sonin.mn

 

Манай улсын боловсролын тогтолцоо өнөөгийн ардчилсан нийгэмд тохирохгүй байгааг хэн хүнгүй шүүмжилдэг. Албаныхан хүртэл энэ талаар ярьдаг ч өнөөг хүртэл бодитой ажил хийгдээгүй байлаа. Гэвч сурагчид дунд сургуулиа дүүргэж мэргэжлээ сонгох тал дээрээ жинхэнэ ардчилсан маягаар хандаад байх шиг.
 
 
Тэд эцэг эх, багш нарынхаа зөвлөгөөг сонсохгүй зөвхөн найз нөхөдтэйгээ ярьж байгаад шийдээд байх шиг харагддаг. Хүүхдүүд бүхэл бүтэн амьдралдаа нэгэн том алхам хийх энэ хариуцлагатай үедээ хэт их сэтгэлийн хөөрлөөр хөнгөн ханддаг нь нууц биш.
 
 
Ингэж хариуцлагагүй сонгосон мэргэжил нь эргээд нийгэмд сөрөг үр дагавар авчирдаг. Сонгож буй мэргэжлээ зах зээл дээр хэр их эрэлт хэрэгцээтэй вэ гэдгийг судалж үзэлгүй сонгож, ажлын байрны хомсдолд орж байгаа юм. Тиймээс ч манай улсын ажилгүйдлийн түвшин жил ирэх тусам нэмэгддэг.
 
 
Их сургууль төгссөн 10 хүүхэд тутмын ердөө гурав нь төгсөөд шууд ажилд ордог бол бусад долоо нь ямар нэгэн байдлаар мэргэжлийн бус ажил хийдэг. Өнгөрсөн жил засгийн газраас эрэлттэй 20 мэргэжлийн жагсаалтыг гаргасан хэдий ч эдгээр мэргэжлээр сурч буй оюутнуудын тоо төдийлөн нэмэгдээгүй байна.
 
 
Үүнд Авто замын барилга, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш, Байгалийн ухааны багш, Геологи, Гидрогеологи, Гидромеханик инженер, усны нөөц экологи, Уул уурхайн ашиглалтын технологи, Уул уурхайн машин тоног төхөөрөмж, Малын эмч, Мэдээллийн систем, Газрын тосны хадгалалт тээвэрлэлт, Сантехник инженерийн байгууламж, Сэргээгдэх эрчим хүч, Нано инженерчлэл, Биотехнологи, Цөмийн эрчим хүч, Онолзүй, Эмнэлзүйн шинжлэх ухаан гэх мэт мэргэжлүүд байна.
 
 
Гэтэл өнөөх л эдийн засагч, хууль эрхзүйгээр сурсаар л... Зарим ТББ-аас гаргасан судалгаагаар ирэх 10 жилд эдийн засагч, хуульчаар боловсон хүчин бэлтгэхгүй байхад хүрэлцэх хэмжээний мэргэжилтэй байгааг хэлж байна.
 
 
Зарим нэг нь "төгсөөд ажилд орно гэж юу байхав хэдэн жил хүлээгээд мөнгө төгрөгийг нь төлөөд гайгүй ажилд орно" гэж байхад нөгөө хэсэг нь "Би зүгээр л дипломны төлөө сурч байна. Төгсөөд энэ мэргэжлээрээ ажиллахгүй" гэдэг. Иймэрхүү яриа өдөр бүр л оюутнуудын дунд өрнөдөг.
 
 
Энэ бол тэдний ирээдүйдээ итгэх итгэл алдарсны шинж юм. Улс орноо залж, жолоодох ёстой ирээдүйн сэхээтнүүд ингэж ярьж байхад улс Монголын минь ирээдүй яаж гэрэлтэх билээ.
 
 
Тиймээс хүүхдүүдийг арван нэгдүгээр ангид орохоор нь ирээдүйд сонгох мэргэжлийнх нь тухай ярьж эхлэх биш долоо, наймдугаар ангид байхаас эхлээд мэргэжлийн тухай ярьж ойлгуулж байх нь чухал юм. Манайхан юмыг хойш тавьдаг зангаасаа болоод тоолгүй явсаар нэг л мэдэхэд хүүхэд нь төгсөх болдог.
 
 
Хавар шалгалт дөхөнгүүт ямар, ямар хичээлээр өгөх вэ? Ямар мэрэгжилтэй болох вэ хэмээн сандарцгаадаг. Эцэг эхчүүд болон сурагчдын дундах бас нэг буруу ойлголт нь улсын томоохон их дээд сургуульд орвол ямар ч мэргэжил байх нь хамаагүй байдаг. Уг нь бол сонгож чадвал 7000 гаруй мэргэжил байдаг гэнэ.
 
 
Гэтэл хүүхдүүд ердөө 50 мэргэжил дотор эргэлдэж сонголтоо хийдэг байна. Үүнээс болж хүүхдүүд сонирхолгүй, дургүй мэргэжлээр сурах тохиолдол элбэг болжээ. Их дээд сургуулийн оюутнуудын дунд явуулсан судалгаагаар 37,7 хувь нь сонирхолоо дагаад орсон, 30 хувь нь суралцаж буй мэргэжилдээ хангалуун бус 11,8 хувь нь мэрэгжлээрээ ажиллахгүй, үлдсэн хувь нь мэдэхгүй гэсэн хариулт өгчээ.
 
 
Мөн дунд сургуулиа дүүргэж байгаа сурагчдын 90 хувь нь МУИС,ЭМШИУС, ШУТИС, ХУИС зэрэг улсын томоохон их сургуульд орох хүсэлтэй байдаг аж. Өнөөдрийн байдлаар 101 их дээд сургууль коллежид 170 гаруй мянган оюутнууд сурч байна.
 
 
Үүний 60 гаруй хувь нь буюу 104 гаруй мянган оюутнууд улсын их дээд сургуульд суралцаж байгаа судалгаа байна. Жил ирэх тусам их сургуульд элсэгчдийн тоо дунджаар 4000 орчмоор нэмэгдэж байгааг албаны эх сурвалжууд мэдэгдэж байна.
 
 
Тиймээс дунд сургуулиа дүүргэж байгаа сурагчиддаа цаг нь болохоор бус цагаасаа эрт судалгаа хийж ямар мэргэжил сонговол ирээдүйн амьдралаа баталгаатай болгох вэ гэдэг дээр хариуцлагатай сонголт хийх шаардлага байгааг мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.
 
 
Б. Сансар
 
Эх сурвалж: “Багш” сонин