ЖЕНЕВ. /CNN/. Европт өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо буурсаар байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдээллээ.
“Европт гуравдугаар сарын 22-ноос хойш өдөрт илэрсэн хамгийн цөөн тохиолдол мягмар гарагт бүртгэгдлээ” гэж Т.Гебрейесус лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.
“Гэсэн хэдий ч манай байгууллага Төв, Өмнөд Америкийн олон оронд цар тахлын тархалт хурдацтай нэмэгдэж байгаад ихээхэн санаа зовниж байна” гэж ДЭМБ-ын тэргүүн мэдэгдсэн байна.
 
 
 
“ДЭМБ-д сүүлийн таван өдрийн хугацаанд ирсэн мэдээллээс үзэхэд, дэлхий дахинд өдөр тутам “COVID-19”-ийн 100 мянгаас дээш тохиолдол бүртгэгдсэнээс Америк тивд хамгийн олон хүн халдвар авсан. Түүнчлэн сүүлийн хэдэн долоо хоногт Америкт тивд өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо дэлхийн бусад орныхоос давсан” гэж тэрбээр хэлжээ. 
 
 
 
Мөн Газар дундын тэнгисийн зүүн хэсэг, Зүүн Өмнөд Ази, Африкт халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгааг Т.Гебрейесус анхааруулсан байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг