Батга үүсгэгч нян харанхуйд нүүрэн дээр ил гарч ирээд өндгөө шахдаг юм. Тэгэхээр батгатай хүний дэр ор хөнжилийг хэрэглэж болохгүй. Өндөг нь 6-10 хоног амьдрах чадвартай байдаг бөгөөд энэ хооронд өөрийн амьдрах орчноо хайж олно гэсэн үг. Ер нь батганы эсрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь батганы жинхэнэ эх үүсвэрийг устгаж чаддаггүй. Харин арьсны өнгөц хэсэг дээр л харагдахгүй болгох чадвартай байдаг.

 

Тиймээс гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэснээс батганы нян цаашаа нэвчин орж удаан хугацааны турш амьдрах таатай нөхцөл бүрддэг. Тиймээс батганы нянгийн эсрэг эмчилгээг зөв хийх хэрэгтэй. Эмчид очихоосоо өмнө 10-аас доошгүй хоног батганы эсрэг гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээгүй байх ёстой. Тэгэж чадвал тэр нянг ил гарч шинжилгээний хариу үнэн зөв гардаг. Хүний батга нэг төрлийн байдаггүй болохоор заавал шинжилгээг өгч өөртөө таарсан зөв эмчилгээг хийх хэрэгтэй.

 

Батгатай хүний нүүрэнд батганы хэдэн ч төрлийн нян байж болно. Шинжилгээ өгсний дараа та магадгүй нүүрний арьсны хэсэг тус бүр дээр өөр өөр эмчилгээ хийх шаардлага ч гарч магадгүй. Олон төрлийн нянг нэг л янзаар эмчлээд байж болохгүй биз дээ? Тийм болохоор өөрт тохирсон эмчилгээг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд хийлгэх шаардлагатай.

 

Манайд зарим гоо сайхны газрууд эрүүл ариун цэврийн талаар шаардлага хангахгүй тохиолдол байна. Ийм газраар үйлчлүүлээд хэрэггүй. Гаднаа сайхан гяланцаг харагдаж байгаа ч тэр алчуур, хэрэглэж байгаа багажууд нь нүдэнд харагдахгүй халдварладаг нянгууд ихтэй. Та батгаа цэвэрлүүлэх гээд гоо сайхны газар ороод хэд хоногийн дараа улам олон батгатай болж байсан уу? Тэгвэл та өөр хүний батганы нянг арьсандаа авсан гэсэн үг. Алчуур, багажуудаа ариутгахгүй зүгээр л угаагаад ахиж хэрэглэдэг юм шиг байна лээ.



Л.Мангалсүрэн

Эх сурвалж: “Алтан чагнуур”