sonin.mn

Ням гарагт эхлэх Австралийн Нээлттэй тэмцээний үндсэн тоглолтын өмнө болсон 1 Point Slam гэдэг нөхөрсөг шоу тэмцээнд теннисний спортын сонирхогч тамирчин, Австралийн иргэн Жордан Смит түрүүлж, 1 сая австрали долларын /660 мянган ам.доллар/ шагнал хүртжээ. Тус тэмцээнд мэргэжлийн ба мэргэжлийн бус теннисчид хамтдаа оролцсон байна.


Ж.Смит финалын тоглолтод эмэгтэйчүүдийн дэлхийн чансааны 117-д бичигдэж буй Тайванийн теннисчин Жоанна Гарландыг хожжээ.


Финалд шалгарахын тулд тэрбээр Пабло Каррено-Буста, Педро Мартинес, эрэгтэйчүүдийн дэлхийн чансааны #2 Италийн тамирчин Янник Синнер, эмэгтэйчүүдийн чансааны #4 болох АНУ-ын теннисчин Аманда Анисимова нарыг хожсон байна. Хөгжөөн дэмжигчид мөн Карлос Алькарас, Андрей Рублев, Александр Зверев, Александр Бублик, Кори Гауфф, Ига Швентек зэрэг оддын тоглолтыг үзжээ. Тэмцээний өмнө Ж.Смит ярихдаа, хэрвээ түрүүлбэл өөртөө байшин худалдаж авна гэж байв. Энэ удаагийн тэмцээнд Оросын #1 теннисчин Даниил Медведев, ганцаарчилсан төрөлд 15 удаа түрүүлж байсан 45 настай Марат Сафин нар оролцжээ. 




Б.Адъяахүү