Нийслэл Улаанбаатар хотод иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн зам тээврийн оновчтой сүлжээг хөгжүүлэх зайлшгүй шаардлагын дагуу “Олон түвшний уулзвар” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, эхний ээлжид Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, Наадамчдын зам дахь явган хүний гүүрэн гарц болон Нарт хотхоны зүүн далан дээрх гүүрэн байгууламж зэрэг таван байршилд уг төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд дээрх байршлуудад магадлалын ерөнхий дүгнэлт гарсан.
Уулзваруудын түвшнийг зааглаж, олон түвшинтэй болгосноор тээврийн хэрэгслийн урсгалын огтлолцлыг бууруулж, гэрлэн дохионоос хамааралтай зогсолт, хүлээлтийг багасган, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг эрс нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, “Нарт” хотхон орчимд хүн амын төвлөрөл нэмэгдэж байгаа ч үерийн хамгаалалтын далан нь замын сүлжээг тасалдуулж, жолооч, иргэд Нарны зам болон Энхтайваны өргөн чөлөөгөөр зайлшгүй тойрч зорчих шаардлагатай болж байна. Энэ нь үндсэн замуудын ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж, гамшгийн үеийн шуурхай бэлэн байдлыг ч хязгаарлаж байгаа юм. Иймд далан давуулан гүүрэн байгууламж барих нь замын холболтыг нөхөж, иргэдийн зорчих зай, хугацааг товчлох, цаашлаад шатахууны үргүй зардлыг багасган, хотын гол замуудын түгжрэлийг сааруулах инженерийн оновчтой шийдэл болох юм. Өөрөөр хэлбэл, “Олон түвшний уулзвар” төслийг бүрэн хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэж, түгжрэлийн түвшин мэдэгдэхүйц буурна.
Баасан - 01 сарын 16,
2026

Сэтгэгдэл2
Дүүжин тээвэр гэж олон тэрбумаар паркийн алсын харагч шиг хийж байхын оронд, түгжрэл ихтэй ганц нэг уулзвараа давхар болгож байсан бол замын түгжрэлд мөн ч хэрэгээ гаргах байж дээ!
Хайлаастын уулзвар гээд хараал идсэн нэг уулзвар бий, зуслангийн бүх башин дайрдаг