sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2026 оны нэгдүгээр сарын 14 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногт Швейцарын Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор төлөвлөж байгаа тухай Bloomberg агентлаг эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ. 


Энэхүү шийдвэр нь АНУ, Швейцарын хооронд худалдааны асуудлаар яриа хэлэлцээ хийж буй энэ үед хоёр улсын харилцаа сайжирч байгааг илтгэж байна. Америкийн удирдагч эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор томоохон бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн хамт хүрэлцэн ирэх төлөвтэй байна.



Трамп өнгөрсөн оны форумд цахимаар оролцож байсан юм. “Жил тутмын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад G20-ийн орнуудын төр, засгийн тэргүүн нарыг, тэдний дотор Ерөнхийлөгч Трампыг урьсан. Оролцогчдын эцсийн жагсаалтыг уулзалт эхлэхээс долоо хоногийн өмнө нийтэлнэ” гэж чуулга уулзалтын мэдэгдэлд дурдсан байна. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт бол Швейцарт төвтэй төрийн бус байгууллага бөгөөд жил бүр бизнес, улс төрийн манлайлагчид, салбар салбарын шинжээчдийг оролцуулсан уулзалтыг зохион байгуулдаг. Тус байгууллага нь дэлхийн мянга орчим томоохон компани, байгууллагыг эгнээндээ нэгтгэдэг. Энэ оны чуулга уулзалтыг нэгдүгээр сарын 19-23-ны хооронд “Яриа хэлэлцээний үзэл санаа” сэдвийн дор зохион байгуулна. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг