sonin.mn

"Монголын эрчим хүч 2012" чуулга уулзалт энэ сарын 15, 16-ны өдөр боллоо.

Чуулга уулзалтад Засгийн газрын яамдууд, эрчим хүчний гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компаниуд, мэргэжлийн холбоод судлаачид, олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Төлөөлөгчид эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цаашдын хөрөнгө оруулалтын болон эрх зүйн орчны талаар нээлттэй хэлэлцэж, хууль эрх зүй, тогтвортой эрчим хүч-ногоон эдийн засаг, эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцооны асуудлаар ярилцлаа.

Манай улсын хувьд уул уурхай дагасан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэнэ. Тиймээс шинээр цахилгаан станцууд барих, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих чухал байгааг энэ үеэр салбарынхан хэлж байсан юм.

Тухайлбал, Улаанбаатар хотод 450 мвт-ын хүчин чадалтай шинэ эх үүсвэрийг барих Засгийн газрын шийдвэр гарсан. Мөн төвийн бүсэд тус бүр 600 мвт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүт, Цайдам нуур, Чандгана талын ДЦС-уудын тусгай зөвшөөрөл олгогдож, хувийн хэвшил гадаадын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр барих тухай асуудлыг энэ үеэр дуулгасан.

Мөн баруун бүсэд Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэсэн 12 мвт-ын хүчин чадалтай ДЦС барих зөвшөөрлийг олгоод байгаа бол Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн барих Тэлмэний 60 мвт-ын ДЦС-ын төслийг хэрэгжүүлэх тендерийг шалгаруулж, ирэх жил ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Зүүн бүсийн хувьд Чойбалсангийн ДЦС-ыг 100 мвт-аар өргөтгөхөөр болж, тендер зарлажээ. Энэ үеэр НҮБХХ-ийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу манай улсын эрчим хүчний хэрэглээний асуудлаар НҮБ-аас нэн сонирхолтой судалгаа хийснээ танилцууллаа.

Судалгаагаар, манай улсын нийслэлийн иргэдийн 90, хөдөөний иргэдийн 46, нийт хүн амынх нь 67 хувь нь эрчим хүч хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ. Манай улс хүн амынхаа эрчим хүчний хэрэглээгээр бусад улс орнуудтай харьцуулахад нэлээд хойгуур жагсдаг байна.

Тухайлбал, хятад улсад гэхэд хотын хүн ам нь 100 хувь, хөдөөний иргэдийн 99 хувь нь эрчим хүч хэрэглэдэг аж. Манай улсын эрчим хүчний хэрэглээ болон цаашдын хандлагын талаар салбарынхнаас цөөн асуултад хариулт авлаа.

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" КОМПАНИ ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ЭРЧИМ ХҮЧЭЭ ХАНГАХААР БОЛСОН

Ц.Баярбаатар (Эрчим хүчний удирдах газрын дарга)

-Тавдугаар цахилгаан станц барих ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Олон улсын нээлттэй тендер зарлаж, дэлхийн нэр хүнд бүхий хоёр компани эцсийн шалгаруулалтад үлдээд байгаа. Одоогоор тендерийн үнэлгээ хийгдэж байна. Хоёр компани саналаа ирүүлсэн байгаа. Ерөнхийдөө техникийн үнэлгээгээ босгоод авчихсан. Одоо санхүүгийн үнэлгээ хийх ажил яригдаж байна. Энэ ажил маргаашнаас (өнөөдрөөс) эхэлнэ.

-Баригдаад эхэлчихвэл хэзээ ашиглалтад орох вэ?
-Энэ цахилгаан станц 2015 онд ашиглалтад орох юм.

-Уул уурхай дагасан эрчим хүчний хэрэглээ улам бүр өсөх тухай салбарынхан хэлдэг. Тухайлбал, Тавантолгойн эрчим хүчний ажлыг хэрхэн шийдэх гэж байна вэ?
-"Эрдэнэс Тавантолгой" компани өөрийн хөрөнгө хүчээрээ эх үүсвэрээ хангахаар болсон. 300 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц барина гээд герман болон Европын орнуудаар явж байна. Тэдний хувьд ТЭЗҮ-гээ боловсруулсан. Одоо зурагаа гаргах шатандаа явж байна. Тийм учраас Эрчим хүчний газраас тэдний ажилд шууд оролцохгүй. Компанийн өөрийнх нь болон хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн мэдлийн асуудал болж байгаа юм. Тэдний зүгээс өөрсдийн дотоод хэрэгцээг хангахуйц цахилгаан станц барина гэж байгаа юм. Тэр болтол хятадаас цахилгаан эрчим хүч импортлож авна.

-Манай улс хэдий болтол гаднаас тэр дундаа хойд хөршөөсөө эрчим хүч импортлох вэ?
-Оросоос цахилгаан эрчим хүчээ импортлоно. Яагаад гэвэл оросгүйгээр манай систем ажиллах боломжгүй. Тиймээс цаашдаа ч импортлосоор байх болно.

-Бидэнд гадны зах зээлийн хараат байдлаас гарах боломж байна уу. Ядаж хэзээнээс багасах бол?
-Шинэ эх үүсвэр баригдсаны дараа. Өөрөөр хэлбэл, 300 мвт-ын усан цахилгаан станц баригдсаны дараа импортын цахилгаан эрчим хүч жаахан буурах болов уу гэж бодож байна. Манай улсын баруун талд 5600-6300-аад идэвхтэй бүс байдаг. ОХУ-ын хараат байдлаас болж үргэлж үнэ өсгөдөг. Энд 60-100 мвт хүчин чадалтай станц барих юм бол энэ байгаа станцтайгаа хамтраад импортын хараат байдлаас гарчих юм. Хэрэв цахилгаан станц барьчихвал энд сүлжээ үүсгээд баруун бүсээ тогтвортой хангах боломжтой болно. Үүн дээр хамтарч ажиллах хөрөнгө оруулагчаа хайж байна.

-Нүүрснээс эрчим хүч гаргах тухай яригдаж байгаа. Энэ ажил юу болж байгаа вэ?
-Нүүрснээс цахилгаан гаргах систем нь юуны өмнө нүүрсийг хийжүүлж, дэгдэмхий бодисоос нь хүхэр, фосфор, азотын исэл зэрэг хорт нэгдлийг шүүж, гарган авсан хийгээ хийн генераторт түлснээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг төхөөрөмж юм. Манайх нүүрсээр том станцуудаа хангана. Нүүрснээс эрчим хүч гаргах ажил нь Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах асуудалтай холбоотойгоор яригдаж байна. Үүн дээр нүүрс шаталтыг багасгая гэж яриад байгаа. Хот зүүнээсээ баруун тийш 20-иод километр сунаж тэлсэн. Тиймээс цахилгаан, дулааныг тийшээ хүргэхэд техникийн өндөр шаардлагатай, нөр их зардал гарна гэсэн үг.

Цаашид хот хоёр тийшээ тэлэх болохоор дүүргээ дагасан дулааны эх үүсвэрийг улирлын чанартайгаар барьж байгуулах нь зүйтэй юм гэсэн төлөвлөгөө байгаа. Тиймээс энэхүү дулааны эх үүсвэрүүд нь утаа гаргахгүй байх ёстой. Ингэхийн тулд бид нэгдүгээрт нүүрсээ гүн боловсруулаад хий болгох, хийгээ шатаах юм. Энэ бол их төвөгтэй ажил. Хоёр, гурван жил яригдаж байна. Эцсийн шийдэлд хүрээгүй байна. Нөгөө талаас нүүрс усны холимгоор ажиллуулдаг эх үүсвэртэй болох нь чухал. Усанд байгаа устөрөгчийг нүүрс устай хольж шатаадаг. Ингэж чадвал ямарч утаа гарахгүй. Энэ технологийг нэвтрүүлбэл улирлын чанартай дүүрэг тус бүрт нь бариад өгчихвөл эрчим хүчний асуудлыг шийдэх бүрэн боломжтой.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ӨР ТАВАН ТЭРБУМААР БУУРСАН

Д.Пүрэвбаяр (ЭБЭХЯ-ны Эрчим хүчний бодлогын газрын орлогч дарга)

-Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо хэр байна вэ?
-Ер нь цахилгаан станцууд дан улсын хөрөнгөөр байгуулагдсан байдаг. Үндсэндээ төрийн станцууд гэсэн үг. Харин хамгийн сүүлд Төв аймгийн Салхитын 50мвт цахилгаан эрчим хүчний худалдах, худалдан авах гэрээ баталгаажлаа. Ингэснээр удалгүй барилга угсралтын ажилдаа орох болж байна. Энэ нь анхны хувийн хэвшлийн станц болж байгаа юм.

-Хүн ам төвлөрөхийн хэрээр нийслэлд эрчим хүчний эх үүсвэрийн хэрэгцээ нэмэгдэж байна. Энэ төрлийн ажил ямар шатанд байна вэ?
-450 мвт-ын хүчин чадалтай, нийслэлийн шинэ эх үүсвэрийг гуравдугаар цахилгаан станцын байранд барихаар төлөвлөж байгаа. Одоогоор Төрийн өмчийн хороонд станц байгуулах асуудал шалгаруулалтын шатанд явж байна. 2016 он гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөө бий.

-Энэ салбар дахь хөрөнгө оруулалтын тухайд?
-Тухайлбал эрчим хүчний тав дахь эх үүсвэр, Ногоон голын цахилгаан станцын асуудал, Оюутолгой, Тавантолгой, Чойбалсангийн дулааны цахилгаан станц, гадаадын хамтарсан Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хангалттай хөрөнгө оруулалт орж ирж байна. Одоогоор зөвхөн төслийн хүрээнд байгаа боловч ойрын үед тодорхой хугацаанд хэрэгжих бүрэн боломжтой.

-Эрчим хүчний салбарын өрийн асуудал их анхаарал татдаг. Энэ тухайд?
-Дулааны цахилгаан станцууд, нүүрсний уурхайнууд 2000 он гэхэд 25 тэрбум орчмын өртэй байсан бол өдгөө таван тэрбум төгрөгөөр буурсан дүн бий.

МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХУВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХ САЙН ХАНДЛАГА ХАРАГДАЖ БАЙНА

Жон Ли ("Prophecy coal" корпорацийн Ерөнхийлөгч)

-Манай улсын эрчим хүчний салбарын өнөөгийн хөгжлийг та хэрхэн харж байна вэ?
-Монголын Засгийн газрын хувьд эрчим хүчний салбарт хувийн хөрөнгө оруулалтыг татах сайн хандлага харагдаж байна. Мөн сүүлийн үед хуулийн нөхцөл уян хатан болох тал ч ажиглагдаж байна. Ер нь аливаа улс эрчим хүчний станцуудаа хувийн хэвшлийн мэдэлд бус төрийн мэдэлдээ байлгахыг эрмэлздэг. Харин Монголд энэ хандлага өөрчлөгдөх тал харагдаж байгаа нь сайшаалтай.

-Гадны орнуудад эрчим хүчний станц нь ямар статустай байдаг вэ?
-Канадад гэхэд хувийн эрчим хүчний станцууд байдаг. Тэд нь эрчим хүчний борлуулагч компаниудтай хамтран ажилласнаар хувийн хэвшил төрийн үйл хэрэгт тэгшээр оролцох гарц нь болж өгдөг юм. Хувийн станцуудыг барьсан туршлагатай орнууд гэвэл Сингапур, Малайз, Индонез зэргийг нэрлэж болно.

Эх сурвалж: "Нийгмийн толь"


М.Мөнхтунгалаг