Ихэнх хүүхэд 18 насандаа их сургуулийн босго алхдаг бол Б.Жавзандорж энэ насандаа их сургуулиа төгсөн, анхны ажилдаа орж байжээ. Таван настайдаа сургуульд орсон түүний хувьд 15 настайдаа Монгол Улсын Их сургуулийн босгыг алхаж, 18 насандаа их сургуулиа төгсөн ажлын гараагаа эхлүүлсэн.
Үүний дараа Б.Жавзандорж “Young brain” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж байгаа бөгөөд найман жилийн турш сайн дурын ажил хийжээ. Б.Жавзандорж бүсгүйтэй “Young brain” хөтөлбөр болон хувь хүний хөгжлийн талаар ярилцлаа.
 
-Та 18 настайдаа их сургуулиа төгссөн. Анхны ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?
 
-Би 2014 онд МУИС-ийн Компьютер технологийн сургуулийг хэрэглээний инженерчлэл мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт Гадаад харилцааны менежер буюу эмч солилцооны хөтөлбөрийг хариуцан ажиллаж эхэлсэн. Удирдлагын академид Төрийн удирдлагаар магистр хамгаалсан. Одоо Удирдлагын менежментийн докторант. Мөн Япон улсад төслийн IT менежментийн чиглэлээр, 2019 онд Бельгийн их сургуульд Удирдлагын менежментээр тус тус  мэргэжил дээшлүүлсэн. Миний хувьд анх 15 нас хүрэх жилээ их сургуульд орсон тухайн үедээ хамгийн залуу оюутан тэтгэлэг хүртэл авч байсан. 18 настайдаа их сургуулиа төгссөн
 
-Та олон ажил  амжуулж, суралцаж байгаа юм байна?
 
-Одоо би 26 настай, ажлын талбарт гараад найм дахь жилдээ орж байна. Миний хувьд анх 15 нас хүрэх жилээ их сургуульд орсон тухайн үедээ хамгийн залуу оюутан тэтгэлэг хүртэл авч байсан. 18 настайдаа их сургуулиа төгссөн. Тухайн үед би жаахан байсан ч гэсэн  сургалтын төлбөрөө тэтгэлэгээр шийдэж чадсан. Мэдээж тэтгэлэг учраас муу сурвал хасагдах магадлалтай, маш сайн суралцах зорилготой байсан. Эгч нар маань оюутан байсан болохоор гэр бүлийнхэндээ хүндрэл учруулахгүй үүднээс зуны амралтаараа хүртэл ажиллаж хэрэглээнийхээ, хувцасны мөнгөө олдог байсан. Магистр, докторант бас гадны улсруу мэргэжил дээшлүүлсэн сургалтууд ч мөн 100 хувь тэтгэлэгт хамрагдсан. Яагаад гэвэл би боломж бүрийг ашиглахыг хичээдэг, чармайдаг.
 
 
 
Багаасаа би их нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Таван настайдаа эгчийгээ дагаад сургуульд орохоос эхлээд оюутан байхдаа, ажил дээр гараад зүгээр суудаггүй үргэлж л суралцаж байсан. Залуу хүн, эмэгтэй хүний хувьд ч зүгээр суулгүй үргэлж суралцаж чадвал том боломжид хүрч чадна  гэж боддог. 
 
 
 
-Таныг сургалтын төв ажиллуулдаг гэж сонссон. Ямар чиглэлийн сургалт явуулдаг вэ?
 
-Залуучуудтай холбоотой, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд дэм үзүүлэх юмсан гэж боддог байсан. Удаан хугацаанд судалсны үр дүнд Энэтхэг, АНУ зэрэг дэлхийн 4-5 оронд “Young brain” гэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгааг олж мэдсэн. Ингээд тус хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхээр албан ёсны эрхийг нь авах хүсэлт тавьсан. Хүсэлтийн маань хариу жилийн дараа буюу 2017 онд ирсэн.
 
 
 
Залуу хүн, эмэгтэй хүний хувьд ч зүгээр суулгүй үргэлж суралцаж чадвал том боломжид хүрч чадна гэж боддог
 
 
 
Зөвшөөрлөө аваад энэ хөтөлбөрийн дагуу 7-13 насны хүүхдүүдэд англи хэл, 18-35 насныханд хувь хүний хөгжлийн сургалтыг явуулж байна. Мөн байгууллагуудад хувь хүний хөгжил, бизнесийн удирдлага, маркетингийн сургалтуудыг явуулдаг. Манайд монголоос гадна гадаад багш нар ажилладаг бөгөөд тэд нар сайн дураар ажилладаг. Үндсэн ажлынхаа хажуугаар хичээл заадаг гэсэн үг. Олон улсад амжилттай хэрэгжиж буй энэ хөтөлбөрийг яагаад Монголд нэвтрүүлж болохгүй гэж гэсэн бодлын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж байна. Сургалтын төв гэхээс илүү нийгмийг сэдэлжүүлэх хөтөлбөр гэж болно. Одоогийн байдлаар 2800 гаруй хүнд сургалт явуулаад байна.
 
-Хүүхдүүдийн хэл сурахдаа гаргадаг нийтлэг алдаа, тэдний онцлогийг дурдвал?
 
-Хүүхдийн хэл сайн сурах үе нь 5-9 нас байдаг. Бага насны хүүхдийн хэлний суурийг маш сайн тавих хэрэгтэй. Монгол хэлээ сайн сурч байж дараагийн хэлийг сайн сурдаг. Багаас нь хос хэл сургахаар хүүхэд төвлөрөхгүй англи, монгол хэлийг хольж ярих зэрэг асуудал гардаг. Мөн эх хэлээ бүрэн эзэмшээгүй хүн дараагийн хэлийг хагас дутуу сурдаг.
 
-Ээж, боловсролын салбарт ойрхон ажиллаж байгаа хүний  зүгээс бусад эцэг эхчүүдэд зөвлөөч гэвэл?
 
-Би хоёр, дөрвөн насны хоёр хүүхэдтэй. Миний хувьд хүүхдүүддээ долоон нас хүртэл нь эх хэлийг нь маш сайн сургана гэж боддог. Манай хоёр хүүхэд өдөрт хоёр цаг үлгэр сонсож, нэг цаг телевиз үзэх гэх мэт өдрийн дэглэмтэй. Телевиз үзүүлэхдээ ихэвчлэн монгол контент үзүүлэхийг зорьдог. Маамуу гэж төсөл байдаг шүү дээ. Түүнийг хүүхдийн насанд тохирсон хамгийн шилдэг бүтээл гэж боддог. Мөн цагаан идээ түлхүү хэрэглүүлж чихрээс хол байлгах гэж хичээдэг. Бусад ээж аав, сурган хүмүүжүүлэгчиддээ хандаж хэлэхэд, хүүхдэдээ эх хэлийг маш сайн эзэмшүүлэхийг зөвлөж байна.
 
-Үеийнхэн болон залуу үеийнхэндээ хэлэхийг хүсдэг зүйлээ хуваалцвал?
 
-Залуу хүн гэж өөрийгөө битгий гол. Гадаадад сургууль төгсөөд ирсэн хүнтэй өөрийгөө харьцуулж сэтгэлээр унах ч хэрэггүй. Монголд бакалавр эзэмшинэ гэдэг суурь соёлоо зөв эзэмшиж байна гэсэн үг. Ер нь хэн ямар орчинд өсөх нь хамаагүй хувь хүний хичээл зүтгэл амжилт руу хөтөлдөг . Дэлхий нийтийн хандлага залуу үе рүү чиглэж байна. Тиймээс залуу гэж өөрийгөө гололгүйгээр бүх юманд өөрийгөө сорих хэрэгтэй. Амьдралаа тэнцвэржүүлэх хэрэгтэй. Залуус эхлээд карьераа ахиулж дараа нь гэр бүл зохиох гээд нэгийг нөгөөгөөр золиосолж, хойш тавих нь бий. Харин миний хувьд энэ хоёрыг хослуулж явахыг хичээдэг. Би 21 настайдаа нөхөртэйгөө танилцаж хуримаа хийсэн. Анхны хүүхдээ 22 насандаа төрүүлсэн. Хүний амьдралын суурь бол гэр бүл гэж боддог учир сууриа сайн тавиад дараагийн ажлуудаа төлөвлөсөн. Эрт, хожуу гэдэгт ач холбогдол өгөх биш амьдралынхаа гол зорилгыг зөв тодорхойлох хэрэгтэй гэж би боддог.
 
 
 
Одоо залуучуудын дуу хоолой, тэдний сэтгэлгээ хамгийн хэрэгтэй байгаа юм. Залуу үедээ боломж олгож, ажил даалгаж өгөх хэрэгтэй
 
 
 
-Залуу хүн юу чадах вэ, юу л мэдэв гэж дээ гэсэн бодолтой хүмүүс байдаг.
 
-Одоо бол Z-үүдийн үе шүү дээ. Тэд сэтгэлгээний онцлогоороо, биеэ даасан байдлаараа ялгардаг. Олон улсын компаниуд ихэвчлэн багаар ажиллуулдаг. Ингэхдээ нас насны төлөөллүүдийг хооронд нь хольдог. Энэ арга маш сайн үр дүнд хүргэдэг. Одоо залуучуудын дуу хоолой, тэдний сэтгэлгээ хамгийн хэрэгтэй байгаа юм. Залуу үедээ боломж олгож, ажил даалгаж өгөх хэрэгтэй.
 
 
 
Залуучуудын оролцоог нийгэмд нэмэгдүүлж, дуу хоолойгоо зоригтойгоор илэрхийлэх нь нийгэмдээ оруулж буй хувь нэмэр гэж боддог.
 
 
 
 
-Таны хувьд хувь хүний хөгжлийн хичээл заадаг. Тэгвэл манлайлагч гэж ямар хүнийг хэлдэг юм бэ?
 
-Өөрийн чаддаг зүйлээ бусдад түгээдэг, маш сайн сонсогч, зөвлөгч байхыг хэлдэг гэхэд буруудахгүй. Зөвлөгч байх нь их чухал.
 
-Та манлайлагч эмэгтэй мөн үү?
 
-Манлайлагч байх ёстой гэхээсээ илүү би сайн ээж байх ёстой. Би өөрийгөө манлайлагч гэж хэлэхгүй. Гэхдээ хийж чадах зүйлээ нийгэмдээ хүргэсэн энгийн л нэгэн эмэгтэй. 2012 онд оюутан байхдаа “Бүх дэлхийн хүүхдийн сан”-г байгуулж Канад, Японы нийгэмлэгээс хандивын хувцаснуудыг өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тараах ажил хийдэг байсан. Өгөхөөс илүү боловсролын суурь мэдлэг суулгая гэсэн зорилгоор сургалтууд явуулж эхэлсэн. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн хороонд зуны гурван сарын турш англи хэлний сургалт явуулдаг байсан. Сургалтад гэртээ ганцаараа үлддэг хүүхдүүд хамрагддаг байв. Цаашлаад ганц бие ээжүүдэд гар урлалын сургалтууд явуулсан. Мөн дүүргийн эмэгтэйчүүдийн эмчтэй хамтарч санхүүгийн боломжгүй эмэгтэйчүүдэд жирэмснээс хамгаалах суулгац үнэ төлбөргүй тавиулах зэрэг нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулж байсан. Энэ нь 2012-2018 он хүртэл идэвхитэй ажилласны үр дүнд нийт 3000 хүүхэд, өрх толгойлсон 800 гаруй ээжид хүрч ажилласан. Одоогийн байдлааар сургалтын төв болон бусад төслүүд дээр ажиллаж байгаа учир сангийн ажлаа түр хугацаанд зогсоосон.
Ойрын арван жилд, нарны эрчим хүч, усан цахилгаан станцын төслүүд дээр ажиллахаар зорьж байна
 
-Хувийн бизнес, хоёр хүүхэд, сайн дурын ажил гээд багагүй ажлыг зэрэг амжуулахад гэр бүл тань хэрхэн тусалдаг вэ?
 
-Эмэгтэй хүн гэртээ удаан суухаар нийгмээс өөрийгөө тусгаарлах, өөртөө итгэх итгэлээ алдаж эхэлдэг. Тиймээс ар гэрийн дэмжлэг их чухал. Ардаа санаа зовох зүйлгүйгээр ажиллана гэдэг жаргал шүү дээ. Нэг зүйлд яараад л эхэлбэл бухимдана, ажлын бүтээмж буурна гээд сөрөг нөлөөлөл ихтэй. Ээж аав, нөхөр минь надад маш их сэтгэлийн дэм өгч хурцалдаг. Энэ тал дээр би сэтгэл амар байж чаддаг шүү.
 
-Ирээдүйн зорилгоосоо хуваалцаач?
 
-Ойрын арван жилд, нарны эрчим хүч, усан цахилгаан станцын төслүүд дээр ажиллахаар зорьж байна. Энэ нь их эко сонголт. Нарны усан цахилгаан станцуудыг Монгол Улсад бүтээн байгуулах боломжтой гэдгийг судалгаагаар мэдэж авсан. Японд солилцооны хөтөлбөрөөр явж нарны цахилгаан станцын төслийг Монголд хэрэгжүүлэхээр явж байсан. Япон Монголын хамтарсан one-point зэрэг хэд хэдэн төсөл дээр Монголын талыг хариуцсан менежерээр ажиллаж байсан.
 
-Баярлалаа, таны цаашдын ажилд амжилт хүсье.
 
 
Б.Мөнхсарнай