
9-р сарын 10-ны өдөр Хятадын Төрийн зөвлөл Хуанянь арлын үндэсний байгалийн дархан цаазат газар байгуулахыг зөвшөөрөв. Энэ нь Хятад улс өнгөрсөн оны 7-р сард "Хуанянь арлын усны экологи, байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээний тайлан"-г гаргасны дараагаар уг арлын экологи, байгаль орчны хамгаалалтыг бэхжүүлэх бас нэгэн чухал алхам болсон. Филиппиний Гадаад хэргийн яам харин энэ талаар “хүчтэй эсэргүүцлээ” илэрхийлж байна. Үүний хариуд Хятадын ГХЯ: Хуанянь арал бол Хятадын эзэмшил дэх нутаг дэвсгэр бөгөөд Филиппиний үндэслэлгүй буруутгал болон "эсэргүүцэл" гэгчийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хатуу мэдэгдэв.
Хятадын Олон Улсын Радио энэ тухай:
"БНХАУ-ын Хайнань мужийн Саньша хотын Жунша шүрэн арлын зүүн өмнөд хэсэгт орших Хуанянь арал нь Хятадын загасчдын уламжлалт үйл ажиллагааны бүс бөгөөд усан онгоцны тор зогсоол газар юм. Төлөвлөгөөний дагуу Хуанянь арлын байгалийн дархан цаазат газар нь 3523.67 га талбайг эзэлнэ.
Хуанян арал нь газарзүйн өвөрмөц нөхцөлтэй, экологийн хувьд харьцангуй эмзэг орчинтой. Хятад улс хамгаалалтын арга хэмжээг цаг тухайд нь хэрэгжүүлж байгаа нь “НҮБ-ын тэнгисийн хуулийн конвенц” зэрэг олон улсын хуулийн дагуу хүлээсэн эрх үүргээ мөн биелүүлж байна. Цаашлаад олон улсын туршлагаас харахад АНУ, Их Британи, Франц, Австрали, Шинэ Зеланд зэрэг далайн томоохон улсууд төрөл бүрийн байгалийн дархан цаазат газар буюу далайн тусгай хамгаалалттай газрыг байгуулсан жишээтэй. Хятад улс Хуанянь арлын үндэсний байгалийн дархан цаазат газар байгуулсан нь олон улсын нийтлэг жишигт нийцэж байна.
2016 онд Хятад улс Хуанянь арлын ойролцоох усанд Филиппиний цөөн тооны загас агнуурын хөлөг онгоцны хэвийн агнуурын үйл ажиллагаанд сайн санаанаас зохицуулалт хийж, хуулийн дагуу Филиппиний загасчдын холбогдох үйл ажиллагааг нэгэн зэрэг удирдаж, хяналт тавьсан юм. Гэсэн хэдий ч Филиппиний засгийн газар хэсэг хугацаанд үндсэрхэг үзлийг зориудаар хөөрөгдүүлж, Хятадын сайн санааг ашиглаж, загасчдыг Хуанянь арлын орчмын усанд загас агнахыг зориудаар өргөжүүлж, бүр хууль бусаар далайн гүн нутагт үйл ажиллагаа явуулж, тус бүс нутгийн далайн экосистемд урт хугацааны бэрхшээл учруулсан байна. Хятад улс үндэсний байгалийн дархан цаазат газар байгуулж, Хуанянь арлын орчмын усан дахь загас агнуурын үйл ажиллагааг зохицуулж буй нь загас агнуурын нөөц, биологийн олон янз байдлыг сэргээх нөхцөлийг бүрдүүлж, бүс нутгийн загас агнуурын аж үйлдвэрийн тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой юм.
Филиппиний нутаг дэвсгэр, далай тэнгисийг тэлэх хүсэл эрмэлзэл, мөн АНУ болон Барууныхны өдөөн хатгалгад тулгарсан Хятад улс энх тайван, хамтын ажиллагаа, найрамдлын Өмнөд тэнгис байгуулах хүчин чармайлтаа хэзээ ч орхиогүй. 2024 оны 7-р сард Хятад улс "Хуанянь арлын орчмын усны экологи, байгаль орчны байдлын талаарх судалгаа, үнэлгээний тайлан"-г нийтэлж, Хятадын загасчид цианид ашиглан агнуур хийж байна гэсэн Филиппиний зохиомол цуу яриаг таслан зогсоосон төдийгүй Хуанянь арлын орчмын усны экологийг хамгаалах шинжлэх ухаан, мэргэжлийн үндэслэлийг гаргаж, үндэсний байгалийн дархан цаазат газар байгуулах үндэс суурийг тавьсан юм.
Хятад улс Хуанянь арлын экологийн орчныг хамгаалахын төлөө урт хугацааны турш уйгагүй хүчин чармайлт гаргаж, Өмнөд тэнгисийн асуудалд өндөр хяналт тавьж, нутаг дэвсгэрийн маргааныг холбогдох талууд яриа хэлцэл, зөвшилцөх замаар шийдвэрлэхийг тууштай баримталж, АСЕАН-ы орнуудын хамт тэнгисийн энх тайвныг сахин хамгаалсаар ирсэн юм." гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0