sonin.mn
ХҮҮХДЭЭР ОВОГЛОСОН ЖИНХЭНЭ БАГШИЙН НАМТРЫН ЭХЛЭЛ
 
Монголын Хүүхдийн байгууллагын ахмад зүтгэлтний нэг, улсын гавьяат багш, хүүхэд, гэр бүл судлаач Цамбын Түвшинтөгс манай сонины “Хүмүүн судар” булан буюу хойморноо залрав. Түүнийг Цамбын гэхээсээ хүүхдийн гэж овоглоход бүр олон хүн таних байх. Нэгэн аав, ижийгийн ах дүү арвуулаа эх орны баруун хязгаарын мөнх цаст буурал уулсыг давууланхан харж, тэр нутгийн хөөмийн эгшигтэй хөх салхиар илбүүлэнхэн ухааны шимийг хүртсний нэг нь энэ хүн.
Багш мэргэжилдээ хайртай гэж тэр хэлнэлээ. Аргач үгүй юм. Өөрөөс нь гадна эхнэр Ц.Нарантуяа нь багш. Хоёр хүү, нэг дүү нь мөн л багш. Багшийн бүхэл бүтэн арми ам бүлд нь бүрдсэн гэж болно. Эрхэм багшийн дотоод сэтгэлийн учиг олон үзүүртэй. Үзүүр бүхэн нь аливааг бодож тунгааж засч сайжруулахыг эрмэлзэгч байдаг шиг санагдсан. Түүний зүрх хийгээд тархины бор хальсаа зовоож ухаарахуйд нь эргэлдэж байгаа бүхэн байгалийн захиалгатай, тэнгэрээс дуудлагатай байж ч мэдэх. Байнга шинийг эрэлхийлж их өөр бүхнийг бүтээхийн төлөө насаа элээж намтраа зузаалж яваа хүн бол Ц.Түвшээ багш мөнөөс мөн. Энэ хүний хийж, бүтээсэн бүхэн айл гэрийн хойморт, уншигч олны ширээнээ заларч улмаар хүүхэд, багачуудын сэтгэл оюунд наран, саран мандуулж нийгмийн ой санамжийг арвижуулж иржээ. Тэр тавь гаруй жилийн амьдралаа хүүхдийн төлөө үйлсэд зориулж явна даа гэж хэлнэлээ. Ярианы нь үг, өгүүлбэр бүхэн үлдэцтэй. Тэгээд хэлсэн бүхнийг нь тэмдэглэн баринтаглах юм бол хэдэн ч боть ном болж магадгүй хэмээн санагдаж билээ. Түвшээ багш “хүүхдийн төлөө хэзээд бэлхэн” гэж амьдарсан. Одоо тийм л явнаа.
 
-Та чинь аль нутаг усны хүн билээ гэдгээс яриагаа эхлэх үү?
 
-Би Ховд аймгийн Дөргөн суманд 1944 онд төрсөн хүн дээ. Арван хүүхэдтэй айлын хамгийн том нь. Аав Цамба намайг долоон настай гэж бараг гурван жил цааргалж байгаад 10 настайд сургуульд оруулсан юм билээ. Сайндаа ч биш. Аймгийн төвд байдаг дөчин жил гэрэл зурагчин байсан Цэндийн Хүүхлээ гэж хүний л түшигээр сургуульд орсон. Тэр хүн манай аавын төрсөн дүү нь юм. Анх нэгдүгээр ангид Ховд хотод, дараа нь Дөргөний бага сургуульд эргээд дунд сургуульд аймагт очиж “Цаст Алтайн сургуульд суралцсан. Тэгээд долдугаар анги төгсөөд Багшийн сургуульд элссэн.
 
-Багшийн сургуулиа төгсөөд Ховддоо очоо биз?
 
-Үгүй дээ. Өмнөговьт хуваарилагдаж Даланзадгад сумын бага сургуульд багшилсан.
 
-Яагаад Ховдын хүүхэд тэр говь руу хуваарь авдаг билээ?
 
-Ангиасаа нэг охин дагуулж аваад л тэр. Тэр маань Өмнөговийнх л байхгүй юу. Сүрхий эхнэр дагуулсан том “амьтан” очоод нэгдлээс сангийн гэр бариад суудаг юм. Яг л нөгөө “Говийн зэрэглээ” киноны багш шиг дүр төрх санагддаг. Харин тэнд удаагүй нэг жил л болсон.
 
-А дараа нь...?
 
-Улаанбаатарт шилжиж ирээд Нийслэлийн X сургуульд багш, пионерийн удирдагч байв. Гэтэл 1973 онд МХЗЭ-ийн Төв хороонд пионерийн төв зөвлөлийн зааварлагч гэдэг албанд шижсэн дээ. Түүнээс хойш чөлөөнд гартлаа хүүхдийн байгууллагад ажилласан хүн дээ.
Тийм болохоор миний амьдрал Монголын хүүхдийн байгууллагын түүхтэй салшгүй холбоотой гэж хэлж явдаг юм.
 
-Ямар ямар алба хашсан байх юм?
 
 
 
-Зааварлагчаас эхлээд арга зүйч, орлогч дарга зэрэг тушаалд Пионерийн төв зөвлөлийн ажил албанд нухлагдсан даа. Бас Пионерийн ордны орлогч дарга, Найрамдал зуслангийн орлогч захирал, Хүүхдийн хэвлэлийн редакцид хариуцлагатай нарийн бичгийн дарга, сүүлд нь Хүүхдийн төлөө үндэсний төвд хэлтсийн дарга гэж нэг хэсэг явлаа. Бас түүх судлах гэж нэг хэсэг “давхисан”. Ер нь хүүхдийн байгууллагад ажил амьдралынхаа дийлэнх цаг хугацааг зарцуулсан минь нэг л онцгой хувь заяа юм санагддаг.
 
 
 
1955 онд Ховдод пионер байлаа гэсэн үеэс л эхэлж МПБ-ын 40 жилийн ой болох үед пионерийн удирдагч гээд хүүхдийн байгууллагын төв аппаратад олон жил ажилласан. Энэ хугацаанд их ч юм сурсан. Олон зуун хүүхдэд бас юм сургасан болж таардаг. Иймийн учир энэ Түвшинтөгс гэдэг нөхөр хүүхдийн гэсэн нэрээр овоглох эрхтэй болсон шиг байгаа юм. Өндөр мэдлэг чадвартай, үлгэртэй монголын шилдэг сайхан хүмүүсийн удирдлагад ажиллаж байсан минь бас олзтой байлаа.
 
1983 онд болсон залгамжлагч чуулганы үеэр Ю.Цэдэнбал даргатай Ц.Түвшинтөгс, Н.Пүрэвдагва, Д.Энхээ нар.
-Тухайлбал...?
 
-Монголын залуучуудын байгууллагыг 17 жил удирдсан Чойжилын Пүрэвжав. Эвлэлийн төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан энэ хүний мэндэлсний 90 жилийн ой энэ онд болно. Дараа нь их сэтгэгч, соён гэгээрүүлэгч зохиолч Лодонгийн Түдэвтэй 1975 оноос хойш есөн жил хамт ажилласан. Тэр мундаг хүмүүсийн удирдлагад ажилласан үе надад насан туршийн сайхан дурсамж үлдээсэн дээ. Л.Түдэв дарга 1996 онд намайг Германд Залуучуудын дээд сургуульд явуулсан. Тиймээс би чинь дотооддоо багшийн хоёр сургууль, гадаадад бас нэг гээд гурван сургуулийн “бүтээгдэхүүн” юм даа.
Сурсан мэдснээ хүүхэд, залуучуудын байгууллагын ажил үйлсэд харамгүй зориулж ирсэн гэж л өөрөө боддог юм.
 
-Та түрүүн түүх судлах гэж нэг хэсэг давхисан гэж хэлсэн...?
 
-За тиймээ. 1986 онд сурган хүмүүжүүлэх хүрээлэнгийн аспирант болж Монголын хүүхдийн түүхээр горилогчийн сэдэв аваад дөрвөн жил чамгүй хичээж ажилласан. Судалгааны чиглэлийн зөндөө л материал цуглуулж авсан. Заримыг хэлбэл Монголын хүүхэд, пионерийн байгууллагад ажиллаж байсан 70 гаруй ахмадын дурдатгалыг авсан. Одоо надад гар бичмэлээрээ бий.
1925-1940 онд пионерийн байгууллагын талын баримт бичгүүдийг уйгаржингаас криллд буулгаж хадгалсан. Энд бас сонин, сэтгүүлд нийтлэгдсэн зүйлүүд багтсан. Цаашлаад ЗХУКН-ын дэргэдэх Марксизм-Ленинизмын институт болон коментерний архивт хүртэл сууж нэлээд юм олж авсан бий. Үүний үр дүнд “Монголын пионерийн байгууллага” гэсэн энэ том цэнхэр номыг бүтээсэн дээ.
 
-Үзсээн. Баримт, зургийн хувьд их баялаг ном байналээ?
 
-Би Монголын пионерийн байгууллагын түүхтэй холбоотой 1000 гаруй гэрэл зураг цуглуулсан. Тэгээд бүгдийг тайлбаржуулж авсан. Цэнхэр номд гэхэд 218 зураг орсон. Зурагт багтсан хүмүүсийн хэн хэн бэ  гэдэг нь бүгд тайлбарт нь байгаа.
 
МОНГОЛЫН ПИОНЕРИЙН БАЙГУУЛЛАГЫГ “ЭХ БАРЬЖ” АВСАН ХҮН НЬ ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ
 
-Одоо хоёул Монголын пионерийн байгууллагын түүхийн хуудсыг сөхье дөө?
 
-Энэ тухай ярихын өмнө нэг жижигхэн тайлбар хэлье. Бас түүх л дээ.  Дэлхий дээр хаа сайгүй олон хот суурин байгуулагдаад ирэхтэй зэрэг хүүхдүүдийн бөөгнөрөл бас бий болж. Ингэснээр тэднийг зохион байгуулалтад оруулах шаардлага гараад иржээ. Тэгээд 1907 онд Английн нэг генерал Баден Пауэл гэдэг хүн эзэнт улсынхаа цэрэг армийн залгамж халааг бэлтгэх зорилгоор Скаут гэдэг байгууллагыг анх санаачилсан байдаг юм. Үүний дараа Агнес гэдэг эмэгтэй охидыг гэрийнхээс нийгмийн амьдралд оруулахын тулд уг байгууллагыг дэмжиж гарч ирсэн. Ингэснээр Европоор дүүрэн скаутууд бий болсон. Тэгвэл пионерийн байгууллагыг хэн бий болгосон бэ гэвэл В.И.Лениний гэргий Надежда Крупскаяг нэрлэж болно. Дэлхий нийтийн жишиг хандлага ийм байсан.
 
-Одоо Монгол руугаа орьё. Тэгэх үү?
 
-Ахмадуудын дурдатгалыг уншиж байхад 1921 онд МХЗЭ байгуулагдахад сургуулийн хүүхдүүд нэлээд элсэж байж л дээ. Энэ байдлыг ажигласан Д.Нацагдорж нас биед хүрсэн залуучуудтай хүүхдүүд нэг байгууллагад холилдож байх нь зохимжгүйг анзаарсан гэдэг. Тэгээд Пионерийн байгууллагын эхлэлийг гардан хийсэн юм билээ. Энэ бол 1925 он.
 
-Монголын хүүхдийн байгууллагын үүсэл энэ гэж үздэг үү?
 
-Тиймээ. 1925 оны тавдугаар сарын найманд Улаанбаатарт Лениний нэрэмжит шавь сургууль дээр пионеруудын томоохон ёслол болсон. “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” гэдэг байгууллага бий болсныг зарлах уг ёслолд оролцсон 51 хүүхэд тусгай формтой, улаан бүч зүүгээд бүрээ бөмбөртэйгөө жагссан байсан. Пионерийн тангараг, пионерийн дуу нь хүртэл бэлэн болсон байв. Энэ үйл явдлыг Монголын хүүхдийн байгууллагын төрсөн өдөр болгон тэмдэглэдэг.
Д.Нацагдоржийн гардан зохион байгуулсан ёслол тухайн үеийн цоо шинэ үзэгдэл болж ард нийтийн анхааралд орсон сонин хэвлэлүүдэд ч их бичигдсэн. Ёслол болсны оройн цайллагад Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Ц.Дамбадорж, Ерөнхий сайд Б.Цэрэндорж нар оролцсон байдаг юм билээ.
 
-Энэ үйл явдлыг Д.Нацагдорж л гардан зохион байгуулсан юм аа даа?
 
-Тэр МХЗЭ-ийн төв хорооны нэг нарийн бичгийн дарга нь байсан. Зарим хүмүүсийн дурдатгалд байгаагаар ёслолын өмнөх дөрөвдүгээр сард л бэлтгэл ажлыг хангасан гэдэг юм билээ. Эвлэлд элссэн хүүхдүүдээс бага балчраас нь сонгож авч пионер болгосон. Бүрээ бөмбөрийг хийлгэж Нацагдорж өөрөө Бүхий олон багачуудаа гэж эхэлдэг дууны үгийг нь бичсэн байсан. Тиймээс Монголын Пионерийн байгууллагыг “эх барьж” авсан хүн нь их зохиолч Д.Нацагдорж гэж хэлээд байгаа юм шүү дээ. Анхны дарга нь ч өөрөө. Ёслолд оролцсон хүүхдүүдийг ЗХУ-д явуулж юм үзүүлж нүд тайлуулсан. Зургадугаар сар гэхэд Буянт-Ухаагийн дэнжид пионерийн гэр зусланг анх нээсэн гэдэг. Ингээд пионерийн хөдөлгөөн төвөөс хөдөөд тун удалгүй хүчээ авч аймаг, сумын сургуульд пионерийн бүлэгтэй болсон. Хамгийн сүүлд буюу 1928 онд Урианхайн хошуу (Одоогийн Баян-Өлгийд)-нд пионерийн бүлэг байгуулагдсан гэж түүхэнд байдаг юм. Үүнийг миний хийсэн түүхийн атласнаас үзэж болно. Монголын пионерийн байгууллагын хөгжилд эвлэлийн гишүүн багш нар тун их нөлөөтэй байсан. 1926 онд “Залгамжлагч” гэдэг сэтгүүлтэй болсон. “Пионерийн мөрдөх дэвтэр” нэртэй гарын авлага ном гаргасан. Ингээд пионерийн байгууллага зохион байгуулалтын хувьд бэхжиж материаллаг баазтай ч болсон гэдэг.
 
МПБ-ын түүхийн үечлэл
 
-Пионерийн байгууллагыг үүсгэн хөгжүүлэхийн төлөө тэмцсэн нь 
(1921-1925 он)
-Ардын хувьсгалыг гүнзгийрүүлсэн жилүүдийн пионерийн байгууллага 
(1921-1925 он)
-Энхтайван байгуулалтад шилжсэн үеийн пионерийн байгууллагын үйл ажиллагаа 
(1945-1955 он)
-Монголын пионерийн байгууллага Д.Сүхбаатарын нэрэмжит болсон нь 
(1955-1965 он)
-Нам, ард түмний үйл хэргийн төлөө хэзээд бэлхэн 
(1965-1976 он)
-Нам, засгийн анхаарал халамж ба МПБ-ын өрнүүн хөгжил 
(1976-1990 он)
 
-Тухайн үед пионерийн байгууллага гадаад харилцаагаа хэрхэн хөгжүүлсэн бэ?
 
-Пионерийн хөдөлгөөн улам газар авч хөгжсөн 1929 онд дэлхий ажилчин тариачины их хуралд төлөөлөгчөө илгээсэн нь Монгол хүүхэд анх удаа дэлхийн хэмжээний үйл явдалд оролцсон хэрэг. Гадаад оронд болсон пионерийн чуулганд мөн монгол хүүхдүүд очсон. Тэр ч байтугай 1926 онд Германд 40 хүүхэд суралцахаар явахад 15-16 хан настай таван охин багтаж байж. Энэ нь Монгол эмэгтэйчүүдийн амьдралд тун овор үзэгдэл байлаа. Тэр үед.
 
-Тэр охид хэн байсан бол...?
 
-Ардын багш Батсүх, Номын сангийн Сүрмаажав, Дорж мээрэнгийн охин Цэрэнханд, театрын дарга Гүнсэн гүнгийн охин Кала (тэр зохиолч Д.Наваан-Юндэн гуайн эхнэр байсан) бас Б.Юмхүү нар байжээ.
 
-Монголын Пионерийн байгууллагын ажлын гол агуулга юу байв?
 
-МПБ-ын үйл ажиллагаа 1920-1930 онд ардын хувьсгалын бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэж байлаа. Харин 1930-аад онд уг байгууллага сүрхий улстөржсөн гэж болно. Яагаад гэхээр энэ цаг бол нөгөө их хэлмэгдлийн үе л дээ. Дээд талын томоохон дарга нар зайлуулагдсан. Гэхдээ пионерийн байгууллагынхан голдуу гүйцэтгэх талын хүмүүс байсан болохоор их хорлол амсаагүй гэх юм билээ. Тэгээд 1940-өөд онтой золгосон. Энэ үе бол их дайны үе. Пионерүүдээс бусдын адил Зөвлөлтийн армид туслах хөдөлгөөнд нэгдсэн хүүхдүүд хуримтлал бий болгосноороо Зөвлөлтийн фронтод “Монгол пионер” гэдэг танк бүтээж бэлэглэсэн байдаг. Энэ бэлгийг МПБ-ын хоёр дахь дарга Ц.Дамдинсүрэн гуай улаан цэргүүдэд гардуулж өгсөн юм билээ. Долгорсүрэн гэдэг пионер охин ээжийгээ дагаад оёдлын үйлдвэрт өдөр шөнөгүй ажиллаж бусдыгаа манлайлсаны учир “Алтан гадас” одонгоор шагнуулж байжээ.
 
-Ер нь МПБ-ын түүхийг баяжуулсан цогц арга хэмжээ жилээс жилд улам өссөн гэж хэлж болохнээ дээ?
 
-Тиймээ. 1946 оноос пионерийн байгууллагын ажил сургуулийн амьдралд их ойртож ирсэн. Бас нэг онцлог гэвэл энэ үеэс эхлээд өнөөдрийг хүртэл пионерийн болоод хүүхдийн байгууллагын удирдлагад багш нар л ажиллаж байна. Боловсон хүчнээр хангах бодлогын үр дүн их гарч байсан. 1952 онд Монголын багш нарын анхдугаар зөвлөгөөн гэж болсон. Энэ зөвлөгөөн дээр Ю.Цэдэнбал дарга илтгэл тавьсан. Тэр илтгэлдээ Монголын Пионерийн байгууллага нь Ерөнхий боловсролын сургалтын чанарыг сайжруулах хийгээд сургуулийг хөгжүүлэхэд асар их үүрэгтэй байгаа гэж тэмдэглэсэн байдаг юм. Үүнээс хойш МПБ-ын цар хүрээ улам өргөжсөн. Энд ажиллагсдын ахуй хангамж цалинг нэмэгдүүлсэн. 1956 оноос багшийн сургуульд пионерийн удирдагчийн анги нээсэн. Цаашлаад ЗХУ-д Комсомолын сургуульд багш нараас сонгон явуулж эхэлсэн.
 
-“Пионерийн үнэн” сониныг хэдэн оноос гаргасан бэ?
 
-Энэ сонины анхны дугаар 1944 оны IV сарын дөрвөнд гарсан.
 
-Бидний мэдэхээр 1960-аад онд гэхэд Монголын хамгийн олон захиалагчтай сонин “Пионерийн үнэн” байсан. 100 гаруй мянган хувь хэвлэгдэж байв. 1980-аад оноос долоо хоногт хоёр удаа гардаг болсон гэж хэвлэлийн түүхэнд бий.
-Үүний зэрэгцээ 1950-аад оны сүүлчээс пионерийн байгууллагын ажил олон талаар хөгжсөн. Монголын пионерүүд өөрийн ордонтой болсон. Залуу байгальчдын станц байгуулагдав. 1980-аад онд НТХ-ноос гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх үндсэн дээр Багшийн сургуульд Пионерийн удирдагчийг эчнээгээр бэлтгэж эхэлсэн. ЗХУ-д явуулж сургах хүмүүсийн тоог ч нэмсэн. Аймаг, хотын пионерийн зөвлөлийг орон тооны даргатай болгосон. Пионерийн төв зөвлөл бие даасан байгууллага болж өргөжив. Ингэснээр Монголын хүүхдийн байгууллагын ажил бүтээн байгуулалтын үйлст шилжсэн дээ.
 
-Бүтээн байгуулалт гэдгээ жаахан тодруулна уу?
 
-Хүүхдийн байгууллага илүү хүчирхэгжсэн гэсэн үг л дээ. Энэ тухай ярихад Монголын Хүүхдийн төлөө фондын дарга Цэдэнбала Филатовагийн гавьяаг хэлэхгүй өнгөрч болохгүй л дээ. Энэ хүний санаачилга, зүтгэлээр хийгдсэн ажил, барьж байгуулсан юм ихээ. Олон улсын “Найрамдал” зусланг байгууллаа пионерийн ордонг шинээр барьсан. Залуу техникчдын ордонтой болсон. Ер нь хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр Хуримын ордон, Яармагийн эмнэлэг төдий биш 29 дүгээр тусгай сургууль, Хөгжим бүжгийн дунд сургууль, Хүүхдийн парк, Номын санг байгуулсан юм шүү дээ. Бүх аймаг, яамууд Пионерийн зуслантай болоод амжсан. Тэгээд Пионерийн зуслангийн Төв зөвлөл гэдэг байгууллага Намын төв хорооны харьяанд бий болж байлаа. Ингэснээр Монголын пионерийн байгууллага 1960-аад он гэхэд улстөрийн тогтолцооны нэг томоохон систем болж өргөжсөн. Зохиох ажлын сэдэв ч улам олон болсон. Хүүхдийн ертөнц сэдэвт ажил, гар зургийн уралдаан, математикийн олимпиад, хөдөлмөр соёлын чуулган, пионер сурагчдын сурлага хүмүүжлийн аян гээд маш олон юм дурдаж болно.
 
-Хүүхдийн байгууллагыг төр, засгаас ч их үнэлж байсан билээ?
 
-Тийм шүү. Монголын пионерийн байгууллагын 40 жилийн ойгоос нь эхлээд Сүхбаатарын одонгоор гурван удаа шагнасан. Өндөр үнэлгээ л дээ. Ийм үнэлгээтэй байгууллага цөөн дөө.
 
Төрөөс хүүхдийн байгууллагыг үнэлэхдээ хэдэн үзүүлэлтийг голлож байв. Үүнд нь,
 
-Иргэний ухамсар, хариуцлага гэдэг юмыг хүүхдэд бага наснаас нь мэдрүүлж өгөх,
-Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох оролцоо ямар байнав,
-Аливааг хүлээж аваад хүүхэд өөртөө хэр итгэл үнэмшил болгож чадав,-
-Хүүхдийн чөлөө цагийн асуудлыг хэрхэн шийдвэрлэв гэх зэрэг цогц үзүүлэлт багтсан байлаа.
 
Хүүхдийн байгууллагын нэр хүнд ер нь их өндөр байв. Дэлхийд ч тэр. Азидаа анх пионерийн байгууллагатай болсон нь Монгол. 1958 онд МПБ дэлхийн ардчилсан залуучуудын холбооны дэргэдэх хүүхдийн байгууллагын гишүүн болсон. Тэр хүүхэд залуучуудын байгууллагад байнгын төлөөлөгчөө суулгасан. 1960-аад оноос гадаад орнуудын пионерүүдыг Монголдоо амруулдаг. Үүнээс урьд манай хүүхдүүд гадаадад амарч эхэлсэн байв.
Олон улсын хурал зөвлөгөөнд өргөн оролцож байлаа. Энэ бүхэн пионерийн олон улсын хөдөлгөөний идэвхтэй гишүүн болсны илэрхийлэл байв. Мөн 1959 онд “Хүүхдийн эрхийн тунхаг” гэж баримт бичиг батлагдсан. Тэгээд 1979 онд НҮБ-аас олон улсын хүүхдийн жил гэдгийг зарлахад уг ажлыг МПБ онцгой үүрэгтэй оролцсон гээд яриад байвал маш ихийг ярьж болноо доо. Бас мөн онд хүүхдийн эрхийн конвенц батлагдсан байдаг. 1990 онд хүүхдийг эсэн мэнд өсгөх, хөгжүүлэх, хамгаалах нөхцлийг хангахад зориулсан дэлхийн хэмжээний тунхагыг бас баталсан. Дэлхийн 200-гаад орны төр, засгийн тэргүүнүүд уг баримт бичгийг батлахад оролцсон. Манайхаас гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн шинэхэн ерөнхийлөгчийнхөө бие төлөөлөгч болж очиж байв.
 
 
ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛ ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГАД НӨЛӨӨЛСӨН ҮЕ
 
 
1920-оод оны пионерүүд.
 
-1990 оноос улс орон бүхлээрээ нийгмийн өөр байгуулалд шилжсэн. Энэ үед хүүхдийн байгууллагад ямар өөрчлөлт гарсан бэ?
 
-Монгол Улс хүүхдийн талаар цоо шинэ бодлого барьж эхэлсэн дээ. Олон улсын конвенцид нэгдсэн 1991 онд хүүхдийн байгууллага шинэ бүтэцэд шилжсэн. Боловсролын яамны харьяанд “Хүүхдийн төлөө үндэсний төв” гэдэг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бий болов. Тэр агентлаг МПБ-ын бааз суурьт түшиглэн байгуулагдсан төрийн байгууллага байлаа. Дарга нь Н.Болормаа. Мниий бие уг агентлагт хэлтсийн даргаар үлдсэн. Төрөөс зөвхөн бүтцийн ийм өөрчлөлт хийгээд зогсоогүй тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. 1995 онд хүүхэд хамгааллын үндэсний чуулган зохион байгуулсан. Бас хүүхдийн эрхийн тухай хуультай болсон. Мөн Монголын хүүхдийн үндэсний зөвлөл гэж бий болгож Ерөнхий сайдаар удирдуулсан. Монголд суух олон улсын байгууллагын ажиллах эрх, боломжийг хангаж өгсөн. 2016 оноос “Гэр бүл, хүүхэд залуучуудын газар” гэдэг болсон. Энэ нь нэг талаар хүүхдийн гэдэг агуулга нь жаахан бүдгэрсэн ч үйл ажиллагаа нь сүрхий өргөжсөн дөө. Нэлээд хүчирхэг байгууллага болсон гэж хэлж болно.
Бүтцийн хувьд Монголын Пионерийн зөвлөл 13 хүнтэй ажилладаг байсан бол хүүхдийн төлөө үндэсний төв 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй болжээ. Харамсалтай нь яг хүүхдийн байгууллагын шугмаар бэлтгэгдсэн, туршлагатай хүн бараг байхгүйгээс ажлын үр дүн нь тийм сайн биш байгаа юм. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэл зүрхээ ажил үйлдээ шингээж чадсан биш, нам, эвслийн шахааны түр зуурын хүмүүс уг албанд томилогдох болов. Тийм болохоор ажлын үр дүн, чанар чансаа тааруу байхаас яахав. Хөөцөлдөөд хэрэндээ шамдаад ажил зохион байгуулсан ч тэр нь олон нийтийг уриалж бас хөдөлгөж чадахгүй байгаа харагддаг. Дарга нь гэхэд бараг жил болоод л солигдож байна. Тиймээс тэдэнд ажлаа мэдэх, гарших боломж ч алга. Ер нь хүн нэг албанд тогтворжиж туршлагажаад удаан жил ажиллах тийм муу юм биш шүү. Он удаан жил нэг албанд ажилласан хүн нэг арга барилаасаа салж чаддаггүй, хоцрогддог гэдэг шүүмжлэл бий. Тэгэх үү, үгүй юу гэдэг гол нь хамт олноосоо шалтгаалдаг гэж би боддог. Нэг нь нөгөөгийнхөө дутууг нөхөж, алдааг залруулж явбал хүн хоцрогдоно гэж байхгүй л болов уу.
 
Ц.ТҮВШИНТӨГС ГЭЖ ЧУХАМ ХЭН БЭ?
 
-Тэгвэл та өөрийгөө хэр дүгнэж цэгнэж үздэг вэ?
-Би 50 гаруй жил хүүхдийн байгууллагатай холбоотой явчихаж. Гавьяат багш гэдэг өндөр цол хэргэм хүртлээ. Олон түмэн намайг таньдаг болж. Энэ үүднээс би өөртөө яагаад гэсэн асуулт тавьж үзсээн. Тэгвэл би нэг онцгой зарчимтай хүн. Уг зарчмыг Ч.Пүрэвжав, Л.Түдэв нараас суралцсан юм. Би байнгын тэмдэглэл хөтөлж заншсан. Л.Түдэв гуайн “Хэлсэн бол хийсээд алга болно. Бичсэн бол мөнхөд үлдэнэ” гэж хэлсэн үг бий. Энэ үг миний мөрддөг зарчим гэж хэлж болно.
 
-Өнөөдөр тэмдэглэлээ сөхөөд үзэхэд чинь юу харагдаж байна вэ?
 
-Зохион бичсэн 30, эмхэтгэж бүтээсэн ном 47, редакторлож хэвлүүлсэн нь 45 байна. Бас 125 номонд миний бичсэн, лекц, өгүүлэл мэт багтсан байх юм. Энэ бол миний насны нэг өв юм даа. За тэгээд боловсруулсан баримт бичиг, биечлэн зохион байгуулсан ажил, хийсэн илтгэл, уншсан лекц, сонин сэтгүүлд бичиж нийтлүүлсэн юмс гээд бүгд л тус тусдаа тэмдэглээтэй байна. Бас төр, засгийн тодорхой албаны хажуугаар сонгуульт 40-өөд ажил үүрэг хүлээсэн байх юм. Энэ бүхнийг хэлэхдээ өөрийгөө магтуулах гэсэн юм биш. Хүнд хэрэгтэй юм шүү. Авах гээхийн ухаанаар сонирхоорой л гэж байгаа хэрэг.
 
-За тэгээд тэтгэвэрт гараад юу хийж байна вэ?
 
-Тэтгэвэрт гараад зүгээр байгаагүй ээ. Хүүхдийн байгууллагад бид ажиллаж байхдаа ээлжийн амралт байтугай хагас, бүтэн сайн гэж бараг мэддэггүй байлаа. Тиймээс зүгээр сууж чаддаггүй болсон. Нэг хэсэг Улаанбаатар дээд сургуульд багшиллаа. Гэрлэх ёслолын ордонд найман жил ажиллаж залуу гэр бүлд хичээл зааж явлаа Гэр бүлийн радио ФМ-104.5-д хүүхэд, гэр бүлд зориулсан нэвтрүүлгийг хэдэн жил хөтөллөө. “Нээлттэй сургууль” гэдэг сар бүр гардаг сонинд зөвлөх редактороор есөн жил ажилласан гээд тэтгэвэрт гарахын өмнөхөөс ч илүү олон талтай ажил хийсэн юм шиг байна шүү. Уншимтгай хүн. Хайчилбар их хийнэ досе юм даа. Цаас цоохорлохгүй өдөр гэж байхгүй шахам. Ямар сайндаа л гэрийнхэндээ “цаасны бор өвгөн” нэртэй болохов дээ.
 
-Таны бичсэн юмс сонин хэвлэлд хааяа харагдаж л байдаг юм.
 
-Тиймээ зарим сэдвээр асуудал дэвшүүлж бичсэн юм цөөнгүй бий. Анзаардаг нэг нь мэдэх л байх. Зарим нь тоодоггүй байж магадгүй. Би сургуулийн хүүхдийн үдийн цай хөтөлбөр гэдэг юмаа болиочээ гэдэг үүднээс “Юун цайсаг хүүхэд вэ?” гэсэн сэдэв бичсэн. Сурагчдын хичээлийн 3-4 цагийн хооронд гал зуух, тогооч, аяга таваг гээд түвэгтэй юм. Ядаж цай. Настай хүн бол аяга цай хэрэгтэй байж болох юм. Түүний оронд хүүхдэд сүү өгөөч. Сүү хүний уураг тархийг дэмждэг ямар ч хольц хэрэглэдэггүй гоц сайн тэжээллэг онцлогтой. Жинхэнэ заяамал бүтээгдэхүүн л дээ. Иймээс цай биш сүү өг гэж бичсэн. Бас хүүхдийн мөнгө гэж буруу өглөг бий. Хүүхдийн мөнгө өг гэж ард иргэд шаардаагүй бас жагсаагүй. Хэн ч хэлээгүй байхад нам, эвслийнхэн сонгуулиар иргэдийн санлыг худалдаж авах гэж л гаргаж ирсэн зүйл. Тиймээс аль нэг оновчтой нэр өгөөд хүүхэд бүрт хуримтлал маягаар 18 нас хүртэл нь өгдөг больё гэсэн санаа дэвшүүлсэн юм. За тэгээд боловсролын талаар бодсон юм их байдаг. Хүүхдэд боловсрол олгоно гэдэг дан ганц Боловсролын яамны үүрэг биш. Сангийн яам эдийн засгийн, Байгаль орчны яам экологийн, Гадаад харилцааны яам интернациональч, Эрүүл мэндийн яам эрүүлийг хамгаалахын гээд тал талын боловсролыг олгох үүрэгтэй байж болно. Иймэрхүү л юмыг бодож сэдэж суух юм. Түүнийгээ бичдэг юм.
 
-Та бас гэр бүл судлалаар нэлээд оролддог гэдэг байхаа.
 
-Тиймээ. Миний гэр бүл судлалд анхаарч байгаа сэдэв бусдынхаас их өөр “Ураг ба хүйн боловсрол” гэдэг юмаа нэлээд судалгаатай бичдэг. Энэ боловсрол бол хүн эхнэр, нөхрөө сонгохоос эхтэй юм. Холерик зан ааштай хоёр юмуу хоёр фликматикууд гэр бүл болбол урагт ямар нөлөөтэй вэ. Энэ юу гэсэн үг вэ? гэвэл ураг ба хүйн боловсрол гэдэг маань хүн бүтээх технологийн тухай  асуудал гэсэн үг.  Жаахан ойлгомжтой хэлэх юм бол аав, ээж болох хоёр маань ямар үедээ хүүхдээ бүтээв. Хоёул согтуу байхдаа юу эсвэл энх тунх, амгалан тайван байхдаа нуу. Эсвэл хэрэлдэж уралцаж байхдаа хүчингийн маягаар үйл хийж хэвлий дэхь хүүхдээ бүтээсэн үү гэдэг миний дэвшүүлдэг санааны гол нь. Жирэмсэн эхийн хориглох, цээрлэх монгол ёс гэж бий. Энэ бүхэн амьдралын тун чухал асуудал. Тиймээс ураг, хүйн боловсрол нэн чухал зүйл. Энэ сэдвийн маань амин санаа нь хоёр хүн тохиромжгүй таагүй үед хүүхдээ бүтээлцсэн бол нэгэнт гарсан хойно нь яаж оролдоод олигтой хүн болохгүй л гэсэн үг. Бас Монголын боловсрол ч хөгжихэд нөлөөлнө гэж хэлэх байна. Хоёрдугаарт хүний зүрх, сэтгэлзүйн боловсрол гэж бий. Хүн чанар ч эндээс үүдэлтэй юм. Хүн алив юмыг хүлээж авахдаа энэрэнгүй, зөөлөн сэтгэлээр ханддаг байхыг л сэтгэл зүйн боловсрол гэж хэлнэ л дээ. Бичиг үсгээс эхлээд гадаад хэлний, техникийн, шинжлэх ухааны гэх боловсролыг хүн аяндаа олоод авна. Энэ цаг үед хиймэл оюун ухаан их хөгжлөө. Гэхдээ ямар ч хиймэл оюун ухаан хүнийг энэрэнгүй зөөлөн юм уу, ширүүн догшин болгохыг заахгүй ээ. Миний нийгэмд хэрэгтэй гэж бодоод дэвшүүлэн тавьж байгаа санаа бодлууд ийм л юм даа.
 
 
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин