СИДНЕЙ, 2026 оны нэгдүгээр сарын 16 /Reuters/. Австралийн Холбооны Улсад 16-гаас доош насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ ашиглахыг дэлхийд анх удаа хориглосноос хойш нийгмийн сүлжээнийн компаниуд нэг сарын дотор 5 сая шахам хаягийг идэвхгүй болгосон тухай тус улсын цахим орчны зохицуулагч байгууллага мэдээллээ.
Шинэ хууль өнгөрсөн 12 дугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш одоогийн байдлаар 16-гаас доош насны 4.7 сая орчим хаягийг устгаад байна гэж Цахим аюулгүй байдлын асуудал хариуцсан байгууллагаас мэдээлсэн байна.
“Өнөөдөр бид энэхүү хууль амжилттай хэрэгжиж байгааг зарлаж чадахаар боллоо. Энэ бол Австралийн бахархлын эхлэл юм. Энэхүү хууль дэлхийд анхдагч бөгөөд одоо бусад улс орнууд хэрэгжүүлэхээр судалж байна” гэж Ерөнхий сайд Энтони Албанезе хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв. Энэ хоригийг хэрэгжүүлж буй явцыг дэлхийн улс орнуудын зохицуулагч байгууллагууд анхааралтай ажиглаж байна. Франц, Малайз, Индонез улсууд ижил хуулийг батлахаа мэдэгдсэн бол Европын зарим улс, мөн АНУ-ын муж улсуудын эрх баригчид Австралийн жишээг дагах боломжийг хэлэлцэж байна.
Эдгээр тоо баримт нь уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш засгийн газраас өгч буй анхны мэдээлэл бөгөөд платформууд хуулийг мөрдөхийн тулд бодитой арга хэмжээ авч байгааг харуулж байна.
Хуулийг зөрчвөл платформуудыг 49.5 сая хүртэл австрали доллароор (33 сая ам.доллар) торгох арга хэмжээ авах ба хүүхдүүд болон эцэг эхчүүд хариуцлага хүлээхгүй. 16-гоос доош насны хүүхдүүдийн ашигладаг хаягийн нийт тоо нь хуулийг батлахын өмнө гарсан таамгуудаас хамаагүй их байгаа бөгөөд статистик мэдээллээр 10-16 насны нэг австрали иргэн хоёр ба түүнээс дээш тооны хаягтай байна. Өмнө нь Meta компани Instagram, Facebook, Threads сүлжээнүүдээс насанд хүрээгүй 550 мянга гаруй хэрэглэгчийн хаягийг устгасан гэж мэдэгдэж байв. Энэхүү хууль нь Google-ийн YouTube, TikTok, Snapchat болон Элон Маскийн X (өмнө нь Twitter) платформд мөн хамаарна. Reddit компани дүрмийг мөрдөж буйгаа мэдэгдсэн ч хоригоо цуцлуулахын тулд засгийн газрын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 01 сарын 16,
2026

Сэтгэгдэл0