааг давахын тулд бид эхлээд наана нь байгаа гүвээг давах ёстой. Аливаа өндөр технологийг нутагшуулахад наана нь байгаа гүвээг давах буюу эзэмших, өөрсдийн болгох зайлшгүй шаардлага байдаг нь хөгжсөн улсуудын түүхээс харагддаг. Тэгэхээр бид энэ цаг хугацаа, хөлс хүч, хөрөнгө шаардсан үеийг давчихвал хүссэн үр дүндээ хүрч чадах юм. Технологийг эзэмшихийн тулд сууриас нь эхлээд ойлгож мэдэж байж өөрсдийн болгох хэрэгтэй юм гэдгийг л ойлгох хэрэгтэй. Сансрын технологийн хувьд төрийн бодлогоор хөгжүүлэх шаардлага бол зайлшгүй байгаа. Тулгамдсан ч гэж хэлж болно. Хэзээ нэгэн цагт хэн нэгэн үүнийг хийж энэ орон зайг нөхөхөөс өөр аргагүй. Өнөөдөр бид технологио өөрийн болгож амжаагүй байж хэрэглээнд нэвтэрсэн технологи хүсээд байх нь бодит байдал дээр капитализмийг алгасаад социализмд хүрнэ гэдэг шиг л хийсвэр юм даа. Харин “Тэмүүлэл” одоо яг энэ завсарт нь явж байна.
 
Зах зээл, бизнес талаас нь үзвэл дэлхий нийтээрээ маш том хөрөнгө оруулалтын талбар болсон энэ жижиг хиймэл дагуулын салбар руу хошуурч байна. Өнөөдөр өндөр технологийг хэн эзэмшиж байна, тэр эдийн засгийн эзэн нь болж байна, түүнд л давуу тал үүснэ. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, мэдлэгийн эдийн засгийн энэ үед улс орнууд технологиор л өрсөлдөж байна. Бид хэдий болтол хэрэглэгч байх вэ, тэднээс хоцрохгүй байхын тулд энэ салбарт орохоос өөр аргагүй. Яагаад бидний хэсэг залуус сансрын технологи гээд нэг юм яриад түүнийхээ хойноос улайраад байгаагийн суурь шалтгаан нь ердөө л энэ. Хөгжсөн улсуудтай бусад олон замаар өрсөлдөж болох л байх л даа. Машин, компьютер үйлдвэрлэл, технологийн сургалтууд гээд өрсөлдөж болно. Яагаад сансрын технологи гэж яриад байна гэхээр  хамгийн том, өндөр хэмжүүр нь байж чадна. Хиймэл дагуулыг бид өөрсдөө хийгээд чаддаг болсон цагт манайд энэ өндөр технологи хөгжсөн гэж хэлж чадна. Нэг төрлийн шалгуур үзүүлэлт болж байгаа юм. Сансрын технологи нь олон технологийн салбарын уулзвар дээр байдаг салбар. Сансар дахь хүнд хэцүү орчныг давж гарах цогц системийг хийнэ гэдэг нь бусад ямар ч салбарт бүтээгдэхүүн хөгжүүлэх боломжтой хөрвөх чадвартай болж байна гэсэн үг. Хиймэл дагуулыг системийн хаан гэж нэрлэдэг нь ийм учиртай. Мөн үүний зэрэгцээ шинжлэх ухаан, инженерчлэлийн бо­ловс­ролын маш том, үнэ цэнэтэй хэрэгсэл болно.  Хий­­мэл дагуул хийж чаддаг ин­женертэй болно гэдэг машин, гар утас хийх чадвартай инженерүүдтэй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бүтээдэг, инноваци гаргадаг инженерүүдтэй болно.
 
Жижиг хиймэл дагуул бол шинэ, залуу зах зээл
 
 
 
-Дэлхий нийтийн чиг хандлага энэ жижиг хиймэл дагуулд чиглэж байна. Микро, нано, кубсат хиймэл дагуул гэх мэтээр нэрлэдэг. Хэмжээний хувьд маш авсаархан жижигхэн. Уламжлалт сансрын технологиос олон давуу талтай, цоо шинэ зүйл. Энэ технологийн хувьд хувийн секторын оролцоо их байдаг, бизнес тал руугаа сайн хөгжиж байгаа. Монголын хэн нэгэн хөрөнгө оруулагч Монголын анхны сансрын технологийн компанид хувьцаа эзэмшээд бидний үйл ажиллагааг дэмжээд үр дүнд нь бүгдээрээ сансрын технологитой болох бодит боломж бидэнд байна.
 
 
 
Энэ хиймэл дагуулыг яг машин, тоног төхөөрөмж шиг худалдан авч хэрэглэж байна. Өөрсдийнхөө аюулгүй байдал, амьдралын баталгаа болгож байна. Тодорхой жишээ хэлвэл, Өмнөд Африк улс зургаан жилийн өмнө сансрын технологийн старп ап компаниа яг бидэн шиг байгуулж эхэлж байсан. Гэтэл түүнээс хойш ердөө таван жилийн дараа дэлхийн бүх улсуудад өөрсдийн тоног төхөөрөмжийг худалдаалдаг болчихлоо. Бүхэл бүтэн системийг нийлүүлэгч боллоо. Яалт ч үгүй цоо шинэ, залуу технологи учраас зах зээлийн хувьд ханалтандаа арай хүрээгүй байна. Мөн үйлчилгээ үзүүлэх зориулалтаар асар их ашиг олж байна. Сансраас зураг авах, шинжлэх ухааны туршилт хийх гэх мэт. Зургийг өндөр давтамжтай, чанартайгаар авч чадах юм бол олон давуу талтай. 2009 онд жижиг хиймэл дагуул, жижиг пуужингийн зах зээл 1 тэрбум орчим ам.доллар байсан бол 2019 он хүртэлх хугацаанд энэ салбарын хөрөнгө оруулалт 17 тэрбум ам.доллар хүртэл өссөн үзүүлэлт байна. Энэ бол асар хурдтай өсөж буй зах зээл. Нөгөө талаас хиймэл дагуулын хэмжээ нь багасчихаар сансарт гаргах зардал нь маш их буурч байна. Компьютер 10 жилийн өмнө ямар байсан бэ. Одоо гар утас болоод халаасанд орчихлоо. Түүнтэй адил технологи хөгжихийн хэрээр хиймэл дагуул жижгэрч байна. Асар их хөрөнгө шаарддаг уламжлалт том хиймэл дагуулын салбараас эрс өөр энэ онцлог нь энэ шинэ технологийн өрсөлдөөнийг ширүүн болгож, бүгдийг нэг гараанд аваачиж байгаа юм.Технологи гэдэг маш хурдан шинэчлэгддэг. Гэхдээ бид хэрэглээний шинжлэх ухаан, технологийг нь эзэмших юм бол  цоо шинээр төрж буй технологийг ижил хэмжээнд бариад авч чадна.
 
Жишээ хэлэхэд, манай улс өнөөдрийн нөхцөлд хиймэл дагуулын мэдээллийг яаралтай үед худалдаж аваад, ихэвчлэн үнэгүй татаж авч болдог бага нягтралтай зураг авч ашиглаж байгаа. Түүний цаана адилхан нэг улс хиймэл дагуул бүтээгээд түүнийхээ зургийг зараад, заримыг нь үнэгүй тараагаад сууж байгаа. Тэр нь бас тодорхой хугацаатай, нэг өдөр л үйл ажиллагаа нь дуусаад дахиж хийхгүй гэхэд бид хоосон хоцорно. Тэр үед бид наанадаж цаг агаарын мэдээ сэлт цаанадаж аюулгүй байдалтай холбоотой асуудал яригдахыг үгүйсгэхгүй.
 
Монгол сансрын технологийг эзэмшсэн гэж википедиад удахгүй бичигдэнэ
 
-Яг одоо гар утас хийгээд гар утастай өрсөлдөх талаар бид ерөөсөө яриагүй. Шинэ технологийн тухай ярьж байна. Өндөр технологи буюу орчин үеийн технологи гэхээр манайхан зөвхөн мэдээллийн технологи, программ хангамж гэж төсөөлдөг хандлага байна.  Гэтэл дэлхийд суурь өндөр технологи дээр нь гол өрсөлдөөн явж байна. Энэ өндөр технологи ихэвчлэн хэрэглээний шинжлэх ухааны салбаруудад бий болж байдаг. Манайд энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг сургууль байна уу гэдэг дээр хариуцсан хүмүүс нь анхаарах, нарийн ойлгож, нөхцөл байдлыг судлах хэрэгтэй. Дийлэнх их сургуулиуд нийгмийн ухааны боловсон хүчин бэлтгэж байна.  Технологийн салбарт маш цөөхөн сургууль байна. Гэхдээ байгаа хэд нь ихэвчлэх төхөөрөмжийг хэрэглэдэг, асаадаг, унтраадаг, программ хангамж суулгадаг, сүлжээг нь татдаг инженерүүд л бэлтгээд байна. Ийм хүмүүс хэрэгтэй гэдгийг би үгүйсгээгүй харин бүтээдэг, тэр төхөөрөмжийг яаж хийдэг вэ гэсэн өндөр технологийг нь эзэмшсэн боловсон хүчин бэлтгэж байгаа нь байхгүйтэй адил байна. Өөрөөр хэлбэл,инженерүүдийг хэрэглэдэг, ашигладаг чиглэлээр бэлтгээд шинээр бүтээдэгийг нь орхигдуулсан. Өндөр технологийг эзэмших, сурахын тулд судалгаа маш чухал. Судалгаа гэдэг зүйлийг улсын хэдхэн сургууль л хийж байна. Бусад нь зөвхөн сургалт дээрээ анхаарч байна. Мэдээж бас тэднийг шууд шүүмжлэх хэцүү яагаад гэвэл энэ судалгаа, хөгжүүлэлт гэдэг зүйл чинь хөрөнгө мөнгө, цаг хугацаа их зориулж байж үр дүнд хүрдэг зүйл гэж би өмнө хэлсэн. Мөнгө олох зорилготой тэр хувийн сургуулиуд ийм зүйлд оролцохгүй нь ойлгомжтой.
 
Тэгэхээр манай улсын хувьд төр л оролцож, шинжлэх ухаан, технологийн салбартаа илүү их хөрөнгө оруулж байж энэ салбараа хөгжүүлэх нь хэнд ч ойлгомжтой асуудал юм. Зөв бодлого л хэрэгтэй. Судалгааны сургууль болох чадамжтай хамгийн сайн сургууль МУИС гэхэд физик болон байгалийн ухааны чиглэлийн суурь шинжлэх ухаан, технологийг сонгож орж ирж байгаа оюутан маш цөөхөн байна. Өнөөдөр бид нано хиймэл дагуул хөгжүүлэх лабораторидоо зөвхөн байгалийн ухааны салбарын оюутан биш бусад салбар сургуулиасаа дур сонирхол дээр нь үндэслэн шигшиж аваад сургаж, су­дал­гаа, хөгжүүлэлт хийл­­гэн ажиллуулж байна. Өөрөөр хэлбэл, яг сургуулийн программаар биш өөрсдийнхөө хүсэл зорилгоор хийж байна. Одоогоор арав гаруй хүүхэд байна. Хоёр гурван жилийн дараа сайхан инженерүүдтэй болчихно. Техник, технологи гэдэг хоёр зүйл чинь нэг үг биш хоёр өөр зүйл юм. Нэг нь тоног төхөөрөмж, эд материал байхад нөгөө ньмэдлэг, арга барилын дэс дараа, процесс юм. Аливаа төхөөрөмжийг авч хэрэглэхдээ зохион бүтээгдсэн нууцыг ойлгож, түүнийг улам сайжруулан буцаагаад борлуулах хэмжээнд технологийг эзэмших хэрэгтэй. Энд нэг жишээ хэлэхэд 1800-аад оны сүүл үед Британичууд Япончуудад төмөр зам тавьж өгье гэхэд нь Япончууд шууд тэднээр бариулахаас татгалзаж тусгай гэрээ хийсэн байдаг. Тэр нь юу байсан гэхээр тухайн төмөр замыг барууны мэргэжилтнүүдийн удирдлага, заавар дор Япон хүмүүс барьж байгуулна. Тэгээд барууныхан япон хүмүүсийг сургаад япончууд өөрсдөө төмөр замаа тавьж чаддаг болох үед барууны мэргэжилтнүүд Япон улсаас гарах ёстой гэсэн заалт байсан. Улмаар тэр нь амжилттай хэрэгжиж тэнд суралцаж байсан хоёр ч хүн хожмоо Японы төмөр замын компанийг удирдаж хөгжүүлсэн байдаг.  Өнөөдөр төмөр замын дэлхийн хамгийн сайн системүүдийн нэгийг Япон улс бий болгож чадсан. Бусад салбар нь ч яг адилхан замаар хөгжсөн. Тэд зүгээр л худалдаж аваагүй, хуулбарласан, өөрсдөө сурсан, хийсэн. Ингэж байж өнөөгийн технологийн өндөр хөгжилтэй улс бий болсон.
 
Энэ бол технологийг эзэмшихийн ач холбогдол юм. Бидний яриад байгаа энэ хиймэл дагуулууд бол манай багийнхны технологийг эзэмших зорилгод хүрэх нэг л алхам. Хиймэл дагуул, сансрын технологи гэдэг манай Монголчуудын хувьд тийм хол, эзэмшиж чадахгүй, сурч чадахгүй зүйл биш. Зохион байгуулалттай, тогтвортойгоор энэ зүгт алхчих юм бол таван жилийн дараа монгол сансрын технологитой, өөрийн гэсэн хиймэл дагуул бүтээх хүчин чадалтай улс гэж википедиа дээр бичигдэх байх. Энэ улс өөрийн хиймэл дагуулыг бүтээх чадавхтай инженерүүдтэй юм байна гэж яригдана. Өнөөдөр бид шинжлэх ухаан, технологийг тоохгүй байна л даа, эсвэл ойлгохгүй байна. Зөвхөн сансрынх биш мэдээллийн, энергийн, кибернетик, нано, био техно­логиудыг эзэмшиж авахын тулд бид зүтгэх ёстой. Коронавирус гээд ярьж байна. Хөгжөөгүй улс бол сөхрөнө шүү дээ. Биотехнологи нь хөгжсөн, сайн лабораторитай байсан бол өөрсдөө оношлох, магад­гүй эмчлэх аргыг нээх чадвартай байж болох байлаа.
 
 
Б.Солонго
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин