sonin.mn

 Ховд аймагт ажиллаж амьдарч байсан Япон улсын хоёр иргэн хууль бусаар шашны үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдож Монгол Улсаас албадан гаргасан байна. Япон улсын иргэн TAKAGI YUKA, TACHIWANA KAZUKO нар нь 2011 онд Ховд аймагт ирсэн бөгөөд нэг нь Ховд Их сургуульд оюутан, нөгөөх нь гадаадын хөрөнгө оруулалттай компанид хөрөнгө оруулагчаар Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй байжээ.



Гэвч ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж, орон нутагт шашин сурталчилж байсан нь тогтоогдсон учраас ийнхүү хуулийн хүрээнд арга хэмжээ авч Гадаадын иргэн харьяатын албанаас зохих эрхийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргажээ. Дашрамд дурдахад гадаадын иргэд, аж ахуйн нэгж нь шашны үйл ажиллагаа явуулахаар бол хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах эрхтэй болдог байна.



Ховд аймгийн хэмжээнд өнгөрсөн онд гурван орны 133 гадаадын иргэн, зургаан аж ахуйн нэгжид захиргааны арга хэмжээ авч, 39 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан байна. Эдгээр иргэд нь Монгол Улсын Виз бүртгэлийн журам болон оршин суух журам зөрчсөн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зэргээр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зохих зүйл заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон байна.



Эх сурвалж: "Ховдын мэдээ"