sonin.mn

Хорезмын хот балгадыг довтолсон нь

Чингис хаан Дундат Азийг довтлох болсон шалтаг нь Хорезмын захын нэгэн боомт Отрар хотын захирагч Монголын худалдаа хийхээр очсон 450 хүнийг барьж хядан, 500 гаруй тэмээг ачаа барааны хамт дээрэмдсэн явдал байв. Энэхүү аймшигт доромжлолыг эс тэвчсэн Чингис хаан өөрийн биеэр их цэргийг авч 1219 оны намар Хорезмын нутагт цөмрөн орж Отрар хотыг бүсэлжээ.

 

Тэндээсээ Монголын их цэрэг хэд хэдэн чиглэлд хуваагдан Хорезмын олон хот бэхлэлтийг зэрэг довтлов. Цагаадай, Өгөөдэй хан хөвгүүдийн захирсан цэрэг Отрар хотыг таван сарын турш бүслэн тулалдсаны эцэст буулган авчээ. Зүчи болон бусад жанжины удирдсан цэрэг Аму-дарьяа мөрний доод урсгал дахь хот боомтуудыг эзэлсэн байна.

 

Мөн Монголын цэргийн нэг хэсэг нь Аму-дарьяа мөрний дээд урсгал дахь Бенакент, Ходжент зэрэг хотын эсрэг довтолжээ. Чингис хаан отгон хүү Тулуйн хамт цэргийн гол хүчийг аван Бухар хотыг дайлахаар хөдөлжээ. Тэд замдаа Зарнук, Hyp, Зарефшан зэрэг олон хот боомтыг эзэлжээ. 1220 оны хоёрдугаар сард Монголын цэрэг Бухар хотод ирсэн байна.

 

Тэр үед Бухар хотыг хоёр түмэн цэрэг хамгаалж байсан талаар Жүвэйний номонд тэмдэглэсэн байна. Чингис хаан Бухар хотыг эзэлж аваад, зөвхөн гар урчуудыг нь үлдээн боол болгож, бусдыг нь хүйс тэмтрэн хядаж, үнсэн товрого болгох тушаал буулгажээ. Бухар хотыг авсны дараа Чингис хаан Самарканд хотыг эзлэхээр довтолжээ. Түүхэнд тэмдэглэснээр, тэр үед Самарканд хотыг 110.000 шилдэг цэрэг хамгаалж байжээ.

 

Мөн хорин том зааныг хотын хамгаалалтанд ашиглаж байсан талаар дурдсан байна. Монголын цэрэг таван өдөр ширүүн тулалдсаны эцэст Самаркандыг эзлэн авчээ. Чингис хаантай уулзахаар Хятад орноос гарсан Чан Чуны бумба замдаа Самарканд хотыг дайран гарчээ. Тэрбээр "Баруун газар зорчсон нь" тэмдэглэлдээ: "Самарканд хотод амьд үлдсэн хүн ам түрүүчийн бүх хүн амын дөрөвний нэг хувь нь байсан" гэж бичжээ.



Ургенч хотыг үнсэн товрог болгов

Хорезмын шах Мухамед Монголын цэрэг Самарканд хотод ойртож ирэх сургаар өөрийн бараа болгогч хэсэг цэргийн хамтаар тэндээс амиа бодон яаран зугтаажээ. Энэ мэдээг авмагц Чингис хаан уурсан Зэв, Сүбээтэй нарт хоёр түмэн шилдэг цэрэг өгч Мухамедыг амьдаар нь барьж авчрахаар хойноос нь нэхүүлжээ. Чингис хааны хувьд, Хорезмын эзэнт улсыг дайны хөлд гишгүүлсэн гол гэмтэн шах Мухамед, Отрар хотын захирагч нарыг амьдаар нь барьж тооцоо хийхийг хүсэж байв.

 

Тиймээс өөрийн итгэлт хоёр жанжинаа Мухамедын араас явуулсан нь тэр. Хорезмын нийслэл Ургенчийг Зүчи, Цагаадайн цэрэг бүтэн зургаан cap бүслээд эс авч чадав. Харин Чингис хаан Өгөөдэйгээр удирдуулсан их цэргийг нэмэн явуулжээ. Тэрээр Зүчи, Цагаадайг эвлэрүүлж найман хоног тулалдсаны эцэст хотыг эзэлжээ.

 

XIII зууны эхэн үед байсан Арабын түүхч Иби-ад-Асир монголчууд Ургенч хотыг эзлэхдээ голын далан боомтыг эвдэлж усаар авахуулж юу ч үгүй болтол сүйтгэсэн ба бас гар урчууд, үзэсгэлэнт охидоос бусад иргэдийг хядаж алсан гэжээ. 1221 оны хавар Монголын цэрэг Аму-дарьяа мөрний өмнө хөвөөн дээр байсан Балк хэмээх боомт хотыг байлдан эзэлжээ.

 

Чингисийн отгон хүү Тулуйн цэрэг Харасаны хилээр нэвтрэн орж 1221-1222 оны эхэн үе хүртэл дайтжээ. Эцгийн зарлиг ёсоор Харасанд амжилттай байлдаж байсан Тулуй Харсани Мерв, Нишапур, Рей зэрэг хотуудыг эзэлж улмаар Афганистанд нэвтрэн оржээ. Тулуйн цэрэг Мерв хотыг эзэлж авснаар Хорезмын нутагт Монголын цэргийн явуулсан дайн ялалтаар дуусчээ.



Гүржийн Лаша хааны 60.000 цэргийг бут цохив

Энэ завсар Зэв, Сүбээдэй нар 20.000 цэрэг авч Мухамедийн хойноос хөөж явахдаа олон хот боомтыг эзэлжээ. Мухамед Монголын цэрэгт хөөгдөн, хэд хэдэн удаа баригдахаа алдан амь тэмцэн зугтаж явсаар Каспийн тэнгисийн нэгэн зэлүүд арал дээр толгой хорогдож байгаад 1220 оны 12 дугаар сард нас баржээ. Зэв, Сүбээдэйн цэрэг 1220 оны 12 сард Азербайджаны нутгаар нэвтэрч Муганы талд өвлийг өнгөрүүлж, 1221 оны нэгдүгээр сард Гүржийн Лаша ханы 60.000 цэргийг бут цохижээ.

 

Тэд Кавказын нурууг давж, 1223 онд Хар тэнгист цутгах Калка хэмээх голын хөвөөнд Оросын вангуудын цэрэгтэй анх удаа тулалдсан байна. Тэр үед Киевт Өмнөд Оросын вангуудын хурал болж Киевийн их ван Метислав, Смолины ван Владимар тэргүүлэн Монгол цэрэгтэй байлдахаар шийджээ. Тулалдаан болохын өмнө Монголын цэрэгт бут цохигдсон команууд Оросын вангуудын цэрэгт хуч хавсрахаар очсон байна.



Оросууд Калка голын тулалдааныг ярих дургүй байдаг

Калка голын тулалдаан 1223 оны тавдугаар сарын 31-нд эхэлжээ. Энэ тулалдаанд Оросын вангуудын их цэрэг Монголын цэрэгт шившигтэйгээр ялагдсан юм. Түүх суддаачдын үзэж буйгаар Оросын вангуудын нэгдсэн цэрэг 400.000 хүнтэй байсан гэлцдэг. Гэтэл Чингисийн хоёр жанжин Зэв, Сүбээдэй нар 20.000 цэрэгтэй байжээ.

 

Нарийн тодруулбал, Каспийн тэнгис орчмын хот, тосгодыг эзлэх, Кавказын ууланд Гүржийн Лаша хааны 60.000 цэргийг бут цохих тулалдаанд хэдэн зуун хүнээ алдсан нь тодорхойгүй байна. Үүнийг тооцвол тэдний цэрэг хоёр түмэд хүрэхгүй болсон нь илэрхий. Өөрөөр хэлбэл Монголын цэрэг өөрсдөөсөө дор хаяж 20 дахин илүү хүнтэй Оросын цэргийн хүчтэй тулгарсан байна.

 

Энэ талаар Оросын Шинжлэх ухааны хүрээлэнгийн Түүхийн акидемийн зарим эрдэмтэд “Тэр үед Оросын вангуудын цэрэг 400.000 биш 250.000 байсан" хэмээн илтгэлдээ дурджээ. Гэхдээ энэ тоог хэн ч батлахгүй. Заяахав, 250.000 цэрэг байсан гэж бодоход Монголын цэрэг өөрсдөөсөө 12 дахин их цэрэгтэй тулалдсан байна. Үнэнийг хэлэхэд Оросын түүхчид Калка голын тулалдааныг дурсан ярих ч дургүй байдаг юм.

 

Энэ нь ч аргагүй биз. Оросын вангуудын тийм их цэрэг Чингис хааны цэргийн зүгээр нэг жигүүрт (Шах Мухамедийг хөөж явсан) хиартлаа цохигдсон хэмээн бичиж, ярихад хэцүү байсан биз ээ.



Зэв, Сүбээдэй нарын тактик

Түүх судлаачдын тэмдэглэснээр Монголын цэрэг Оросын цэрэгтэй тулалдахдаа их өвөрмөц тактик хэрэглэжээ. Зэв, Сүбээдэй наp эхлээд Оросын цэргийн гол хүчинд цохилт өгөөд дараа нь гурван мод хэртэй газар зугатсан байна. Гэтэл Оросын цэрэг Монголын цэрэг айгаад зугтлаа хэмээн омогшин араас нь хөөжээ. Ингэж хөөхдөө Оросын их цэрэг замаар нэг сунаж, хэсэг хэсгээрээ үлдэн хоцорч байжээ.

 

Оросын цэрэг ийнхүү нэг нэгнээсээ хол тасарч цувраа байдалтай болсон нь ялагдахын эхлэл болжээ. Энэ байдлыг хүлээж байсан Зэв, Сүбээдэй нарын цэрэг гэнэт эргэн довтолж хэсэг хэсгээр нь хиартал цохьсон байна. Тулалдаан эхлэх үеэр Чингис хааны элч довтолгон ирж хэл хүргүүлсэн нууц захидлыг Зэв, Сүбээдэйд өгчээ. Гэвч тэд элчийн захидлыг үл авч, "Хааны бичгийг маргааш үзье.

 

Өнөөдөр Монголын цэрэг тулалдаанд орно" гээд Оросын вангуудын цэрэгтэй тулалдсан байна. Тулалдааны дараа захидлыг задалж. үзэхэд "Зэв, Сүбээдэй та нар даруй буцаж ирэгтүн" Би Бурхан халдун зүглэхээр хүлээж сууна" гэсэн агуулгатай бичиг байжээ. Иймэрхүү хэл хүргэсэн зарлиг буйг Зэв, Сүбээтэй нар урьдчилан гадарлаж байсан тул тулалдаан болохын өмнө задалж үзээгүй байна.

 

Хэрэв задалж үзсэн бол хааны зарлигийг зөрчиж, Оросын вангийн цэргүүдтэй тулалдах боломжгүй болох байжээ. Оросын вангуудын ялагдлын талаар түүхч Б.Д.Греков, Ю.Якубовскмй нар "Золотая орда и ее падение" номонд өгүүлэхдээ, "Анхандаа Оросын вангуудын цэрэг амжилттай байлдаж байсан боловч Оросын цэрэг нэгдсэн командлалгүй байснаар үл барам, вангууд нь хамгийн шийдвэрлэх хүнд цагт ч завсар хоорондоо холбоогүй, хөндий тасархай, эв хүчээ нэгтгэж чадсангүй нь ялагдахын гол шалтгаан байжээ" хэмээсэн байна.

 

Калка голын тулалдааны дараа Зэв, Сүбээдэйн цэрэг Өмнөд Оросын нутгаар дамжин Ижил мөрний дунд хэсэг, Кам голын Болгарын вант улсад цөмрөн оржээ. Тэд хааны зарлигаар гэдрэг буцан 1224 оны зун Иргис мөрөнд хүрэлцэн ирж, Чингис хаантай нийлжээ.


Ш.Батцогт

Эх сурвалж: "Улаанбаатар таймс"