Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нэгэн сонирхолтой үзэсгэлэн үүд хаалгаа нээлээ. Үзэсгэлэнгийн нэр нь "Балбын монголчуудтайгаа золгоё". Энэхүү нэрнээс узэсгэлэнгийн агуулгыг уншигч та гадарласан байх.
 
 
Гэрэл зургуудаас бүрдсэн энэхүү үзэсгэлэнгийн зургуудыг 1998-2002 онд Энэтхэг болон Балбын вант улсад элчин сайдаар ажиллаж байсан, Дэлхийн Монгол гарал үүсэлтэнгүүдийн төвийн тэргүүн О.Нямдаваа авчээ.
 
 
Тэрбээр Балбад амьдарч буй монголчуудын амьдрал ахуй хийгээд соёл иргэншлийг гэрэл зургийн хальснаа буулгасан байна билээ. Түүнчлэн Балбын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн зургаар үзэсгэлэнгээ чимсэн байсан.
 
 
Манай улсад "зочилсон" эдгээр Балбын үзэсгэлэнт бүсгүйчүүд миссийн тэмцээнд оролцож байсан гоо үзэсгэлэнт бүсгүйчүүд юм билээ. Ингээд энэхүү үзэсгэлэнгийн талаар О.Нямдаваатай ярилцлаа.
 
 
-Энэхүү үзэсгэлэнгийн онцлогийн талаар эхлээд ярилцах нь зүйтэй болов уу?
 
-Энэ үзэсгэлэн "Балбын монголчуудтайгаа золгоё" гэсэн нэртэй. Харин онцлогийн тухайд гэвэл бүгд гэрэл зураг бас Балбын монголчуудаа монголчууддаа танилцуулсанаараа онцлог. Балбад 10 сая орчим монголчууд байгаа.
 
 
Энэ үзэсгэлэнгээрээ би Балбад буй тэрхүү 10 сая монголчууд юу хийдэг, яаж амьдардаг хэдэн зуун жилийн турш ёс заншлаа хэрхэн яаж хадгалж ирсэн юм гэдгийг харуулахыг зорьсон. Нэг хэсэг Балбад бүх юм хориотой байсан учраас монголчуудын нэг хэсэг гэдгийгээ тодотгож гаргаж ирж чаддаггүй байсан.
 
 
Харин одоо олон намын систем бий болж ардчилал хөгжсөн учраас Балбын монголчууд өөрсдийгөө монгол гэж хэлэх зоригтой болсон. Өдгөө Балбад "Монголын дуу хоолой" гэдэг сэтгүүл гардаг болсныг үзэсгэлэн сонирхсон хүн харж болно.
 
 
Түүнчлэн "Монголын зүрх сэтгэл" гэдэг хөгжмийн хамтлагтай болсон. Бас "Балбын Монгол мисс" гэдэг тэмцээн зохион байгуулдаг болсон. Энэ бол 10 сая монголчууд Балбад байна гэдгийн илэрхийлэл.
 
 
Үзэсгэлэнгийн нэг хэсэгт Балбын монголчуудын хэрэглэж буй Монголынхтой ижил төстэй зүйлүүд нь байгаа бол нөгөө хэсэгт нь Балбад хэдэн омог ястан байдаг тэд ямар онцлог ялгаатай хувцсаар гоёдог байсныг харуулсан.
 
 
-Монголчууд Балбын монголчуудыг харахуй бүдүүлэг байдлаар төсөөлдөг. Үнэндээ ч телевиз радиогоор ядуу тарчиг хүмүүсийг харуулдаг. Гэтэл таны энэ үзэсгэлэнд Балбын монголчууд тэс өөрөөр харагдаж байна?
 
-Хүннү болон Чингисийн үед монголчууд дэлхийг донсолгож том том гүрнүүдийг эзэлж байсан тухай түүхэнд бичигдсэн байдаг. Энэ бүхэн дэлхийг тэр чигт айлгаж байж л дээ. Өөрөөр хэлбэл үүнээс үүдэж монголчуудыг үндсээр нь устгах хэрэгтэй юм байна гэсэн бодол дэлхийн томоохон гүрнүүдийн удирдлагуудад төрж.
 
 
Яг энэ үзлийнхээ дагуу Балбад суурьшсан монголчуудыг Балбын уулын аманд шахаж хашсан байгаа юм. Уулын аманд шахагдсан монголчууд үнэндээ хөгжиж чадаагүй. Үүнээсээ болоод бүдүүлэгдүү байсан. Гэхдээ он жилийн явцад Балбын монголчууд энэхүү харанхуй бүдүүлэг хавчигдмал байдлаасаа гарах гэж тэмүүлсэн.
 
 
Үүнийхээ хүчинд өнөөдөр Балбын монголчуудын амьдрал энэтхэг болон баабуудтай адилхан болж байгаа. Нэгэн үе үнэхээр хоцрогдмол байсан бол одоо хөгжиж эхэлж байна. Угаасаа миний үзэсгэлэнгээрээ үзүүлэх гэсэн гол санаа энэ.
 
 
Монголчуудын нэг хэсэг байсан энэ хүмүүс 3000 жилийн туршид ёс заншлаа хадгалж үлдэж чадсан гавьяатай улс. Гэхдээ туурга тусгаар Монгол улс гэдэг үүнээсээ манай Монголын Засгийн газар тэдэнд туслах ёстой гэж би хувьдаа боддог.
 
 
-Ёс заншлын хувьд чухам юу нь монголчуудтай илүү ойр төстэй байна вэ?
 
-Тэд их олон зүйлээ яг тэр чигээр нь авч үлдсэн байдаг юм. Жишээлбэл өнөө ч эрийн гурван наадмаа хийсээр байна, та бүхэн харж байгаа байх. Энд бөх барилдаж, морь уралдуулж байгаа зураг байна. /заав/
 
 
Бас уул усаа тахиж байгаа, бөөгийн шашны зан үйл, бяслаг шахаж байгаа ааруул хийж байгаа гээд л олон сонирхолтой зурагнууд байна л даа. Хамгийн гол нь энэ бүгд яг манайхтай адилхан.
 
 
-Монголын морин хууртай тун төстэй хөгжмийн зэмсэг барьсан хүнтэй хамт зогсож байгаа таны зураг их сонирхолтой санагдлаа. Балбын монголчуудын хөгжмийн зэмсгийн нэг нь энэ байх нь ээ дээ?
 
-Тийм ээ. Энэ бол манай монголчуудынхаар бол морин хуур. Гэхдээ луу толгойтой байгаа биз. Тэд лууг хятадуудаас гаралтай гэж ярьдаг, гэтэл тийм биш. Лyy бол монгол гаралтай, тэртээ Хүннүгийн үеэс монголчууд лууг шүтдэг байсан гэж ярьдаг. Тийм ч учраас өнөө хэр нь луу толгойтой хуураараа аялгуу эгшиг урладаг юм билээ.
 
 
-Ингэхэд та энэ гэрэл зургуудыг бүгдийг нь өөрөө авсан юм уу?
 
-Газар нутаг ёс заншлыг нь харуулсан ихэнх зургийг нь би авсан. Гэхдээ бас монголоос очсон мэргэжлийн гэрэл зурагчдын авсан зурагнууд ч бий. Харин миссүүдийн зургийг энэ тэмцээнийг зохион байгуулсан хүнээс нь авсан.
 
 
Түүнчлэн Балбад хичнээн үндэстэн байдаг тэр үндэстний тоо одоогоор хэд байгаа зэрэг мэдээлэл агуулсан зургуудыг албаны хүмүүсээс нь авсан. Ер нь их хүч хөдөлмөр зарцуулж байж энэ зурагнуудыг монголчуудынхаа хүртээл болгож байна даа.
 
 
-Балбын монголчууд царай зүсний хувьд монголчуудаас арай өөр юм аа?
 
-Энэ хүмүүс бол өвөрмонгол, Халимаг, буриадууд биш. Тэд одоогоос 3000 жилийн өмнө монголоос гарсан улс. Тэгэхээр нүүр царайны хувьд биднээс өөр байх нь аргагүй. Мэдээж энэ олон мянган жилийн туршид нутгийн хүмүүстэй холилдож таарна.
 
 
Гэхдээ "миний биеэр монгол цус гүйж байгаа, би бол хөх толботой төрдөг монгол хүн" гэж ярьдаг хүмүүс байхгүй юу. Түүхэнд 3000 жилийн өмнө Хэрэйдүүд Балбад очиж 500-аад жил энэ улсыг ноёрхсон гэдэг шүү дээ.
 
 
Юанийн эзэнт гүрэн мөхсөнөөр энэ хүмүүс монгол руугаа эргэж ирж чадалгүйгээр тэндээ суурьшсан. Энүүхэндээ гэхэд XIII зуунд очсон хүмүүс хамгийн сүүлд очсон улс гэсэн үг.
 
 
Тэгэхээр хожуу очсон улс нь одоогийн монголчуудтай төстэй бүр эрт очсон нь биднээс тэс өөр байгаа хэрэг. Жишээлбэл Балбын "Мисс Монголиа" гэсэн тэмцээнд түрүүлсэн таван охины хоёр нь монголчуудтай төстэй байхад гурав нь өөр байгааг та анзаарсан байх.
 
 
-Ингэхэд энэ үзэсгэлэнд нийт хэдэн зураг байгаа вэ?
 
-Нийт 108 гэрэл зураг багтсан. Энэ нь бас бэлгэдлийн чанартай юу.
 
 
Э.Анударь
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”