sonin.mn

Африкийн цомын тэмцээнийг зохион байгуулж буй Марокко улсын хөл бөмбөгийн шигшээ баг хагас шигшээ тоглолтод Нигерийн багийг цуврал торгуулийн цохилтоор хожсоноор финалд шалгарлаа. Мароккогийн нийслэл Рабат хотын Мулай Абдуллагийн нэрэмжит спорт цогцолборт болсон тоглолтын үндсэн 90 минут ба хоёр удаагийн нэмэлт 15 минутанд гоол ороогүй тул 11 м-ийн торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад талбайн эзэн мароккочууд 4:2 харьцаагаар өрсөлдөгчөө илүүрхсэн байна. Мароккогийн хаалгач Ясин Буну хоёр цохилтыг хааснаар багаа ялалтад хүргэлээ.


Ийнхүү Мароккогийн шигшээ баг 2004 оноос хойш анх удаагаа Африкийн цомын тэмцээний финалд шалгарч байна. Тухайн онд мароккочууд шийдвэрлэх тоглолтод Тунисын шигшээд 1:2 харьцаагаар хожигджээ. Харин 1976 онд Мароккогийн шигшээ баг тус тэмцээнд аваргалсан юм. Ирэх ням гарагт болох финалд Марокко, Сенегалын багууд Африкийн аваргын төлөө тоглох бол бямба гарагт Нигери, Египетийн багууд III байрын төлөө өрсөлдөнө.  




Б.Адъяахүү