sonin.mn
Улаанбаатар хот болон Дорноговь, Өмнөговь аймгуудад байгуулах гэж буй 4 иж бүрэн PCR буюу полимераз гинжин урвалын (ПГУ) лабораториудын тоног төхөөрөмжүүд өнгөрсөн бямба гарагт Монголд ирж эхэллээ. Шинээр байгуулагдаж буй ПГУ лабораториудын хамгийн гол хэрэгсэл болох ПГУ  машин, цөмийн хүчлийг цэвэрлэх систем, оношлуур, урвалын багц, сорьц авах төхөөрөмжүүд эхний ээлжинд Монголд ирээд байгаа нь энэ юм. Энэхүү 4 лаборатори нь Улаанбаатар хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв, Яармаг дахь Нийслэлийн Эх, хүүхдийн эмнэлэг болон Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Дорноговь аймгийн Замын Үүд сумын нэгдсэн эмнэлэгүүдэд тус тус байгуулагдах юм. Ингэснээр Монгол улсын хүн амын төвлөрөл хамгийн их Улаанбаатар хот болон эдийн засаг, гадаад худалдаанд чухал ач холбогдолтой хилийн бүс нутагт КОВИД-19-ийн оношилгооны лабораторийн хүчин чадалд мэдэхүйц хувь нэмрээ оруулна.
 
Иж бүрэн лабораториудыг Рио Тинто Монгол ХХК-ийн 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар, Оюу Толгой ХХК болон НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй  “Урьдчилж мэдье, хүрч үйлчилье” уриатай “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд байгуулж байгаа юм. Энэхүү төсөл нь Монгол улсын эрүүл мэндийн салбарын лаборатори оношилгооны чадавхыг нэмэгдүүлэхээс гадна анхан шатны эрүүл мэндийн ажилчдыг зайн харилцаа холбооны шаардлагатай хэрэгслүүдээр хангаж, сургаж, зорилтот бүлгийн хүн амд тусламж үйлчилгээ хүртээмжтэй хүргэх зорилготой билээ.
Төслийн хүрээнд  ПГУ   молекуляр биологийн лабораторийн үйл ажиллагааг био аюулгүйн байдлын шаардлагын дагуу зохион байгуулахад ашигладаг 17 нэр төрлийн төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдээр хангах юм. Эдгээр ПГУ тоног төхөөрөмжүүдийг КОВИД-19-ийн үед төдийгүй хавдрын эс тоолох, элэгний B, C вирүс зэрэг бусад халдварт өвчний оношлогоо, илрүүлэгт өргөн ашиглах боломжтой. Үлдсэн тоног төхөөрөмжүүд энэ  сард болон 2 сарын дундуур бүрэн ирэх бөгөөд төхөөрөмжүүдэд хяналт шалтгалт хийж, лабораторийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулсны дараа тус ПГУ лабораториудад КОВИД-19-ийн шинжилгээнүүдийг хийж эхэлнэ.