sonin.mn
Урлагийн боловсролтой хүүхэд оюун санаа, бие бялдрын хувьд өндөр чадамжтай болж өсдөг ажээ. Тэр дундаа хөгжмийн боловсрол нь хүүхэд, өсвөр үеийнхний хөгжилд ихээхэн нөлөө үзүүлдэг. Гэтэл өнөөдөр бага, дунд ангийн сурагчдад долоо хоногт нэг л цаг дуу хөгжмийн хичээл ордог. Энэ нь зөвхөн нот заах, дуу цээжлүүлдэг. Үүнээс гадна хүүхдээ урлагийн чиглэлийн үйл ажиллагаанд хамруулах хүсэлтэй олон эцэг эх байдаг ч хотын төвөөс алслагдсан байдаг. Иймд дээрх асуудлыг шийдэх үүднээс “Бяцхан моцарт” ТББ-аас алслагдсан дүүргийн ЕБС-ийн хүүхдүүдийг хамруулж, урлагийн чиглэлийн төрөл бүрийн үзвэрийг насны онцлогоор үзүүлэхийг эрмэлзэж байгаа юм. Энэ талаар “Урлагийн боловсролын хөтөч” төслийг санаачлан ажиллаж буй “Бяцхан Моцарт” ТББ-ын Соёл, урлагийн хөтөлбөр хариуцсан захирал Х.Баттуяатай ярилцлаа.
 
-“Урлагийн боловс-ролын хөтөч” төслийнхөө талаар танилцуулахгүй юу? Хэзээнээс төслийн санаа гарсан бэ?
 
-Би 2004 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт орж ажиллахдаа төслийн санаагаа олсон. 2006, 2007 онд хүмүүст урлагийн боловсрол олгохыг зорьсон учраас санаа маань илүү боловсронгуй болж 2008 оноос сайн дурынхан, дадлагад гарч буй оюутнуудтайгаа хамтран энэ төрлийн үйл ажиллагагааг зохион байгуулалттай хийж ирсэн. Хүүхэд орчноо зөвөөр үнэлж дүгнэх, хүний хөгжлийн нийтлэг чадвар эзэмших, өөрийгөө илэрхийлэхэд урлагийн боловсрол чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнөөдөр урлагийн мэдрэмжийг дээшлүүлэх, орчинтой нь танилцах тал дээр бодит үйл ажиллагаа дутмаг байна. Мөн хотын төвөөс алслагдсан дүүргийн эцэг эхчүүд хичээлийн бус цагаар хүүхэддээ урлагийн боловсрол олгох боломж муу байдаг. Тиймээс өөрийн туршлага дээрээ үндэслэн иргэдийг амралтын өдрөөрөө ийм арга хэмжээнд хамрагдаж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь туслах хэрэгтэй гэж бодсон учраас энэ төслийг хэрэгжүүлж байна.
 
-Төсөлд хэдээс хэдэн насныхан хамрагдах боломжтой вэ?
 
-5-18 насны хүүхдүүдийг хамруулж байгаа. Яагаад гэвэл энэ насны хүүхэд аливааг хүлээж авах чадвар сайтай байдаг. Оюутан болоод ирэхээр аливаа зүйлийг хүлээж авахдаа дургүй болчихдог. Тэр тусмаа таньд урлагийн боловсрол хэрэгтэй гэдэг үг тийм ч таатай биш. Тэдэнд өөрийн гэсэн боловсорсон, төлөвшсөн шинж чанар байдаг. Тиймээс бид ЕБС-уудад санал тавьсан. Тэд өөрсдөө мэдрээд сонирхоод эхлэхээр заавал ямар нэг төрлийн үйл ажиллагаанд хамрагдалгүй биеэ дааж судалж эхэлнэ. Нөгөө талаараа миний хувьд аль болох хөнгөн, хэцүү биш байлгах үүднээс зохион байгуулалт дээр илүү анхаарсан. Энэ шаардлагад нийцэж байсан газар бол халамжийн төвийн хүүхдүүд, алслагдсан дүүргийн ЕБС-ийн сурагчид юм. Тиймээс ЕБС-ийн 4000 хүүхдийг хамруулна гэсэн бодолтой байгаа.
 
-Урлагийн боловсролтой болсноор хүүхэд ямар чадамжтай болох вэ? 
 
 
 
-Урлаг хүүхдийг ёс зүй, хүмүүжил, бие бялдар, сэтгэл санааны хувьд хөгжүүлж чаддаг. Урлагийн боловсролтой хүүхдийн аливаа зүйлд хандах хандлага, чадамж нь өндөр байдаг. Ялангуяа, ёс зүй, харилцааны хувьд өөр гэдэг нь илт мэдрэгддэг.
 
 
 
Бид энэ төслөөр дамжуулан хүүхдийг нийгэм, соёлын амьдралд биеэ зөв авч явах, амьдралд хэрэгтэй зөв дадал хэвшилд суралцах чадамжтай болгохыг зорьж байгаа.
 
-Аль дүүргийн ямар сургуулиас хүүхдүүдээ хамруулах вэ?
 
-Бидэнд шийдэх ёстой хэд хэдэн асуудал байгаа. Одоогоор ямар сургуулийг сонгох нь тодорхойгүй байна. Гэхдээ төсөлд Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг багтсан. Эхний ээлжинд зүүн зах буюу Баянзүрх, Налайх дүүргийн сургуулийн сурагчдыг хамруулна. Ингэхдээ аль болох алслагдсан бүсээс сонгоно гэсэн бодолтой байгаа. Гэхдээ сайн дурын хүмүүс маань энэ хүүхдүүдийг авч явах учраас тэдний саналыг ч гэсэн сонсоно.
 
-Сайн дурынхан гэж байна. Үүнд ямар хүмүүс багтсан бэ?
 
-Бид хоёр аргаар сайн дурынхныгаа бүрдүүлж байгаа. Нэгдүгээрт, сонирхлын бүлгүүдээс хүмүүс цуглуулсан. Жишээлбэл, сонгодог урлаг, дүрслэх урлаг, уран зураг сонирхдогчдын группт өөрсдийн хуудсаараа дамжуулан зар тавьсан. Үүнд 17-53 насны янз бүрийн мэргэжилтэй хүмүүс бүртгүүлсэн байсан. Давхардсан ганц мэргэжил нь сэтгэл судлаач хоёр хүн байна лээ. Хоёр дахь сайн дурын бүлгийн хувьд их, дээд сургуулиудад хандсан. Хамгийн түрүүнд “Этүгэн” дээд сургууль хариу өгсөн. Энэ сургуулийн багш, оюутнууд урлаг, уран зураг сонирхдогчдын төв байгуулж хамтарч ажиллахаар болсон.
 
-Төсөл хэзээнээс хэрэгжих вэ?
 
-Аравдугаар сарын эхний долоо хоног амралтын өдөр таарч байгаа. Тэгэхээр аравдугаар сарын 5-наас хойш төлөвлөгөөгөө гаргаад ерөнхийдөө эхний ээлжний хүүхдүүд тэр долоо хоногоос үйл ажиллагаанд хамрагдаж эхэлнэ.
 
-Төсөл дараа жилийн гуравдугаар сар хүртэл үргэлжлэх юм байна. Энэ хугацаанд зөвхөн ЕБС-ийн хүүхдүүдийг хамруулаад байх уу эсвэл өөр чиглэлийн үйл ажиллагаа давхар явуулах уу?
 
-Энэ хөтөлбөрийг бид 5-8 жил үргэлжлүүлнэ гэсэн бодолтой байгаа. Боломж олдвол энэ хугацаанд Улаанбаатар хотын бүх сургуулийн хүүхдийг хамруулахыг зорьж ажиллана. Мөн ирэх боломжгүй хөдөө орон нутгийн хүүхдүүдэд үзүүлэхийг бодож байна. Бидэнд саяхан Өвөрхангай аймгийн Хужирт сумаас манай хүүхүүдэд үзүүлээч гэсэн хүсэлт тавьсан. Тэгэхээр тэнд бас үзэх хүсэл эрмэлзэлтэй хүн олон байна гэсэн үг. Тиймээс энэ үйл ажиллагаа цаашид хэрхэн үргэлжлэхийг би хэлж мэдэхгүй байна. Одоохондоо энэ чиглэлийн арга хэмжээ хамгийн их дутагдаж байгаа газрын хүүхдүүдийг хамруулахаар хичээж ажиллаж байна.
 
-Ямар байгууллага хамтран оролцож байгаа вэ?
 
-Бид хамтарч ажиллах байгууллагаа сонгохдоо аль болох мэргэжлийн урлагийн байгууллага, сургуулийг хамруулхыг зорьсон. Үүнд УДБЭТ, Монгол Улсын Консерватори, Хаан банк галерей, Монгол арт галерей гэсэн урлагийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг сонгосон. Үүнээс гадна Соёлын яамнаас манайхтай хамтарч ажиллах хүсэлт тавьсан. Ингэхээр урлагийн боловсролын чиглэлээр цаашид илүү их арга хэмжээ зохион байгуулна гэж найдаж байна.
 
 
 
П.Хүслэнтуяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин