sonin.mn
Урлаг бидний амьдралд ямар их хэрэгтэй гэдгийг сүүлийн үед бид сайтар ойлгодог болжээ. Тэр дундаа уран зураг гэдэг хүний сэтгэлийг хөдөлгөж, тайвшруулах онцгой увидастай. Энэ таатай мэдрэмжийг танд төрүүлэх уран зургуудыг дэлгэсэн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр, реалист зураач Х.Баяр, шог зураач Б.Бат-Эрдэнэ, Н.Оргил нарын “Харандааны хаан” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийсэн юм. Үзэсгэлэнг үзэж сонирхож буй үзэгчдийн хувьд “Харандаагаар ийм гайхамшигтай бүтээл хийж болдог юм байна. Үнэхээр гайхалтай” хэмээн ам булаалдан магтан сайшааж байв. Энэхүү үзэсгэлэнгийн араас реалист зураач Х.Баярын “Хос чавхдас” хэмээх үзэсгэлэнг Театрын музейд дэлгэжээ. Реалист зураач Х.Баярын хоёр жилийн хөдөлмөрийн дүнд харандаа болон тосон будгаар зурсан реалист буюу бодит төрлийн уран зургуудаас бүрдсэн “Хос чавхдас” нэртэй бие даасан уран зургийн гурав дахь үзэсгэлэнгийн бүтээлүүдээс та бүхэн сэтгэлийн тайтгарал, таашаал авах боломжтой юм. Монголын дүрслэх урлагт фантази арт /зөгнөлт/ болон реализмын дараагийн шат болох хайпер реализмыг хөгжүүлэхийг зорьж буй зураач Х.Баярын “Хос чавхдас” үзэсгэлэнд эх үр, дурлалт хосын хайр энэрлийг шингээсэн бүтээлүүд голложээ. Түүнтэй хэсэг хором ярилцлаа.
 
-Маршал Г.К.Жуковын хөрөг өөрийн эрхгүй анхаарал татаж байна. Энэ бүтээлийг хийхдээ хэдий хугацааг зарцуулсан бэ?
 
-Жил гаруйн хугацаанд зурсан юм. Өнгөрсөн онд Халх голын ялалтын 80 жилийн ой болсон шүү дээ. Би тосон будгаар 30 орчим жил зурж байна. Энэ нь надад илүү сонирхолтой санагддаг. Зураач болгон өөр өөрийн ертөнц, арга барилтай. Өнгийн харандаагаар бүтээл хийхэд цэвэр нарийн үзүүрээр ажилладаг. Харандаагаа маш урт үзүүрлэнэ. Үзүүр нь жаахан мохвол дахин үзүүрлэнэ. Тийм учраас харандаа маш хурдан дуусдаг.
 
-“Хос чавхдас” үзэсгэлэнгийн онцлох бүтээл нь юу вэ?
 
-“Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”, “Хүү минь хурдан босоорой” гэх зэрэг эх үрийн элбэрэл хайрыг илэрхийлсэн зургуудыг онцолно. Миний бүтээлүүдийг харахад огцом хөдөлгөөнтэй зураг бага. Налайсан амар амгаланг уран бүтээлээрээ илэрхийлэхийг хүсдэг. Мөн 1921 оноос хойших урлаг, соёлын алдартнуудын хөрөг зургийг бүтээхийг зорьдог. Одоо бас ч гэж олон хүний хөргийг зурчихсан байна.
 
-Харандаан будгаар хэдий хугацаанд бүтээл хийдэг вэ?
 
-Харандаан будгаар хоёр жилийн өмнөөс зурж байна. Бүтэн талбайг биеэр таглах амар ч харандаагаар зурж хаана гэдэг бол хэцүү. Гэхдээ надад тосон будгаар зурах нь арай амар байдаг юм.
 
-Харандаагаар зурсан бүтээлүүдээсээ онцолж танилцуулна уу?
 
 
 
-Харандаагаар зураг зурахад их хугацаа шаардана. Жижиг бүтээл гэлтгүй. Хүмүүс А4 цаасан дээр өдөртөө зураг зурчихна гэж боддог. Гэтэл тэр хэмжээний зургийг бүтэн сарын хугацаанд зурах тохиолдол ч бий. Жишээлбэл, жүжигчин Р.Анхнямын хөргийг бараг нэг сар зурсан. Ер нь зураачийн арга техникээс гадна өнгийн харандаагаар зурахад цаг хугацаа их шаарддаг.
 
 
 
Хүний нүүрний өнгийг гаргахын тулд эхлээд ногоон өнгөөр будна. Дээрээс нь бор, шар зэрэг олон өнгөөр нэмж будаж байж хүний нүүрний улаан шаргал өнгийг гаргана шүү дээ.
 
 
 
 
 
 
 
Г.Сүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин