sonin.mn
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Бизнес, хөгжил” булангийн зочноор “Нэгүн Эх” группийн ТУЗ-ийн дарга Х.Удвалцэцэгийг урьж ярилцлаа.
 
-Та бол бизнесийн салбарт амжилттай яваа залуу бүсгүйчүүдийн төлөөлөл. Ажлынхаа талаар ярилцлагын эхэнд товчхон танилцуулахгүй юу?
 
-Миний хувьд оюутны ширээнээс дөнгөж босоод компаниа байгуулж байлаа. Мэргэжлийнхээ дагуу аялал жуулчлалын компаниа байгуулаад 11 жил өнгөрчээ. Одоо л төдийлөн анхаарч хөгжүүлэхгүй байгаа болохоос Монголын хамгийн ирээдүйтэй байж болох салбар бол аялал жуулчлал. Энэ компаниа хөл дээр нь босгоод дараа нь үйлдвэрлэлийн салбарт орсон. 2014 оноос эхлээд ангилсан мах, махан бүтээгдэхүүний “King meat” брэндийг гаргасан.
Тухайн үед Монголд энэ төрлийн бизнес байгаагүй. Одоо ч цөөхөн байна. Гадаадад бол махыг хэрэглээ бүрээр нь ангилж хэрэглэдэг. Үхрийн махыг гэхэд л 24 төрлөөр ангилах жишээтэй. Жуулчид хүртэл ангилсан мах хэрэглээд сурчихсан байдаг учраас аялал жуулчлалын салбараас маань ургаж гарсан бизнес гэж хэлж болно. Одоо энэ үйлдвэрлэл маань нэлээд өргөжөөд экспортын төвшинд хүрсэн байгаа.
 
-Та өөрөө үйлдвэрлэгч, бас баялаг бүтээгчдийн дуу хоолой болсоор ирсэн. Яагаад энэ замыг сонгосон юм бэ?
 
- 2015 оноос үйлдвэрлэлийн салбарынхаа дуу хоолой болсоор ирлээ. Яалт ч үгүй өөрийн ажил дээр мэдрэгдээд ирэхээр дуугарахаас аргагүй болсон л доо. Татварын систем нь яадаг юм, үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хэрхэн дэмждэг юм төсөл тендерт яаж ордог юм, ар өврийн хаалга, дарамт шахалт гэж юу байдаг юм гээд бүгдийг мэдэрч эхэлсэн учраас 2015 онд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоог байгуулахад гар бие оролцон зүтгэж байлаа. Бид төрийн ордонд 1000 баялаг бүтээгчийн чуулганаа хийгээд албан ёсоор холбоогоо байгуулж байсан. Тухайн үед надтай ижилхэн замыг туулж байгаа үйлдвэрлэгчид нэгдсэн. Бидний гол зорилго бол бизнес эрхлэгчдийн эрх ашиг. Үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч хэн байх ёстой вэ. Монгол хүний идэх хоолыг монгол хүн бэлдэх ёстой юм уу, эсвэл хэн нэгэн Ли овогт, Ши овогт бэлдэх ёстой юм уу гэдгийг л эхлээд асуумаар байна. Хүний хийг яриад яахав. Өөрийнхөө бизнесийн жишээн дээр л ярья. Миний эрхэлж байгаа бизнесийн толгойд дандаа мөнгөтэй хятадууд байна. Өнөөдөр би салбарын яаман дээрээ очоод ЖДҮ-ийг дэмжих зээл авья гэхэд өгөхгүй байна. Тэгвэл бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах зөвшөөрөл авья гэхээр бас өгөхгүй байна. Монгол Улсын иргэнд олдохгүй байгаа зөвшөөрлөө хятад хүнд өгчихсөн. Би ажилчдынхаа бэлтгэсэн жаахан махыг БНХАУ-ын зах зээлд Монгол Улсынхаа хилээр гаргахын тулд нэг кг мах тутамд 10-14 юанийг тэр зөвшөөрөлтэй хятад хүнд төлж байна. Энэ бол эмгэнэл шүү. Би 100 тонн мах гаргахын тулд монгол мөнгөөр 400 сая төгрөгийг аяллын визтэй нэг хятадад төлж байна.  Тэр хятад энэ мөнгөнөөс манай улсад нэг ч төгрөгийн татвар төлөхгүй. 
 
 
 
Тэгвэл тэр квотыг хятад хүнд өгөлгүй Удвалцэцэгт өгчихсөн бол яах байсан бэ. Тэр 400 сая төгрөгөөр 50-60 ажилчныхаа цалинг тавьж, тог цахилгааныхаа мөнгийг төлж, Монгол Улсад 40 сая төгрөгийн татварыг үлдээх байлаа. Энэ хавар хятад компаниуд улаанбаатарчууд бидний нөөцийн махыг бэлдсэн. Монголчууд өөрсдийнхөө идэх хоол буюу стратегийн хүнсийг гадны иргэдийн гарт алдчихсан байна гэдэг ямар том эмгэнэл вэ. Баялаг бүтээгчдийн эрх ашиг хойш шидэгдэж байгаа ганцхан жишээ л энэ. 
 
 
 
-Уг нь үйлдвэрлэгч орон болох өргөн боломж бидэнд байдаг. Таныхаар яагаад болохгүй байгаа юм бол?
 
- Би монгол хүний хоолыг, өмсөх хувцсыг монгол хүн л хангах ёстой гэсэн үзэл бодолтой хүн. Мэдээж дэлхийтэй хөл нийлүүлэх хэрэгтэй ч  монгол хүнийг монгол хүн л илүү ойлгож, мэдэрч, сэтгэл ханамжийн баталгаа өгч чадна. Юу хэлэх гээд байна вэ гэхээр монгол хүн л нутагтаа эзэн нь байх ёстой. Монгол хүн бүр үйлдвэрлэгч болох бүрэн боломжтой. Тал сайхан газар нутаг, байгалийн баялаг,  мал мах, сүү цагаан идээ, амьдрах ухаан бүгд байна. Юу л байна боломж байна. Гэтэл яагаад бидний 90 хувь нь ядуу амьдраад байгаа юм бэ, яагаад ядуу амьдруулаад байна вэ. Өнөөдрийн байдлаар Монголд үйлдвэрлэгч тийм олон биш шүү дээ. Бүртгэлтэй компани гэхэд 160 мянга гэсэн тоо байдаг. Жижиг, том бүгд нийлээд шүү. Гэхдээ энэ үйлдвэрлэгчдийн нуруун дээр эдийн засгийн тодорхой хувь нь тогтож байна. Олон мянган өрх энэ салбараас амьдралаа залгуулж байна. Гэтэл төр засаг нь энэ хүмүүсийнхээ эрх ашгийг, зах зээлийг нь хамгаалаад, бодлогоор хангаад явчихаж л чадахгүй байна шүү дээ.  Татвар л авахаа сайн мэдэхээс биш энгийн нэг аяллын визтэй гадаад хүн үндэсний үйлдвэрлэгчдийнх нь өмнүүр орж бүх боломжийг нь булаагаад сууж байхад харсан ч хараагүй мэт, ойлгосон ч ойлгоогүй мэт л байж байна. Сүүлдээ бидний бизнесийн орчныг хамгаалах ёстой, хууль эрхзүйн орчныг нь сайжруулах ёстой эрх баригчид нь өөрсдөө хоолыг минь булаадаг боллоо. 76 гишүүний 41 нь ЖДҮ сангаас зээл авсан байсан. Эрх баригчдын 50-иас илүү хувь нь  баялаг бүтээгчдийн эсрэг зогсож байна гэсэн үг. Иймэрхүү асуудлууд байгаа учраас үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийн төлөө дуугарч, байр сууриа илэрхийлээд яваад байгаа юм. Өөр арга байхгүй. Өнөөдөр  бид хэлэхгүй л бол улам дордоно. 
 
-Цар тахлын энэ хүнд үеийг хэрхэн даван туулж байна вэ. Таны ард хэдэн ам бүл байна вэ?
 
-Би өөрөө ам бүл зургаа, үйлдвэрлэл ид ажилтай үедээ 120 орчим хүн надад хамаарч байна. Хүүхэд гэр бүлийг нь бодвол 600 орчим хүн болж байна. Энэ хүнд хэцүү үед аль болох цалинг нь таслахгүйг хичээж байна. Мэдээж хэвийн үед ажиллаж байснаас өөрчлөлт гарсан. Ганцхан надад ч тулгарсан зүйл биш л дээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд шийдвэр гарч хөл хорио тогтоосноос хойш баялаг бүтээгчдийн дундаас 46000 ажлын байр байхгүй болсон байна. Энэ дунд өртчихгүйхэн шиг даваад гарах гээд их хичээж байна. Гол хоёр үйлдвэрлэл болох мах, аялал жуулчлалын салбар маань таг зогссон байгаа. Нэлээн том шалгуурын жил болж байна. Сэтгэлийн тэнхээ хүчийг шаардаж байна. Гэхдээ даваад гарах нь ойлгомжтой. Энэ жил бас сонгууль болох гэж байна. Сонгогчид маань зөв хүмүүсээ зөв залуучуудаа сонгоод монголчуудынхаа төлөө ажиллах ээлтэй Засгийн газар байгуулагдаж чадвал энэ өвчний дараа Монголд сэргэх бизнес зөндөө байгаа. Мал аж ахуй, аялал жуулчлалын салбарт том боломж байна гэж харж байна. Тиймээс одоог биш алсыг харж өөрсдийгөө тайвшруулаад зүтгэж байна даа.
 
-Дэлхий нийтээр хямарсан энэ цаг үед өөрсдөө үйлдвэрлэгч байхын үнэ цэнийг энэ өвчин бидэнд мэдрүүлж байх шиг?
 
- Монголчууд юу хийж бүтээж чаддагийг харуулж байна. Хил гаалиа хаагаад хоёр гурван сар болж байна. Хүнсний хомдсол үүссэн юм алга. Барааны үнэ хөөрөгдсөн юм алга.  Энэ монголчууд ямар сайхан баялаг бүтээгчид юм бэ,  бизнесийн орчин нь ямар таатай, эрүүл хөрстэй юм бэ гэдгийг гадныхан олж хараасай. Манай гэрийн хөргөгчинд гадны хүнс нэг ширхэг ч алга. Мах, өндөг, сүү, ногоо гээд бүгд Монголынх. Боломж тэр чигээрээ байна гэсэн үг. Хятадын баячууд нэг нэгэндээ юу гэж аархдагийг мэдэх үү. “Би жилд нэг удаа ургадаг төмс иддэг” гэж баярхдаг юм билээ. Би хамт ширээнд сууж байгаа хүнийгээ тэгж хэлэхэд эхлээд ойлгоогүй. Гэтэл Хятадад улирал тутам сар тутам ургац авдаг юм байна. Жилд нэг удаа ургадаг гэдэг нь эрүүл хөрсөнд ургасан органик хүнсээ гайхуулж байгаа нь тэр юм байна. Гэтэл бид өдөрт тэр эрүүл хүнсээ хэдэн удаа иддэг билээ.  Монголд ямар их баялаг байгааг энэ жишээнээс харж болно. Тэнд Доржийн тарьсан чацарганыг экспортод гаргаж яагаад болохгүй гэж. Өнөөдөр уул уурхайгаа яриад маргааш үйлдвэрлэгчээ яриад хольж болдоггүй юм уу. Уул уурхай бол Монголын ирээдүй гэсэн үгэндээ бат нот итгэчихээд суугаад байх юм. Гэтэл газар доорх баялаг нэг л өдөр шавхагдана биз дээ. Алтнаас алт ургах уу.  Харин мал аж ахуй, газар тариалан гээд өсөөд үржээд л явдаг салбаруудаа яагаад тоодоггүйг үнэхээр ойлгохгүй байна. 
Олж анхаарахгүй ч биш хүсэхгүй байгаадаа л учир байгаа байх. Монгол Улсын хөгжлийн гарцыг тэд тодорхойлохыг хүсэхгүй байна шүү дээ.
 
-Таны ажилладаг салбар, зорьж, ярьж байгаа зүйлс байгальтайгаа ойрхон юм. Төрж өссөн нутагтай нь холбоотой болов уу?
 
-Би Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн. Манай нутагт дэлхий дээр байж болох бүх байгаль бий. Говь цөл, хангай, тайга,  мөсөн гол, ой хөвч, тал хээр нь байдаг. Өвөлдөө хасах 45, дундаа нэмэх 40 хүрдэг эрс тэс уур амьсгалтай.  Сүрлэг хайрханууд, том нууруудтай. Хүн өөрөө байгалийн бүтээл гэдэг. Тиймээс миний хувьд байгаль дэлхийтэйгээ ойрхон байхыг хичээдэг. Чөлөөт цаг гарвал л аялах дуртай. Миний хувьд аялал жуулчлал, мал аж ахуй гээд голлох салбаруудаа нутагтаа хөгжүүлэх туйлын зорилготой. Шууд өнөөдөр бодоод маргааш хийчихдэг хүн биш л дээ. Аливаа зүйлийг чанартай, тооцоо судалгаатай хийхийг тэргүүнд тавьдаг. Тиймээс аймагтаа хэрхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх вэ гэсэн судалгаан дээр тав орчим жил ажиллаж байна. ЖДҮ, баялаг бүтээгчдээ дэмжих, хөгжлийн гарц нь тодорхой үйлдвэрлэгч аймаг болгоод хөгжүүлчих юмсан гэсэн хүсэл зорилго надад бий.  Өвөө минь төрд 44 жил туувар туусан хүн байсан. “Монгол малын мах бол мах махны хаан шүү. Хэрэв ирээдүйд боломж нь олддог юм бол монгол махыг дэлхийд таниулаарай” гэж надад хэлж байсан. Би тэр замаар нь л явж байгаа.  Иймэрхүү л гоё гоё хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж  хийж байгаа хүн л дээ. Яахав өмнөхөө чимээгүй хийгээд явж болно л доо.  Гэтэл энэ улсад төрсөн иргэнийхээ үүргийг дутуу биелүүлээд байгаа юм шиг санагдаж байна. Нүдэн дээр байгаа алдааг бид хамтдаа засахгүй бол болохгүй байгаа учраас үйлдвэрлэгчээс тэмцэгч болоод явж байна. Мэдээж гудамжинд уриа лоозон барихаас илүү шийдэл, гарцыг гаргаж ирэхийг хүсдэг. Хүний хувьд зөөлөндүү зан чанартай болохоор хатуу хүчээр гэхээс илүү яавал өөрчилж болох вэ, зөв, өгөөжтэй, хүртээмжтэй байдлаар шийдэж болох вэ гэдэг талаас нь харж ирлээ.
 
-Сүүлийн үед залуучууд хийж бүтээх, үйлдвэрлэхийг зорих болжээ. Энэ салбарт олноороо орж байна. Тэднийг хүсэл мөрөөдлөөсөө ухрахгүй байхад нь та ямар зөвлөгөө өгөх вэ?
 
- 2009 он буюу 11 жилийн өмнө намайг бизнеэсээ эхэлж байхад бидний үеийн залуус гайгүй ажилд орохоо л бодож байсан. Над шиг шууд үйлдвэрлэгч болох залуус цөөхөн байсан. Гэтэл одоо хүмүүсийн хандлага, чиглэл маш их өөрчлөгдөж байна. Ялангуяа залуучууд үйлдвэрлэлийн салбарт орж байгаа нь үнэхээр сайхан байна. Өөрсдөө хийж байна, өмсөөд сурталчилж байна. Би ганцаараа биш болсон байна. Урьд нь залуучуудын төлөөлөл болоод ганцаарддаг үе байсан. Тэгэхээр одоо энэ хүмүүсийн төлөө дуугараад, төр засгийн шийдвэр гаргаж байгаа хүмүүсийг бодлогоор хангаач гээд шаардаад байгаа нь үүнтэй холбоотой. Энэ оргилуун хүсэлтэй залуусын зориг мохох вий, шантрах вий. Надад шантрах үе байсан. Тэр үедээ би “Ер нь ингээд буугаад өгөх байсан юм бол яах гэж чи эхлүүлсэн юм бэ” гээд нулимсаа арчаад л босдог байсан. Залуу хүн маш хурдан урам авдаг, бас хурдан унтардаг, шантардаг. Тиймээс энэ түрээд гараад ирж байгаа залуусынхаа урд бид зогсмоор байна, хамгаалмаар байна. Залуучууддаа, дүү нартаа хэлэхэд бид хамтдаа л энэ нийгмийг бүтээх ёстой. Үндэсний үйлдвэрлэгчид баян байж үндэстэн өөрөө баян байна. Хоёр том зах зээлийн дунд бид амьдарч байна. Тиймээс Монгол дотроо өрсөлдөх биш дэлхийн зах зээлд тэмүүл. Энэ хоёр том зах зээл рүү манай залуучууд юу ч хийгээд экспортолж чадна. Юун саарал, хар жагсаалт. Энэ сайхан залуу боловсон хүчнүүдийг дэмжээсэй, битгий дараасай. Харамсалтай нь дараад байна л даа. Тиймээс  зоригтой бай, хэнээс ч битгий үзэл бодлоо нуу. Өөрийнхөө төлөө хөдөлмөрлө, хичээ, тэмц, бид олуулаа болж байж дуу хоолойгоо хүргэнэ. Бидний хоолой зөв дуу хоолой учраас ичих хэрэг байхгүй. Хэрэв шантрах үе гарвал яах гэж эхлүүлснээ сана. Хүний амьдрал гэдэг эхлүүлээд, хаяад байх урт хугацаа байдаггүй. Мөн хэзээ ч битгий нэгнээ өрсөлдөгч гэж хар. Зөвхөн Монголын зах зээл гэж байхгүй. Дэлхийн зах зээлийг хар. Цаг өөр болсон, бид өөрчлөх ёстой. Өнгөрсөн хугацаанд бид хэтэрхий даруухан байлаа. Итгээгүй биш итгэсэн учраас чимээгүй л хөдөлмөрлөсөн. Одоо харин өөрчлөх хэрэгтэй.
 
 
Б.Төгс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин