sonin.mn

 6-р сарын 9-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нар Пёньян хотын Жиньшюүшань зочид буудалд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун болон түүний гэргий Ли Соль Жу нарын зохион байгуулсан үдийн зоогт оролцов.


Ши Жиньпин энэхүү айлчлалын үеэр нарийн нягт, халамжтай зохион байгуулалт хийсэнд Ким Жон Унд талархал илэрхийлээд, энэ удаагийн айлчлалаар дамжуулан БНАСАУ-ын нам, засгийн газар, ард түмний Хятадын нам, засгийн газар, ард түмэнд хандаж буй халуун дотно нөхөрлөл, найрсаг сэтгэлийг улам гүн мэдэрлээ гэжээ.


Тэрээр хэлэхдээ, миний бие Ким Жон Ун даргатай шинэ эрин үеийн БНХАУ, БНАСАУ-ын харилцааг хөгжүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрч, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах асуудлаар гүнзгий санал солилцлоо. Мөн хоёр талын харилцан ойлголцол илүү гүнзгий, илүү өргөн хүрээтэй болж, цаашдын хөгжлийн чиглэл улам тодорхой болсон гэсэн байна.


Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, нөхөр Ким Жон Унтай хамтран БНХАУ, БНАСАУ-ын харилцааг шинэ шатанд гаргаж, хоёр орны социалист бүтээн байгуулалтын үйл хэрэгт шинэ хүчтэй эрч хүч нэмэхэд бэлэн байна гэв.


Ким Жон Ун хэлэхдээ, Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал бүрэн амжилттай болж, БНАСАУ, БНХАУ-ын найрсаг хамтын ажиллагааг улам бэхжүүлж буй эерэг дохиог дэлхий нийтэд дамжуулсан бөгөөд олон улсын анхаарлыг ихээхэн татсан гэжээ.


Тэрээр мөн энэхүү айлчлал нь хоёр орны харилцаа болон бүс нутгийн ирээдүйн хөгжилд онцгой чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд, БНАСАУ-ын тал айлчлалын үеэр хүрсэн чухал нийтлэг ойлголтыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг шинэ үр дүнд хүргэн, БНАСАУ-БНХАУ-ын харилцааг улам өндөр түвшинд хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.


Г.Бямба