Fransoise Barri-Sinoussi нь Францын вирусологич, Парисын Пастер Институтын Ретровирусийн халдвар хяналтын хэсгийн ахлагч юм. Тэр 1970 аад оны эхнээс тус Институтад ажиллаж эхэлсэн бөгөөд 1980 аад оны үеэр ДОХ-ыг үүсгэгч ХДХВ-ийг нээх ажилд ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд энэхүү ажлаараа өөрийн хамтрагч Luc Montagnier-ын хамт 2008 оны 10-р сард Нобелийн шагнал хүртсэн юм.
 
Түүний сүүлийн үеийн ажлууд Франц эрдэмтэд, эрүүл мэндийн ажилтнууд болон Африк, зүүн өмнөд Азийн бага орлоготой улс орнуудын ХДХВ/ДОХ-той хүмүүсийн хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэхэд чиглэгдэж байна. Ингээд түүний ХДХВ-ийн талаарх судалгаа болон ХДХВ/ДОХ-ын эмчилгээний ахицын талаар түүний найдаж яваа зүйлсийн талаар ДЭМБ-т өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
 
 
-1980 аад он руу эргэн харахад ХДХВ-ийн нээлтэнд хүргэсэн уг явдлууд юу байваа? Танай багийнхан шинэ вирусийг танилаа гэдгээ мэдээд хэрхэн хүлээн авсан бэ?
 
-Тэрхүү нээлт маань нь гэнэт болсон үйл явдал биш юм. Энэ бол мэргэжил нэгт нөхөдтэйгээ маш ойр хамтран ажилласаар гаргасан ахин дэвших процесс байсан. Өвчтний орноос ажлын ширээ эргээд өвчтний ор гэх мэт.
 
1981 оны 6 сараас Америкийн Лос Анжелес, Дараа нь өөр хотуудад эрүүл гэж тооцогдож байсан эрчүүдийн дунд пневмоцист хатгалгаа /энэ нь мөөгөнцрөөр үүсгэгддэг уушигны хатгалгааны нэг төрөл юм. Хэдийгээр энэхүү үүсгэгч нь эрүүл хүний уушгинаас олддог боловч дархлаа суларсан тохиолдолд өвчлөл үүсгэдэг байна/ тохиолдож буй талаар мэдээлж эхэлсэн байна.
 
1983 оны 1-р сард биднийг ретровирусийн чиглэлээр ажилладаг гэдгийг мэддэг байсан клиникийн эмч  Willy Rozenbaum дархлал хомсдлын шатандаа орсон бөгөөд тунгалгийн булчирхайнаасаа эдийн шинжилгээ өгөхийг зөвшөөрсөн нэгэн өвчтний хамт бидэнд хандсан юм.
 
Бид эхлээд энэ бол HTLV буюу 1977 онд анх танигдсан хүний анхны ретровирус буюу Т лимфотрофик вирусийн нэг төрөл байж болох юм гэж бодож байлаа. Ингээд бид вирусийг тэжээлт орчинд ургуулж HTLV-тэй ямар нэгэн харилцаа холбоотой эсэхийг харж байлаа.
 
Бид өсгөврөө 3-4 өдөр тутамд шалгаж донороос авсан лимфоцитыг нэмэх замаар вирусээр халдварлагдсан эдийг амьд байлгахад анхаарч байлаа. Энэ нь сайн арга болсон юм. Хэрэв бид өсгөврөө сараар орхисон бол бүх эсүүд маань үхэх байсан.1983 оны 5 сард бид ДОХ гэж нэрлэгдэх өвчнийг үүсгэгч шинэ төрлийн вирусийг нээснээ мэдээлэх боломжтой болсон юм.
 
Энэ нь хэдэн сарын дараа батлагдсан юм. Би Америк руу найзууд руугаа утасдаж бид шинэ нээлт хийчих шиг боллоо гэж хэлж байснаа санаж байна. Тэр тэгвэл одоо бүх зүйлийг хогийн сав руу хийх хэрэгтэй юм байна даа гэж хошигнон хэлж байсан.
 
 
-UNAIDS-ын мэдээгээр 2007 онд дэлхий дээр 33 сая хүн ХДХВ-тэй амьдарч 2,7 сая хүн жил бүр шинээр халдварлагдаж 2 сая хүн нас барж байна гэжээ. Та нарын нээлтээс хойш 25 жил онгорчээ. ХДХВ/ДОХ-той тэмцэхэд ямар ахиц дэвшил гарсан болоо?
 
-Эмчилгээний хувьд нилээд ахиц гарчээ. Гэхдээ бидэнд энэ салбарт хийх зүйл их байна. Өнөөдөр ретровирусын эсрэг эмчилгээ бага болон дундаж орлоготой орнуудын эмчилгээ шаардлагатай хүмүүсийн зөвхөн 30%д л хүрч чадаж байна.
 
Мэдээж НҮБ-ын хэрэгцээтэй бүх хүмүүсийг хамруулна гэсэн зорилгод хүрэх нь хэцүү боловч бид улс орны Засгийн Газруудыг уриалах, ухуулж ойлгуулах нь чухал юм. ХДХВ-тэй хүмүүсийг асрана гэдэг нь архаг хууч өвчин, эмийн дасалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх урт хугацааны амлалт юм.
 
Бид урьдчилан сэргийлэх ажлын зарим хэсэт нь буюу тухайлбал эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэхэд амжилт олоод байгаа боловч олон олон эмэггэйчүүд энэхүү хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байгаа юм. Энэхүү вирусийн эсрэг вакцин бүтээх ажил хийгдэж л байна. Мөрөөдөл маань ХДХВ-ийн халдварыг бүрэн эмчлэх арга олох.
 
 
-ХДХВ-ийи эсрэг вакцин гарган авах нь яагаад тийм хэцүү байна вэ?
 
-ХДХВ-ийн генийн хувьсах чанар нь бэрхшээл. Түүнээс гадна вирус өөрийгөө нөөц газруудад тухайлбал гэдэсний тунгалгийн зангилаануудад нөөцөлж байдаг. Иймээс вирусийг устгах нь тийм ч амар биш юм.
 
Учир нь энэхүү нөөцөнд байгаа вирус ретровирусын эсрэг эмчилгээ хийгдсэнээс хойш 10 жилийн дараа ч дархлалын ямар нэгэн хариу урвалд өртөлгүй байсаар байдаг. Эмчилгээ тасрахад вирус дахин идэвхижиж өвчин дахидаг.
 
ХДХВ-ийн эсрэг дархлалын хариу урвал өмнө нь бидний бодож байснаас эрт явагддаг нь батлагдсан. Халдвараас хэдэн цагийн дараа гэхэд бүх юм тодорхойлогдох боломжтой юм. Эрт оношлогоо, эмчилгээ маш чухал. Магадгүй бид хүмүүсийг оройтсон хойно нь эмчилж байж ч болох юм.
 
Вирус халдвар авсан хүний биед хэрхэн өсч үржиж байгаа талаар илүү тодорхой мэдсэнээр бид урьдчилан сэргийлэх тарилга бүтээж чадна. Вакцин халдвар эсээс эсэд дамжихийг саатуулах ёстой.
 
Гэвч бид одоогоор үүнийг яаж хийхийг мэдэхгүй байна. Хэрэв бид ХДХВ-ийн вакцин бүтээхэд амжилт гаргаж чадах юм бол бусад өвчний эсрэг вакцин зохион бүтээхэд ч мөн ахин гаргах юм.
 
 
-Эрүүл мэндийн бусад асуудлаар ажиллаж байгаа хүмүүст заримдаа ХДХВ/ДОХ-ын асуудалд зарцуулж буй төсөв бусадтай харьцуулахад тэгш бус юм шиг санагддаг.
 
-Өөр өөр салбарт ажиллаж буй хүмүүсийн хоорондох зөрчлийг, тухайлбал томуу, хумхааны талаар судалж буй хүмүүс ХДХВ-д хэтэрхий их мөнгө зарцуулж байна, бусад өвчний эсрэг зарцуулж буй нь хангалттай биш байна гэж хэлэхэд маш их гайхдаг.
 
Энэ бол бусад өвчний болон ХДХВ-ийн эсрэг тэмцэхэд гарч буй алдаа, буруу ташаа ойлголт юм. Хамтран ажиллах нь дэлхий нийтийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх хамгийн чухал арга зам юм. ДОХ-ын тусламж үйлчилгээний үр дүн нь эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд нөлөөлнө гэж би ойлгодог.
 
Би ДОХ, сүрьеэгийн чиглэлээр ажиллаж буй хүмүүс эхнээсээ ойр хамтран ажиллавал сүрьеэтэй өвчтнүүдэд эмийн дасал үүсхээс сэргийлж чадахгүй юм болов уу гэж боддог юм. Бэлгэвч хэрэглэснээрээ бид энэхүү вирус халдварлахаас амархан сэргийлж чадах билээ. Эрт илрүүлэлт эрт эмчилгээ мөн хамгийн чухал юм.
 
 
-Үүнийг хийж чадсан жишээ дурьдвал
 
-Камбожийн жишээ гэхэд ДОХ-д чиглэсэн үйл ажиллагаа нь эрүүл мэндийн тогтолцоонд ахиц гаргасан. 1995 оны байдлаар Камбожийн эрүүл мэндийн тогтолцоо тийм ч сайн байсангүй. Гэтэл 2008 оны байдлаар дагалдах халдвар, ретровирусын эсрэг эмчилгээний 50 цэг, хүүхдийн ХДХВ-ийн тусламж үйлчилгээний 26 цэг, CD4 эсийг тоолох хяналтын 4 цэгтэй болжээ.
 
30000 өвчтөн ДОХ/Сүрьеэ/ Хумхаа өвчинтэй тэмцэх Дэлхийн Сангийн төслөөр ретровирусын эсрэг эмчилгээнд хамрагдсан байна. Үр дүнд нь зөвхөн ХДХВ/ДОХ-той хүмүүсийн эрүүл мэндийн байдал сайжраад зогсоогүй бусад өвчин эмгэг тухайлбал сүрьеэгийн өвчлөлийн байдалд эерэг өөрчлөлт гарсан байна.
 
 
- ХДХВ-ийн халдвартай төрсөн хүүхдийн тавилангийн талаар
 
- Судлаач хүн учраас 100 хувь өөдрөг үзэлтэн байж чаддаггүй. Гэхдээ бид хүмүүсийг эрт эмчилж чадах юм бол тэдэнд итгэл найдвар авчирч чадах юм. Амьдралыг уртасгах нь шинэ арга олох цаг гаргахад тусална. Бид энэ өвчнийг бүрэн устгаж чадна гэж хэлж чадахгүй ч ХДХВ-ийн халдвар тээгч бүх хүнийг эмчилж чадна гэдэгт итгэлтэй байна.
 
 
- Нобелийи шагнал хүртсэн нь танд хэрхэн нөлөөлсөн бэ?
 
- Би маш том хариуцлагыг мэдэрсэн. Эрх баригчид, улс төрийн байгууллагынхан, залуучуудад залуу судлаачдад ХДХВ-ийн судалгаанд нь дэмжлэг үзүүлээч гэдэг илгээмжийг хүргэж чадна гэж найдаж байна. Вакцин гаргах бүтээлч, шинэ арга зам олоход бидэнд шинэ эрч хүч хэрэгтэй байна.
 
Дархлаа судлал, нанотехнологи гэх мэт өөр салбаруудын эрдэмтэн судлаачдыг урамшуулан дэмжих шаардлагатай байна. Миний хувьд лабораторидоо эргэн очихийг хүсч байна.
 
Гэхдээ ганцхан энэ вирус дээр төвлөрөх нь миний сонголт мөн үү гэдэгт эргэлзэж байсан цаг үе бий. Өвчинд нэрвэгдсэн хүмүүст би үнэхээр тусалж чадна гэдгээ мэдэрсэн цагт л урам зориг ирдэг юм.
 
Эх сурвалж: “Эрчүүд ба Эрүүл мэнд” сонин