sonin.mn
“Ковид-19” вирусын тархалттай холбоотой тодорхой бус байдал нэмэгдэж гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил сулран, эдийн засгийн өсөлт саарах эрсдэлийг бий болгож байна. Монголбанкнаас гаргасан судалгаагаар эдийн засгийн бүх салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд цар тахал нөлөөлсөн гэж дүгнэсэн. Үүний нэг нь банкны салбар юм. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс улирал тутам гаргадаг судалгаагаар банкны салбарын нийт актив энэ оны нэгдүгээр улиралд 34.9 их наяд төгрөг болж өмнөх улирлаас 0.9 их наяд төгрөгөөр буурсан байна. Мөн банкуудын өөрийн хөрөнгө нэгдүгээр улирлын байдлаар 2.96 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0.39 их наяд төгрөгөөр буурчээ. Банкууд 27.7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа ба их хэмжээний  алдагдал нь Ариг банкны алдагдлаас үүдсэн байна. Энэ мэт банкны салбарт тулгарсан хүндрэл дуусахгүй.
 
ХҮНДРЭЛТЭЙ ҮЕД ХӨНГӨЛӨЛТ ДУУСНА
 
Цар тахлын нөлөөгөөр хугацаа хэтэрсэн зээл 35 хувиар өссөн байна. Учир нь хаалттай хил, хөл хорионы чанга дэглэмээс үүдэн ААН нэгжүүд алдагдалтай ажиллаж зарим нь ажилчдаа цомхотгон, хаалгаа барьсан. Мөн дотоодын нийт зээл энэ оны эхний улиралд 15.89 их наяд төгрөг болж буурчээ. Чанаргүй зээлийн хэмжээ өссөнөөр 1,822 их наяд төгрөг буюу нийт зээлийн 11.5 хувийг эзэлж байна.Чанаргүй зээл нь банкны актив хөрөнгийг бууруулж ашигтай ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Улмаар банкны тогтолцооны төлбөрийн чадварт шууд нөлөөлөх үр дагавартай тул эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн чанаргүй зээл нь шинэ зээл олгох эх үүсвэрийг хязгаарлаж зээл олголт зогсох гол хүчин зүйл болдог. Мөн санхүүгийн зуучлалыг багасгаж эдийн засгийн өсөлтийг сааруулдаг тул санхүүгийн системийн найдвартай байдал, зах зээлийн гэнэтийн таагүй нөлөөлөл, хямралын үед тогтвортой ажиллах чадварт сөрөг нөлөөтэй юм.Энэ эрсдэлийг багасгах, иргэдийн зээлжих ангиллыг буруулахгүй байх үүднээс Монголбанк бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж “Банкны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д түр хугацааны өөрчлөлт оруулсан байна. Эдийн засгийн хямралд өртөн иргэдийн авах цалин тасалдаж иргэд ААН-ийн зээлийн төлөлт хоцрох эрсдэл тулгараад байсан тул ийнхүү шийдвэрлэсэн. Иргэд зээлийн эргэн төлөх хугацааг хоцроосон ч зээлийн ангилал буурахгүй байх боломжийг олгож ипотек, цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зээл хэлбэрээр иргэнд олгосон зээлд тогтоох хугацааны ангиллыг энэ оны долоодугаар сарын 31-ны өдөр хүртэл сунгасан юм.
 
 
 
Зээлд тогтоох хугацааны ангиллыг “Хэвийн” зээлийг 15 хүртэлх хоног байсныг 90 хүртэлх хоног болгон өөрчилж  “Анхаарал хандуулах” зээлийн ангиллыг 91-120 хоног, “Чанаргүй” зээлийн ангиллыг 121-ээс дээш хоног байхаар тогтоож өөрчлөлт оруулсан. Гэсэн хэдий ч байдал улам хүндэрсэн энэ үед өөрчлөлтийн хугацаа дуусаж байна. Коронавирусын тархалт намжиж ААН-үүд хөл дээрээ босох хүртэл зээлд тогтоох хугацааг дахин сунгах шаардлагатай байна.
 
 
 
БАНКНЫ АШИГ БУУРСАН Ч ХАДГАЛАМЖИЙН ХЭМЖЭЭ ӨСЧЭЭ
 
Банкны салбарын ихэнх үзүүлэлтүүд сөрөг гарсан ч хадгаламжийн хэмжээ өссөн үзүүлэлттэй гарчээ. Учир нь дэлхийн олон судлаачид коронавирусын  болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлж мөнгөө хадгалахыг уриалсан юм. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар банкны салбарын нийт хадгаламжийн хэмжээ 13.45 их наяд төгрөг, харилцах хадгаламж таван их наяд төгрөг болов. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хадгаламжийн хэмжээ арван хувиар, харилцах хадгаламж долоон хувиар өссөн байна. Үүнээс нийт арилжааны банкуудын эзлэх хувийг харвал “Хаан” банк хамгийн их буюу нийт хадгаламжийн 38.2 хувийг эзлэж байгаа юм. Харин “Голомт” банкны харилцах дансны үлдэгдэл хамгийн өндөр өсөлттэй байна.Улс даяар тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы улмаас иргэд банкны салбарт очиж үйлчлүүлэхээс илүү цахим банк ашиглах шаардлагатай болсон. Тйимээс банкууд мэдээлэл, технологийн салбарт хөрөнгө оруулж анхаарал хандуулснаар  цахим банк хэрэглэгчдийн тоо өссөн байна. Энэ нь нөгөө талаар өрхүүдийн цахим хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотой юм. Цахим банкнаас олох нэг удаагийн гүйлгээний дундаж дүн 2013 онд 50000 төгрөг байсан бол өнгөрсөн онд 216000 төгрөг болж өссөн байна. Энэ оны байдлаар цахим банк хэрэглэгчдийн тоо тасралтгүй өсч 2.1 саяд хүрч мобайл банк хэрэглэгчдийн тоо 2017 оноос буурсаар 1.2 сая болжээ. 
Монголбанкны тодорхойлсноор Хаан банк, Худалдаа Хөгжлийн банк, Голомт банк, Хасбанк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк зэрэг зургаан банкийг банкны системд нөлөө бүхий банкаар тодорхойлжээ. Эдгээр банкууд нь системийн 90-ээс дээш хувийг бүрдүүлдэг аж. Мөн нийт арилжааны 13 банкийг актив, зээл, харилцах, хадгаламж, ашиг зэрэг үзүүлэлтийг харгалзан харьцуулж активын хэмжээгээр нь гурван том банк, гурван дунд банк болон жижиг банкууд гэж ангилдаг. Энэ оны нэгдүгээр улиралд арилжааны банкуудын санхүүгийн тайлангийн нийлбэр дүнгээр банкууд 51.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад том гурван банкны ашиг 45 тэрбум төгрөгөөр буурчээ. Харин гурван дунд банкны ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр хувиар буурч 12.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан болжижиг банкууд 3.3 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.
 
 
Б.Бямбажаргал
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин