sonin.mn
Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор голын усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар, Цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав нар мэдээлэл хүргэлээ.
 
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар “Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд гол дагуу амралтаа өнгөрүүлдэг. Ялангуяа амралтын өдрүүдэд бага насны хүүхдүүдээ дагуулан явж голын усанд тоглуулах, амрах нөхцөл байдал үүсдэг. Үүнтэй холбогдуулан иргэдийг усанд осолдохоос сэргийлж тодорхой арга хэмжээг авч ажиллаж байна. Өнгөрсөн онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул, Тэрэлж гол дагуу хөдөлгөөнт эргүүл гарч ажилласан. Энэ хугацаанд бид давхардсан тоогоор 2145 албан хаагч, 760 техник хэрэгсэлтэйгээр гол дагуу амарч, зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг өгч ажилласан. Голын уснаас нийт 85 иргэний амь насыг авран хамгаалсан. Энэ жил зургаадугаар сарын 10-наас эхлээд НЗД-ын захирамж гарч, НЦУГ, НОБГ, НГБХЗХГ хамтран Туул гол болон Тэрэлжийн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүлийг хийж ажиллахаар төлөвлөж байна” гэв.
 
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг “2017 онд хоёр мянга орчим хүүхэд гэмт хэрэг, ямар нэгэн ахуйн ослын улмаас болон бусад шалтгаанаар хохирч байсан гэсэн статистик мэдээлэл бий. 2018 онд 1126 хүүхэд, 2019 онд 996 хүүхэд, 2020 он гараад 225 гэх мэтчилэнгээр сүүлийн гурван жилийн байдлаар хүүхэд гэмт хэрэг зөрчилд өртөх нөхцөл байдал буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь нэг утгаараа эцэг, эхчүүдийн анхаарал болгоомж нэмэгдэж байгаатай холбоотой боловч хүүхэд аюулгүй нөхцөл байдалд байна уу гэдэгт хариулт өгөхөд хэцүү. Тийм учраас эцэг, эхчүүдэд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байгааг онцолж хэлмээр байна. Сүүлийн гурван сарын хугацаанд Төрийн байгууллагаас хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор цэцэрлэг, сургуулиуд ажиллахгүй байгаа. Тэгэхээр эцэг, эхчүүдийн 100 хувийн хараа хяналт, асрамжинд хүүхдүүд байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн гурван сарын байдлаар  хүүхэдтэй холбоотой осол гэмтэл 45 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Монголчууд бид яридаг усны хор гараагүй байхад усанд орж болохгүй гэж. Тийм учраас эцэг, эхчүүд маань хүүхдүүддээ сайн хэлж, захих шаардлагатай байна. Өнөөдрийн цаг хугацаанд эцэг, эхчүүдийн хараа хяналт нэн чухал. Цаашлаад хуулиар үүрэг хүлээсэн Төрийн албан хаагчид хүүхэд аюулд өртөж болзошгүй газар орчинд хяналт шалгалтыг хийж, зөвлөмж сэрэмжлүүлгээ хүргэж ажиллаж байна” хэмээлээ.
 
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав “Хүүхдийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхэд хамтын ажиллагаа их чухал байна. Хүүхэд хамгааллын тухай хуулинд нийгмийн бүхий л орчинд хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх гэдэг асуудлыг хуульчилан заасан байдаг. Нийгмийн бүхий л орчинд гэдэгт иргэд, эцэг, эх, олон нийт, аж ахуйн нэгжүүд бүгд ордог. Хүүхэд хамгааллын хууль гэхээр зөвхөн хүүхдийн салбарын хууль гэж битгий хараасай. Энэ хуулинд эцэг, эхчүүд, олон нийт, аж ахуйн нэгжийг хүүхдийг яаж хамгаалах үүрэг чиглэл хариуцлагыг зааж өгсөн байдаг. Тийм учраас хүүхдийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх ажил нь өөрөө бүх нийтийн ажил юм” гэдгийг эцэг, эх, иргэд, олон нийт, аж ахуйн нэгжүүдэд онцгойлон анхааруулж хэлсэн юм.
 
 
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс